Жүдогийн ДАШТ-2019: Манай жүдочид шилдэг наймд шалгарлаа

Токио-2019 жүдо бөхийн багийн ДАШТ-ий эхний тойрогт Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багийг буулгаж авснаар шилдэг наймд шалгарлаа.

Манай багаас эхлээд -70 кгд ОУХМ Болдын Ганхайч хүч үзэж ялагдсан бол дараа нь -90 кгд ОУХМ Гантулгын Алтанбагана Өвөрмонголын жүдоч Бөхбилэгийг, +78 Отгоны Мөнхцэцэг хятадын үлэмж биет жүдочыг цэвэр ялсан. Гэвч ДАШТий хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр +100 кгд Юан Шаотонгд, ДАШТ-ий иж бүрэн медальтай гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жин өгсөж -57 кгд барилдан Лу Тонгюанд ялагдсан. Улмаар сүүлийн барилдааныг -73 кгд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хийж өвөрмонголын Чандагыг ялснаар тооны харьцааг 3:3 болгож тэнцүүлсэн. Улмаар дүрмийн дагуу нэмэлт барилдааныг суглааны журмаар сонгоход -70 кгд жин өгсөж барилдсан ОУХМ Б.Ганхайч өрсөлдөгчөө ялснаар манай баг хэсгийн аваргын төлөө ОХУын эсрэг өрсөлдөхөөр боллоо. Хэрвээ ялбал хагас шигшээд Франц, Кубын ялсантай барилдана.