Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох саналыг гаргана

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны хуралдаан болж, сэргээш хэрэглэсэн бөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн мэдээлэл өгсөн.

Тэрбээр, “Үндэсний бөхийн салбар хороо хуралдсан. Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Хоёр бөхөөс допинг илэрсэн. Тэд ажлын 10 хоногт багтаан В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Гэтэл Э.Оюунболд хүсэлт гаргаагүй. Тиймээс нэрийг нь зарлах боломж бүрдсэн. Харин нөгөө бөх нь Б сорьцын шинжилгээ өгсөн. Хариу нь ирмэгц бөхийн салбар хороо дахин хуралдана.

Улмаар Э.Оюунболдын асуудлаар дараагийн шатанд салбар хороо өөрийнхөө төвшинд шийдвэр гаргаад Төв хороондоо уламжилна. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох,  сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай.  Энэ саналаа ирэх долоо хоногийн даваа гарагт хүргүүлнэ" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр цол олгох,  хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ гээд улсын гарьд Ш.Жаргалсайхантай холбоотой мэдээллийг өгсөн. Тодруулбал, гарвьд дөрвийн даваанд учраа бөхдөө өвдөг шороодон элэг бүсээ өгөхдөө зүй бус авир гаргасан юм. Тэгвэл тэрбээр салбар хорооны хуралдаанд ирж, тайлбар өгчээ. Ингэхдээ өөрийгөө буруу үйлдэл гаргасан гээд наадамчин олноосоо уучлал гуйна гэж амлаад гарсан аж. Хэдий тэрбээр уучлалт гуйсан ч тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасна.