Жүдогийн ДАШТ-2019: Ё.Басхүү торгуулийн тойрогт өрсөлдөнө

Японы нийслэл Токио хотын Бүдокан ордонд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат ОУХМ Ёндонпэрэнлэйгийн Басхүү монголчуудыг баярлуулсан олон барилдааныг хийж байна.  

Тэрбээр -66 кг-ын жинд байж болох хамгийн хүнд сугалааг сугалж, эхний тойрогтоо “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн наадмын аварга БНСУ-ын Ан Баулыг бяр хүчээр илүүрхэж, торгуулиар яллаа. Улмаар хоёрдугаар тойрогтоо Гүржийн залуу од Багтари Ниниашвилиг торгуулиар ялсан. Манай бөх хэдийгээр хоёр торгуулиар ялагдаж явсан ч өрсөлдөгчөө илт илүүрхснээр торгуулиар ялж, 1/8 шигшээ шатанд шалгарсан. Мөн шилдэг наймд үлдэхийн төлөө цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан ДАШТ-ий хүрэл медальт Таль Фликерийг цэвэр савсан билээ. Гэвч ¼ шигшээ шатанд дэлхийн хошой аварга Хэфүми Абед цаг дуусахаас хэдхэн хоромын өмнө алдаа гаргаж ялагдал хүлээлээ.

Түүний энэ өдрийн барилдаануудад Бүдокан ордонд цугласан үзэгчид халуун дотноор талархал илэрхийлж байна. Мөн түүний Хэфүми Абетэй хийсэн эн тэнцүүхэн барилдааныг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Одоо манай жүдоч Ё.Басхүү торгуулийн тойрогт Египтийн Мохамед Абделмавгудтай барилдана. Хэрвээ манай бөх ялвал БНСУ-ын Ким Лим-Хван, Молдавын Денис Вьеру нарын ялагдсантай хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Ким Лим-Хван энэ өдөр дэлхийн чансааг тэргүүлэгч Гүржийн Важа Маргвелашвилиг өрсөлдөөнөөс хассан бол Денис Вьеру Италийн Мануэла Ломбардог ялж их шөвөгт шалгараад байгаа юм.