САЙН МЭДЭЭ: МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОЙ ТОГТООЛТЫН ТЭМЦЭЭНД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао-д зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 8-р сарын 23-25 хооронд 6 орны 90 гаруй тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) аварга боллоо.

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун Ухааны Академи, Denk Pharma Mongolia компанийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их Мастер Б.Лхагвадорж шалгарлаа. Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарлаа. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаярням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртлээ.

Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжавын зардлыг ивээн тэтгэсэн Denk Pharma Mongolia ХХК-ийн хамт олонд, тэмцээний дараа тамирчдыг маань амттай хоолоор дайлсан Н.Отгонбаяр ах, Макао-д байх хугацаанд дэмжиж тусалсан бүх элэг нэгтнүүддээ мөн биднийг үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд, Монголчууддаа баярласан талархсанаа илэрхийлье!

Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар