М.Уранцэцэг: Хагас шигшээд Дарияд ялагдсан ялагдал их том сургамж боллоо

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртэж баг, тамирчдынхаа медалийн салхийг хагаллаа. Тэрбээр хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украйны Дария Белодидтой хүч үзэж, даралтаар цэвэр ялагдсан.

Гэхдээ хүрэл медалийн төлөө Францын Мелани Келементтэй учраа таарч өчих мэхээр цэвэр ялснаар ДАШТ-ий алт, мөнгөн медалийн цуглуулгаа хүрэлээр арвижуулж, иж бүрэн болголоо. Тэрбээр 2013 оны наймдугаар сарын 26-нд дэлхийн аварга болж байсан бол 2017 оны наймдугаар сарын 28-нд Унгарын Будапештээс мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ жил хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай бөх гэдгээ батлан харууллаа.

Гавьяаттай шагнал гардуулах ёслолын өмнө уулзаж ярилцахад "Гурван сар өвдөгний гэмтэлтэй байсан. Бэртлээ мэс заслын аргаар биш өөрөөр нь эдгээж чадсан. Гэвч тэмцээнд оролцоогүй байсан болохоор жин нэмээд хэцүү байсан. Жингээ хасах үнэхээр хүнд байсан ч жиндээ орж чадсан. Тэгээд хүрэл медаль хүртлээ. Баяртай байна. Гэхдээ түрүүлэх зорилготой байснаа нуугаад яах вэ. Хагас шигшээд Дарияд ялагдсан ялагдал их том сургамж боллоо" гэв. 

сэтгүүлч А.Түмэнбаяр