Жүдогийн ДАШТ-2019: Манай улсаас өнөөдөр Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар барилдана

Японы Токио хотын Будокан ордонд эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 151 улсын эрэгтэй 537, эмэгтэй 352 нийт 889 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд дэлхийд жүдо бөхийн хөгжлөөрөө тэргүүлэгч МОНГОЛ УЛС бүтэн багаа илгээгээд байгаа юм.

Тэгвэл тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин гэгддэг -60 кг-д 62 орны 78 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас 2013 оны Рио де Жанейрогийн ДАШТ-ий мөнгөн медальт, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин барилдана. Манай тамирчин “D” хэсэгт багтсан. 

Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд манай улсаас ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “G-Mobile” компанийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг нар өрсөлдөх юм. 

Сонирхуулахад, манай гавьяат тамирчин М.Уранцэцэг “D” хэсэгт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгтэй бичигдсэн. Тэд өмнөх даваануудаа амжилттай давбал ¼ шигшээд хоорондоо мөн л өрсөлдөх юм.