19 АЖ АХУЙ НЭГЖИЙН 23 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСНЫ 13 НЬ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх талаар дэд бүтэц, ус, хөрс, орчны бохирдлоос хамгаалах мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай гээд нийт 20 гаруй  асуудлыг хэлэлцэж байгаа.

Мөн тус хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн компаниудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ. БОАЖ-ын сайдын мэдэээлснээр 2018 оны хоёрдугаар сарын 2-ны тушаалаар 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжид уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах санал хүргүүлжээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах саналыг 202 аж ахуй нэгжид хүргүүлсэн байна. Ингэхдээ хуулиа биелүүлэхгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байжээ. Иймээс хамтран ажиллах, шалгалтын хүрээнд үүргээ биелүүлээгүй  19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Тэдгээр дотор байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдгийг албаныхан хэлж байна. 

“Монгол газар” ХХК-ийн Архангай аймагт эзэмшиж байгаад цуцласан 13 тусгай зөвшөөрөл:

  • “Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
  • “Өлийн гол” гэх газрын – 373 га
  • Шийртийн салаа” гэх газрын – 173 га
  • “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га
  • “Ястын гол” гэх газрын – 366 га
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.