“Токио-2019” жүдогийн ДАШТ:-81, -63 кг-ын жингийн оноолт

“Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр уламжлал ёсоор -81, -63 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын содон, сонирхолтой барилдаануудаар үргэлжилнэ.

Учир нь  эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд 2010-2011 онд БНСУ-ын Ким Жэ-Бум дараалан түрүүлж байсан. Гэвч 2012 оноос хойш энэ жингийн тамирчдын дунд гал ассан барилдаанууд болж улмаар жил бүр шинэ аварга мэндэлж байгаа. Иймээс ч энэ удаагийн дэлхийн аваргаар, -81 кг-ын жинд хаанахын ямар бөх түрүүлэх вэ гэдэг нь яах аргагүй жүдо сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Түүнчлэн энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн сонирхолтой барилдаанууд болно. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход олимп, дэлхийн аварга Словений Тина Трестеняк, дэлхийн гурван удаагийн аварга Францын Кларенс Агбегнэнү нар олимп болон дэлхийн аваргын сүүлийн дөрвөн жилийн түрүүг ээлжлэн хүртээд байгаа. Тиймээс энэ жилийн дэлхийн аваргаар -63 кг-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох дээрх хоёр тамирчны нэг нь дэлхийн дэвжээн дээр төрийн дууллаа эгшиглүүлэх нь үү эсвэл өөр жилдэг жүдоч цахиур хагалан гарч ирэх нь үү гэдгийг дэлхийн аваргын дөрөв дэх өдрийн барилдаанаас харах л үлдлээ. Ингээд эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жингийн дэлхийн шилдгүүдийн оноолт болон манай улсаас ямар тамирчид энэ жинд зодоглох талаархи мэдээллийг хүргэж байна.  

Жүдо бөхийн ДАШТ-ээр 14 жинд 56 тамирчин медалийн тавцанд гарна.

-81 кг:Энэ жинд 69 орны 86 жүдоч хүз үзэхээр урьдчилсан байдлаар мэдүүлгээ хүргүүлжээ

Дэлхийн шилдгүүд тулдаг энэ жинд манай улсаар ДАШТ-ий хошой тавдугаар байрт, “Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны Ази, номхон далайн орнуудын аварга, Токиогийн “Их дуулга” тэмцээний аварга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хороо, Тэс сүмбэр констракшн, TB группын тамирчин, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар оролцоно. Түүний хувьд эх орноо төлөөлөн найм дахь жилдээ дэлхийн аваргад зодоглож буй. Гаргасан амжилтын тухайд гэвэл тэрбээр 2013, 2017 онд дэлхийд тавдугаар байрт орж байсан. Энэ удаад дэлхийн чансааны 14-дүгээрт эрэмблэгдэж байгаа. Иймээс сугалаагаар топ-8 жүдочийн аль нэг хэсэгт “шидэгдэж” очно. Түүнчлэн энэ жингийн бөхчүүдийг Ираны Сайд Моллай тэргүүлэн байрилдах бөгөөд Болгарын хамгийн их найдвар тавьж буй Ивайло Ивановтой нэг хэсэгт хуваарилагдана. Харин В хэсэгт Бельгийн залуу од Маттиас Кассе, Германы Доминик Рессельтэй хуваарилагдана. Тэдний хэсгийн ялагч А хэсгийн аваргатай үдээс хойш хагас шигшээд өрсөлдөх бол С хэсгийг Израйлын Саги Муки тэргүүлэн барилдах юм. “Рио-2016” олимпоос хойш жин өгсөн барилдаж байгаа Саги Мукитай өнгөрсөн оны дэлхийн дэд аварга Сотаро Фүживара  хуваарилагдсан. D хэсэгт Недерландын Фрэнк Де Виттэй, “Баку-2018” ДАШТ-ий нээлт Гүрж гаралт Туркийн Ведат Албайрак хуваарилагдсан байна.

Уншигчдадаа мэдээлэл хүргэхэд -81 кг-ын шилдэг жүдоч Ираны Сайд Моллайгийн  хувьд улсынхаа бахархал болсон тамирчин. Учир нь одоогоос яг арван жилийн өмнө “Каспий Эйрлайнс" компанийн онгоц Ираны баруун хойд хэсэгт осолдож, улмаар тус онгоцонд зорчиж байсан 168 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Тэдний дунд бөхийн эх орон гэгддэг Ираны өсвөрийн жүдо бөхийн шигшээ багийн найман гишүүн зорчиж байгаад амиа алдсан  нь тухайн үед Иран төдийгүй спорт тэр дундаа жүдо бөх сонирхогчдын хувьд хамгийн харуусалтай мэдээ болсон. Тэгвэл энэ харамсалтай үйл явдлаас хойш яг есөн жилийн дараа буюу өнгөрсөн жил Иранаас дахин дэлхийн аварга мэндэлсэн нь Сайд Моллай бөгөөд тэрбээр өдгөө дэлхийд данстай шилдэг тамирчин болсон гэдгээ батлан харуулж энэ удаагийн  Дэлхийн аваргын -81  кг-ын жинг тэргүүлэн барилдах нь тодорхой болоод байна.  

Түүнчлэн энэ жинд олимп, дэлхийн мөнгөн медальт Канадын Антуан Валуйс-Фортиер, 2017 оны дэлхийн аварга Германы Александр Вейзерзак, ОХУ-ын уран барилдаант Аслан Лаппинагов, “Рио-2016”  олимпийн аварга Хасан Халмурзаев, Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамза нарын шилдгүүд Токиод хүч үзэх бөгөөд сугалаагаар топ-8 жүдочийн хэн дээр ч хуваарилагдаж магадгүй. Мөн бөхийн орон Гүржүүд энэ удаад -81 кг-ын жинд 21 настай Лука Майсурадзег илгээсэн байна. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай энэ залуу өнгөрсөн сард Европын 2-дугаар наадмаас мөн хүрэл медаль хүртсэн бөгөөд Анатальягийн Гран Прид Хасан Халмурзаев, Антуан ВалуйсФортиерийг ялж түрүүлээд байгаа юм. Сонирхолтой нь энэ жинд ДАШТ-ийг зохион байгуулагчид Дэлхийн мастеруудын аварга Такеши Сасаки, “Рио-2016” олимпийн хүрэл, 2015 оны дэлхийн аварга Такенори Нагасе нарыг бус харин Сотаро Фүживараг сонгосон нь сонирхол татаж байна.

Топ-8 жүдочийн хүснэгт

#1 Сайд Моллай /Иран/

#8 Ивайло Иванов /Болгар/

#4 Маттиас Кассе /Бельги/

#5 Доминик Рессель /Герман/

#2 Саги Муки /Израйл/

#7 Сотаро Фүживара /Япон/

#3 Фрэнк Де Вит /Недерланд/

#6 Ведат Албайрак /Турк/

 

ДАШТ-ий жин тус бүрийн аваргын цом

-63 кг-ын жинд манай улсаас Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө

-63 кг:Нийт 38 орны 49 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд энэ жинд Францын Кларисс Агбегнэнү, Словений Тина Трестеняк нар дэлхийд тэргүүлэн барилдаж байгаа. Тэд 2015 оноос хойш хоорондоо тогтмол тэргүүн байрын төлөө өрсөлдөж байсан ч өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар словений бүсгүйг Микү Таширо ялснаар дээрх хоёр жүдочийн финалдсан цувралыг зогсоосон. Үндсэндээ энэ жинд К.Агбегнэнү, Т.Трестеняк, М.Таширо нар -63 кг-ын жинд илт давамгайлан ноёлож байна. Харин 2017 онд М.Таширогийн эзгүй дэлхийн аваргад Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, Польшийн Агата Оздоба нар дэлхийн медальтан болсон. Харин өнгөрсөн оны ДАШТ-д -63 кг-ын жингийн “их гурвал”-тай Недерландын Жуул Франссен шагналын тавцанд хамт зогссон. Харин энэ удаад тэдний давамгайлал үргэлжлэх эсэхийг ДАШТ-ий дөрөв дэх өдөр харах л үлдлээ.

Манай улсын  хувьд энэ жинд хоёр жүдочин илгээж буй. Тодруулбал, “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, “Чельябинск-2014” багийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клуб, “G-Mobile” компанийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч нар өрсөлдөнө. Ингэснээр Б.Мөнгөнчимэг тав, Б.Ганхайч гурав дахь удаагаа дэлхийн дэвжээнд хүч үзнэ. Тэдний хувьд энэ удаагийн дэлхийн аваргын учраа хатуухан таарах магадлалтай. Учир нь, манай тамирчид дэлхийн чансааны 18, 19 дүгээрт бичигдэж байгаа тул эхний тойргоос л хүчтэй өрсөлдөгчидтэй тулна. Мөн энэ жинд топ-8-д багтаагүй Их Британы Алисе Шлесингер, Австралийн Катарина Хайкер, БНХАУ-ын Ян Жуншиа, БНСУ-ын Хан Хи-Жү, ДАШТ-ий хүрэлтэй Польшийн Агата Оздоба-Блач, Австрийн Катрин Унтервурзахер нар медалийн төлөө ширүүн тэмцэл өрнүүлэх болно. Түүнчлэн энэ жинд дэлхийн чансааны #7 Словений Андрежа Лески шигшээ багийнхаа мэдүүлэгт ороогүй байгаа нь жүдо сонирхогчдын анхаарлыг татаж байгааг дуулгая.

Топ-8 жүдочийн хүснэгт

#1 Кларисс Агбегнэнү /Франц/

#8 Майлин Дель Торо Карвахал /Куба/

#4 Жуул Франссен /Недерланд/

#5 Мартина Трейдос /Герман/

#2 Тина Трестеняк /Словен/

#7 Кэтрин Бушемин-Пинар /Канад/

#3 Микү Таширо /Япон/

#6 Санне Вермир /Недерланд/

БНАСАУ-ын баг Токиогийн олимпод БНСУ-ын багтай хамтарсан багаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Сонирхуулахад энэ удаагийн ДАШТ-д БНАСАУ-ын баг тодорхой шалтгааны улмаас оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Уг нь Японы Засгийн газраас БНАСАУ-ын тамирчдыг ирэхэд ямар нэг саад байхгүй гэж мэдэгдсэн ч улс төрийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэсэн байна. Мөн БНАСАУ-ын баг Токиогийн олимпод БНСУ-ын багтай хамтарсан багаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэд өнгөрсөн оны “Баку-2018” багийн ДАШТ-д хамтарсан холимог багаараа оролцож хүрэл медаль хүртсэн юм.