Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Нэрийнхээ өмнө “Хүннүгийн”, “Ноён уулын” гэх зэрэг тодотголтой болоод удаж буй тэрбээр Улаанбаатарын их сургуулийн багш, профессор юм. Хүннүгийн үеийн түүх, соёлын дурсгалт газрууд буюу булшнуудад багш, оюутнуудаа удирдан малтлага хийж, олдворуудаар нь музей байгуулан, олон нийтийг 2000 гаруй жилийн тэртээ монголчууд бидний өвөг дээдэс, тэр дундаа хаад, язгууртнууд хэрхэн амьдарч байсан талаар мэдлэгжүүлж ирсэн түүнтэй ярилцах сонирхолтой байлаа.
-Та сайхан намаржиж байна уу. Зун амарч чадав уу?
-Намаржаа тавлаг. Аятай сайхан амарч байна аа. Гэхдээ зүгээр сууж чадах биш дээ, ажил амжуулангаа амарч байна. “Сайхан намаржиж байна уу” гэж мэндлэх тань таалагдлаа. Сүүлийн үед хэн, хүнгүй “Сайн байна уу” л гэх болж. Залуучууд ч адилхан, нас ахиж яваа нь ч тэр. Уг нь монголчууд бид чинь мэндчилгээний их гоё үг, хэллэг, харилцан яриатай улс юм шүү дээ.
-Дээхнэ бол “Хэт нутаг хаана вэ, хэрэг зориг юунд вэ” гэж асуудаг байж.
-Тийм ээ. Энэ их учиртай. Гэтэл одоо мэдэх нь цөөрч дээ. Хэт нутаг гэхийг нутаг орны тухай ярьж байна гэж боддог шиг байгаа юм. Монгол эр хүн хэттэй явдаг байлаа. Хэт нь тамгатай. Түүгээр аль аймаг, хошууны хэн болохыг таньдаг байв. Хэтгүй бол оргуул, босуул байж ч мэднэ. Тэгэхээр хэт гэдэг нь нутаг орны тухай ойлголт биш, товчхондоо “Та хэн бэ” л гэсэн үг. Монгол хүний мэндчилгээний ёс, дэг айхтар нарийн байлаа. “Амрыг айлтгая”, “Мэнд амар уу” гэнэ. “Сайхан хаваржиж байна уу”, “Намаржаа тавлаг уу”, “Тарган тавтай хаваржиж байна уу”, “Онд мэнд оров уу” гэх зэргээр мэндчилгээний үгийг улирлаар ялгаж хэлдэг байлаа. Гэтэл одоо ердөө “Сайн байна уу” гэхээс цаашгүй болж байна. Өглөөний мэнд, оройн мэнд гэж хааяа сонсогддог л доо.
-Ахмад хүмүүс дунд аятайхан мэндэлж байгаа нь байдаг.
-Тийм ээ, тийм, бүгдийг хамруулж туйлшруулж болохгүй.
-Таны байгуулсан Хүннүгийн үеийн түүх, соёлын дурсгалын музейг хүмүүс хэр үзэж байна вэ. Та монголчууд өдгөө өөрсдийн эцэг өвөг хүннүчүүдийн тухай хангалттай ойлголттой болсон гэж боддог уу?
-Музейг шинэчлээд аравдугаар сард дахин нээх юм. Тэр үеэс үзэж болно. Монголчууд маань хүннүчүүдийн тухай хангалттай ойлголттой болсон гэж боддоггүй. Манай ахмад үеийн хэдэн эрдэмтэд нэлээд ярьж, хөөцөлдсөний үр дүнд улсын баяр наадмаа тэмдэглэхдээ Хүн гүрэн байгуулагдсаны ойг дурдаж явдаг боллоо. Үүнээс өөрөөр дорвитой ахиц гараагүй л байна.
-Ямар ахиц, үр дүн хүлээж болох вэ?
-Төрт улсын эртний соёлтой ард түмэн учраас тэр хэрээр төр улсаа дээдэлж хүндэтгэн, түмэн олноороо эв эе сайтай, соёлтой, жудагтай амьдардаг, оюун санааны болоод бусад талаар нэлээд хөгжсөн байхаар. Гэтэл одоогоор 800 гаруй жилийн тэртээ Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан гэсэн мэдээлэлтэй төдий, Хүннү, Хүн гүрний тухай ойлголт бараг үгүй гэхээр байна.
-Өнгөрсөн наадмаар Хүн гүрэн байгуулагдаад 2228 жил болсон юм байна гэж ойлгосон.
-Энэ бол манай эриний өмнөх 209 он буюу Модун шаньюй хаан ширээнд суусан он юм. Түүхэн эх сурвалжид тодорхой бий. Гэтэл хэрэг дээрээ Модун шаньюйгийн өмнө 60 гаруй жил төр барьсан Түмэн шаньюй гэж байсан. Түүний өмнөдахиад дөрвөн шаньюй байсан тухай эртний хятадын түүхэн сурвалж болох Сыма Чяны бичсэн “ Түүхэн тэмдэглэл”-д маш тодорхой өгүүлж байна. Тэгэхээр бид төрт улс байгуулагдсан тухай он цагийг дутуу, хугацааны хувьд алдаатай тэмдэглээд байгаа юм. Угтаа бол төрт улс байгуулагдсаны 2500 жил ч юм уу, 2600 жил ч юм уу улам цаашлан түүхэн ойгоо тэмдэглэх ёстой. Гэхдээ яах вэ, Хүннү улс байгуулагдсаны гэж нэр дурддаг болсон нь амжилт. Түүнээс саяхан болтол ардын хувьсгалын тэдэн жилийн ой гэхээс өөрийг хэлдэггүй байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл ардын хувьсгал гарахаас өмнө улс байгаагүй юм шиг явж ирсэнтэй харьцуулахад болж л байна. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэснээр улсын баяр наадмаараа Хүн гүрэн, Их Монгол Улс гэх зэрэг ойлголтуудыг давхар аваад явдаг болсон. Манай ахмад эрдэмтэдийн хөөцөлдөж байж Хүннү гүрэн байгуулагдсаны 2000 жилийн ой гэж анх 28 жилийн өмнө тэмдэглүүлсэн нь зөв болжээ гэж боддог.
-Цаашдаа ч тэмдэглэсээр байх болов уу.
-Тэгэх байх. Хүннүгийн өмнө дахиад 1500 жилийн өмнө төрт улс байсан тухай Хятадын түүхчид бичсэн. Манай эриний өмнө, одоогоос 3500 жил орчмын өмнө Умардын, цагаан чоно, цагаан буга сүлдтэй улстай байлдсан тухай бичсэн түүхэн эх сурвалж байгааг тухайн үеийн эртний хятадын сурвалжид тодорхой байна. Түүнийг бид ер тоохгүй байна. Буга сүлдтэй хүмүүс гэдэг нь өнөөгийн манай Монгол нутаг дахь буган чулуун хөшөөний соёлын эзэд л юм. Төр улс гэдэг чинь нэг соёлтой, цэрэг армитай, нэгдсэн нутагтай, шүүх засаглалтай гэсэн хэдэн шинжтэй байдаг. Үүгээр нь төр улс гэж хүлээн зөвшөөрдөг. Хүннүгээс өмнө буган хөшөөний соёлын үед одоогийн Монголын газар нутагт амьдарч байсан хүмүүс нэг нутагтай байсан уу, байсан, нэг соёл байсан уу, байсан. Цэрэг арми ч байсан уу? байсан. Буган чулуун хөшөөнүүд дээр байдаг сэлэм, жад, цэрэг хүний эдлэл, хэрэглэл гээд бүх юм ил тод байдаг. Энэ бүхнийг бодолцож, тооцоолж, төрт улсынхаа түүхийг эргэж харах цаг үе ирэх байх гэж боддог.
-Бидний мэддэггүй Хүн гүрэн чухам ямар байсан юм бол?
-Хүннүчүүдийг зэрлэг, балмад хүмүүс байсан, хаад, ноёд нь дээрэмчин, тонуулчин байсан мэтээр ярьж, бичих нь бий. Монголчууд өөрсдөө ч гадаадын судлаачдын бичиж, тэмдэглэснээр тийм ойлголттой болчихсон байдаг. Гэтэл бидний өвөг дээдэс болох хүннүчүүд амьдарч чаддаг, ихэс дээдэс нь баян тансаг улс байжээ. Алт, мөнгө эдэлж, хэрэглэдэг. Дээл хувцсаа хачин гоё, хийц, загвар сайтайгаар урладаг байж. Энэ бүхнийг Хүннүгийн хаадын булшнаас гарсан баримтууд нотолдог. Булшинд буй эд зүйлсийг тэд хаа нэгтээгээс булааж, дээрэмдэж аваагүй. Өөрсдөө хийсэн. Алт боловсруулж өөрсдийгөө төдийгүй морь, малаа хүртэл гоёдог, тансаг өндөр соёлтой хүмүүс байж. Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булшнаас олдсон, Архангайн Өндөр-Улаан сумын нутагт “Гол мод-2”-ын булшнаас олдсон сүйх тэрэг, Ховд аймгийн Үенч сумын Ямаан усны хавцал дахь хадан дээр байдаг сүйх тэрэгний зураг, Үенчийн хадны зураг дахь сүйх тэрэгний эд ангийг бид 2011 онд олсон юм. Харин дээл хувцаснууд ямар байсныг бол XX зууны эхээр Оросын судлаачдын Ноён уулын булшнаас олсон бодит зүйлсээс харж болдог. Тэднээс үндэсний хээ, чимэглэлийг ч харж болно. Үүлэн, гал, цэцгэн гээд төрөл бүрийн хээ байдаг. Манай археологийнхон Хүннүгийн урлагийг скифийн урлаг гэх гээд байдаг. Скифчүүд гэдэг бол Европод байсан нүүдэлчид. Тэд монгол нутагт Хүннүгийн урлагийг хөгжүүлсэн, баяжуулсан гэх буруу ойлголт байдаг. Гэтэл энэ үгүй юм аа. Хүннүгийн өмнө буган чулуун хөшөөний соёл хэмээх мундаг том соёл байлаа. Тэрхүү соёлыг бүтээсэн ард түмэн Хүннү нарт шахагдан баруун тийш яваад Европод хүрэхэд, эртний Грекийн түүхэнд тэднийг “скиф” гэж тэмдэглэжээ. Тэд өнөөгийн Монгол нутгаас эхэлсэн соёлоо баяжуулж, тэр нутагт түгээсэн болохоос биш, тэд тэндээс монгол нутагт ирж монголчуудын соёл урлагийг баяжуулсан юм байхгүй.
Манай түүхчид социализмын үед судалгаа хийхдээ Зөвлөлтийн түүхчдээс эш татдаг, тэдний бичсэнд итгэчихсэн байдаг байсан болохоор энэ мэт алдаа гаргаж иржээ. Хэрэг дээрээ бол манай соёлын бүхий л голомтууд эндээ байна. Үүнийг хөшөө дурсгалаас авахуулаад олон баримт нотолно. Шовгор малгайтай эмэгтэй бол эхнэр хүн. Гэзгийг нь шовгор богтого малгайд хийж засдаг байж. Хадны зурагт ийм дүрслэл байдаг. Монголчуудын үед тэгш дөрвөлжин хэлбэртэй босоо хэлбэртэй богтого болоод, сүүлд Манжийн үед богтого малгай байхгүй үсээ дэрвийлгээд цавуудддаг болсон байна. Эмэгтэй хүнийг богтлох гэдэг үг үсийг нь дээш нь болгож боодог байснаас гаралтай. Үсийг нь богтолж боох тухай ярьж байгаа болохоос эмэгтэйчүүдийг дээрэлхэх, дарах, барьж хүлэх гэсэн утга биш юм. Нөхөрт гараагүй охид нь олон салаа гэзэгтэй. Ийм гэзэгтэй охидын сэвгэр гэж нэрлэдэг, нөхөрт гараагүйг тэрхүү үс нь нотлон харуулдаг зан үйлийн л тухай яриа.
Мөн тухайн үеийн хаант төрийн бэлгэдлийн тухай дэлгэрүүлэх шаардлага гардаг. Монголчууд ирвэс, шонхор гэсэн хоёр хүчирхэг амьтныг сүр хүчийнхээ бэлгэдэл болгож байсан. Шонхор бол жижиг ч гэсэн эр зоригтой, хүчтэй, хурдтай. Ирвэс бас тийм. Юань улсын үеийн “Хубилай хаан ан гөрөө хийж явна” гэдэг зургийг харсан хүмүүс Хубилай хаан ирвэсээр ан гөрөө хийлгэж байна гэдэг. Үгүй. Тайган нохойнууд нь гүйж ан хийж явдаг. Гэтэл ирвэс мориных нь хондлой дээр зүгээр л, хааны сүр хүчийн бэлгэдэл болоод сууж байдаг. Хааны сандалынх нь түшлэг хүртэл амаа ангайсан ирвэс байж. Сүүлийн үеийн Засагт хан, Түшээт хан, Сэцэн ханы архивт байдаг тамгануудыг харж болно. Алтан, мөнгөн тамгануудыг ирвэсээр бариул хийгээд дүрсэлсэн байдаг. Зарим хүн бар гэх гээд байдаг юм. Тэр бол ирвэс. Хүннүгийн үеэс эхтэй бэлгэдэл. Түрүүн хэлсэнчлэн Хүннүгийн өмнө дахиад 1500 жил төрт улс байсан байна. Тэр үед ч хааны бөгөөд улсын сүр хүчийн бэлгэдэл нь ирвэс байжээ.
-Археологийн судалгаа хийх, булш малтаж, олдвор олохын ашиг тус нь тухайлбал, энэ бүхнийг хөдөлшгүй баримтаар нотлох юм байна.
-Ердөө л энэ. Бид түүхэндээ эзэн болох хэрэгтэйг цаг үе шаардаж эхэллээ. Монголын түүхийг орчин үеийн Турк улс, казах улс, киргиз улс булаацалдаж эхэллээ. Монголчуудын түүх баялаг, сонирхолтой, адармаатай учраас бусдын хорхой хүрч, бараг л шүлс нь гоожиж байна. Өнөө цагт үнэд хүрэх, өөрийн болгочихвол цаашид хэдэн зуун, мянганаар худалдаж идэх ховрын “бараа” болгох гэж тэмүүлж байна.
-Түүхэндээ эзэн болохын тулд яах ёстой вэ?
-Өөрсдөө түүхээ судалж мэдэх нь наад захын шаардлага. Эрдэмтэдийн судалгаатай танилцах, сонирхох, ярианы сэдэв болгох, мэдээллийн зөв, сайн эх сурвалжуулаас үнэн мэдээлэл олж аваад, өөрсдийн оюун ухаанаар тунгаан боловсруулж, өөрийн болгох ёстой юм. Түүнээс машиндаа утсаа ухах төдийгөөр мэдээлэл олж авна гэж бол байхгүй. Зураач Б.Хонгорзул гэдэг бүсгүйд баярлаж байна. Манай музейг үзсэнээс хойш удалгүй “Би энэ бүхнийг зурвал яах вэ” гэж асуусан. Тэгэхэд нь би “Яах вэ гэх асуудал байхгүй. Хүн бүр өөр өөрсдийнхөө мэргэшсэн чиглэлд бүтээл туурвиж энэ үеийн тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлж байх ёстой” гэж хэлсэн. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд зураач маш сайхан зургууд бүтээжээ. Археологийн олдворуудыг урлагийн бүтээлд зохистой тусгаж өгч. Монголчууд түүхэн туульсын бүтээлээ хийхгүй байна гэж би гомдоллодог хүн. Уран зургийн салбарт Хүннүгийн сэдвийн бүтээл төрүүлсэнд баяртай байна. Ноён уулын булшнаас олсон хивс гээд л байдаг. Чухам ямар юм байсныг уран зургаар гаргаад ирлээ. Зураач Ноён уулын булшнаас олдсон зүйлсийг харах гэж Эрмитажад очиж судалгаа хийсэн байна лээ.
-Та Эрмитажад нэлээд хугацаагаар ажилласан гэдэг байх аа?
-Тийм ээ. Ноён уулаас олдсон бүх юм Эрмитажад байдаг. Оросуудтай арав гаруй жил найзалж байж, итгэлийг нь олж авснаар Эрмитажийн Монголтой холбоотой үзмэрүүдийг бүгдийг нь үзсэн юм. Монгол, Төвдийн фондын эрхлэгч Елихина гэдэг бүсгүй бий. Надад итгэдэг болсон болохоор үзэхийг зөвшөөрсөн. Ёстой бүх шургуулгыг нь татаж үзсэн дээ. Тэр үед тус Орос улсад аспирантурт сурч байсан өнөөгийн Түүхийн хүрээлэнгийн захирлыг дагуулж орж үзүүлж байсан юм. Хаана, юу байдгийг бүгдийг хэлж өгсөн. 1926 онд Цэвээн Жамсрано, судлаач Козлов хоёрын хооронд хийсэн “Чулуун байшинтай болсон хойноо үзмэрүүдийг бүгдийг буцааж авна” гэсэн гэрээ байдаг юм л даа. Гэрээний орос хэл дээрх эх оросуудад байдаг, монгол хэл дээрх эх нь бол энд байдаг.
-Тэгэхээр Хүннү нэлээд хүчирхэг гүрэн байжээ?
-Хүннүчүүд эртний ромчуудтай харилцаатай байсны баталгаа болсон, хүннүгийн булшнаас гарсан Ромын шилэн аяга байдаг. Дэлхийн музейнүүдэд байдаг шилэн аягатай ижил. Хүннүгийн эзэн хаан Ромын эзэн хаантай уулзсан юм уу, бэлэг сэлт солилцсон юм уу, ийм нэг чухал баримт байгаа юм. Тэр жил Германд олон улсын хуралд сууж байхдаа торгоны замын худалдаа арилжаагаар Ромын шилэн аяга Хүннү гүрэнд ирсэн байж магадгүй гэж хэлэхэд энэ сэдвийг судалдаг эрдэмтэн өвгөн “Наадах чинь зүгээр нэг худалдаа арилжаагаар солилцдог бараа биш. Ромын цөөн тооны язгууртнууд хэрэглэдэг тансаг хэрэглээний эд” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би дэлхийн томоохон музейнүүдэд ижил аяга байна уу гэж хайдаг болсон юм. Санкт-Петербургт долоо, найм, Боннд бас долоо, найм, Нью-Йоркийн музейд дөрөв, тав, Ромд арваад, Ази тивд ганцхан манайд, нийтдээ 30 орчим байна. Тэгэхээр тийм элбэг эд биш юм билээ. Тэгэхээр эндээс харсан ч Хүннү бол Евразийн тухайн цагийн супер гүрэн байсан байна. Тийм учраас эртний Ром, Хятад хавийн улсуудын хаад, ноёд Хүннүгийн хаанд бараалхдаг байжээ.
-Газар нутаг нь том байв уу?
-Хүннүчүүд хойшоо Байгал нуур, урагшаа Цагаан хэрэм, зүүн тийш Солонгос, баруун тийш бол Хар тэнгис, Карпатын нуруу хүртэлх газар нутгийг эзэлж байжээ.
-Зураач Б.Хонгорзулын бүтээлүүдээс аль нь танд илүү таалагдав?
-Хүннүгийн хаанд Хятадын хааны элч бараалхаж байгаа “Энх ургийн гэрээ” гэдэг бүтээл нь түүхэн үндэстэй юм. Хаанд зөвлөж байгаа хүн бол Хан гүрний, улсынхаа хаанд хонзогносон тайган. Тэр хүн Хан улсын сайн, муу талыг шударгаар Хүн гүрний хаанд хэлж өгдөг байсан. Хүннү нар торго, дурдан хэрэглэх хэрэггүй юм. Та нарын хувцас бөх бат, эдэлгээ сайтай байх ёстой. Аль болох хятад бараанаас татгалз, өөрсдийнхөө юмыг эдэл гэж зөвлөдөг байсан юм билээ. Хан гүрний элч нарыг “Та нар Хүннүгийн хаанд барих торго, дурдан, архи, дарс, алт, мөнгөө ахиухан бэлтгэж ирж бай” гэх зэргээр загнадаг.
-Хятадын хааны элч, дагалдаж яваа хүмүүс нь ч тэр Хүннүгийн хааны өмнө ихэд хүлцэнгүй зогсож байгаа нь хэтрүүлэг биш байгаа.
-Үгүй. Энэ бол хүндэтгэл. Социализмын үеийн манай кинонуудад долигоносон, муу хүний дүр гаргах гэхдээ түүнийг “ЖА” гээд л бөхийж мэндлүүлдэг байв. Ингэснээрээ хүндэтгэлийн нэгэн сайхан ёсыг байхгүй болгосон. Хаантай мэндэлж байгаа хүн хааны царайг харахгүй, бүсийг нь хардаг байсан уламжлалтай. “Жа” гээд бөхийхдөө хааны бүсэн дээр байгаа тамгыг нь харж байгаа нь тэр. Энэ бол долигоносон хэрэг биш, хүндэтгэж байгаа нь тэр юм. Бүсэн дээрх тамга янз бүрийн дүрстэй. Монголын эзэнт улсын үеийн хаадын тамга тодорхой байдаг. Харин Хүннүгийн үеийн хаадуудын тухайд түүнийх нь ийм, үүнийх нь энэ гэж тодорхой хэлж чадахгүй. Яагаад гэхээр бид одоогоор бүтэн булш олоогүй байна. Алтан, мөнгөн чимэглэл л гэхээс одоохондоо тамга илрээгүй байна.
сэтгүүлч Р.Оюунжаргал