Монголын Үндэсний музейнхэн өнөөдөр өөрин цхим хуудсаараа нэгэн сонирхолто мэдээлэл хийсэн. Тодруулбал, "АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээлээ" хэмээсэн юм.
Тэгвэл дээрх олдворуудын дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос байжээ. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж болсон хэмээн эрдэмтэд үзэж буй аж. Мөн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны олдвор байсан аж. Эдгээр дотроос алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Дашрамд мэдээлэхэд дээрх удалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ. Улмаар тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрсэн нь энэ аж. Нээлтийн олдворуудыг наймдугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд дэлгэн үзүүлэх аж.