Жүдогийн ДАШТ-2019: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгтэй “өрсөлдөнө”

Энэ сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы Токио хотын Будокан ордонд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх, холимог багийн 3 дахь удаагийн ДАШТ болно.

Энэхүү тэмцээний суглааны үйл ажиллагаа энэ сарын 24-нд “Токио Дом” зочид буудалд болж, 25-нд эрэгтэй -60, эмэгтэй -48 кг-ын жингийн барилдаануудаар эхэлнэ. Тэмцээний эхний өдөр хэсэг бүрийг хэн, хэрхэн толгойлж барилдахыг  хүргэе.

-48 кг: Урьдчилсан байдлаар энэ жинд нийт 43 орны 50 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Өнгөрсөн оны “Баку-2018” ДАШТ-д -48 кг-ын жинд 43 жүдоч оролцож, Украйны Дариа Белодид түрүүлж, хамгийн залуудаа дэлхийн аварга болон түүхэнд бичигдсэн. Харин энэ удаагийн ДАШТ оролцогчийн тоогоороо “Баку-2018”-ыг давах нь тодорхой боллоо. Токиод энэ жинд Азербайжан, БНАСАУ, Монгол, Португал, Испани, Украйн, ОХУ-ууд хоёр тамирчнаа илгээсэн.

Энэ удаад Токиогийн дэвжээнд манай улсаас ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “G-Mobile” компанийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг нар өрсөлдөнө.

ДАШТ-д уламжлал ёсоор дэлхийн чансааг тэргүүлэгч 8 жүдоч хэсэг тэргүүлэн барилдах бөгөөд  тодруулбал, 4 дэлхийн аварга бүсгүй А, В, С, D хэсгийг тэргүүлэн барилдана. Тухайлбал, “А” хэсгийг дэлхийн чансааг тэргүүлэгч ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Фүна Тонаки тэргүүлэн барилдах бол түүний араас нь Сербийн Милица Николич бичигдэнэ. Тэд өрсөлдөгчдөө ялсаар шилдэг 8-д үлдсэн тохиолдолд хооронд учраа таарна.  Харин "С” хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Дариа Белодид тэргүүлэн барилдах бөгөөд тэмцээний чансааны 7 дугаарт эрэмбтэй ОХУ-ын Ирина Дольгова энэ хэсэгт багтсан. Тэд өрсөлдөгчдөө ялбал мөн л ¼ шигшээд өрсөлдөх боломжтойгоор суглаанд оролцоно. Харин манай гавьяат тамирчин М.Уранцэцэг “D” хэсэгт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгтэй бичигдэнэ. Тэд өмнөх даваануудаа амжилттай давбал ¼ шигшээд хоорондоо мөн л өрсөлдөх юм. Түүнчлэн олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето, Косовогийн Дистрия Красничи нар “В” хэсэгт хуваарилагдахаар болжээ. Харин манай ОУХМ Г.Наранцэцэгийн хувьд М.Уранцэцэг "D" хэсгийг тэргүүлэх нь тодорхой болсон тул суглаагаар “А”, “В” хэсгийн аль нэгд нь хуваарилагдана. Тэгэхээр тэрбээр Фүна Тонаки, Паула, Парето, Дистрия Красничи, Милица Николич нарын хэнтэй ч эхний даваануудад таарах юм.

Сонирхуулахад энэ жинд цахиур хаглах магадлалтай Францын Мелани Клемент, Испаний Жулиа Фигуэроа, БНСУ-ын Кан Юү-Жеон нар суглаагаар аль ч хэсэгт орох боломжтой байгаа.

-60 кг: Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 62 орны 78 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн.

Энэ нь өнгөрсөн оны оролцогчдоос 10-аар их тоо юм. Олимпийн өмнөх оны дэлхийн аваргад жүдо бөхийн хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Бразил, БНСУ, Гүрж, Франц, Казахстан, Узбекистан улсууд тус бүр хоёр тамирчнаа арлын орон руу илгээж байна. Харин манай улсын хувьд 2013 оны Рио де Жанейрогийн ДАШТ-ий мөнгөн медальт, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшинг оролцуулахаар болсон. Тэрбээр 2018 оны Азийн наадмаас хойш, Хаагийн Гран Прид түрүүлээд “World Masters”, “Парис-2019”, “Баку-2019” Гранд Сламаас хүрэл медаль хүртээд байгаа. Түүний жинг өнгөрсөн оны дэлхийн дэд аварга ОХУ-ын Роберт Мшвидобадзе тэргүүлэн барилдах бөгөөд Испаний Франческо Гарригосын хамтаар “А” хэсэгт хуваарилагдана. Харин В хэсэгт Японы Рюүжү Нагаяма, Казахстаны Елдос Сметов аварга нар хуваарилагдах бөгөөд ¼ шигшээд тэдний өрсөлдөөнийг үзэх магадлал хамгийн өндөр байна. Тэдний ялагч “А” хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөнө.

Улмаар “С” хэсэгт дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такато Узбекистаны Шарафуддин Шутфиллаевтай орох бол, Гүржийн Амиран Папинашвили манай Д.Амартүвшин гавьяат нар “D” хэсэгт бичигдэхээр боллоо. Түүнчлэн энэ жингийн гол фаворит Узбекистан Диёрбек Урозбоев, БНСУ-ын Ким Вон-Жин нарын шилдгүүд суглаагаар шидэгдэхээр боллоо.

Сонирхолтой нь, Азербайжаны энэ жингийн номер нэг сонголт Орхан Сафаровын оронд Давуд Маммадсой Токиод очиж байгаа бол БНСУ Азийн наадмын мөнгөн медальт Ли Хаа-Римыг гэрт нь үлдээж, хашир туршлагатай Ким Вон-Жинийг, Чоль Ин-Хюкийн хамт дэлхийн аваргад барилдуулахаар болсон байна.