ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ“ШИХИХУТАГ-ИХ ЗАСАГ” ЦОГЦОЛБОРЫН ШАВЫГ ТАВИЛАА

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа билээ. Тодруулбал  Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг  гэсэн  сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг  Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой хэмээн Засгийн газар, БОАЖЯ-наас үзэж дэмжин ажиллаж байгаа юм.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан болон Хэнтий аймгийн удирдлагууд,  Норовлин суманд ажиллах үеэрээ тус цогцолборын шавыг тавилаа. Уран дөш уул нь  төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн учир  уг газрыг сонгосон байна.

С.БАЯСГАЛАН: НУТГИЙН ИРГЭДЭД АЖЛЫН БАЙР, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛЖ БАЙНА

Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан онцон хэлж байлаа.

“НОГООН МОРЬ” – ЭКО ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ

Хэнтий аймгийн Норовлин сум нь Хэнтий аймгийн төв Чингис хотоос Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаар дамжин Ульхан боомтоор ОХУ-ын хотын Чита хот хүрэх улс хоорондын зам болон Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал сум хүртэлх аялал жуулчлалын замын уулзвар зангилаанд байрлах юм.

ШИХИХУТАГ-ИХ ЗАСАГ цогцолбор нь Норовлин сумын төвөөс зүүн хойд зүгт 4,5км зайд Урандөш хайрханы баруун энгэрт байрлах бөгөөд орчны бүсийн хувьд Дадал сумаас Норовлин хүрэх замын дагуу цогцолборыг илтгэх байгууламж Цэг-1, ШИХИХУТАГ-ИХ ЗАСАГ цогцолбор Цэг-2, сумын төвийн Шинэ соёлын ордон Цэг-3 гэсэн нийт 900,0 га талбайд Land art төрлийн тэнгэрээс харахад ногоон морь дүрслэлээр харагдах бүс нутгийн төлөвлөлт хийжээ.

Ногоон морь – ЭКО хөгжлийн төсөл нь Ногоон морь органик хүнсний кластер төслийн багасгасан хувилбар бөгөөд энэ төсөл нь цэвэр ХАА-н төмс хүнсний ногоо, жимс жисгэнэ зэргийг нутгийн ард иргэдийн оролцоотойгоор тариалан, органик хүнсний бизнес хөшүүргээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн, тэнд бий болох санхүүгийн эх үүсвэрийг сум орон нутгийнхаа ард иргэдийн амжиргаа ирээдүйн сайн сайхан, эдийн засгийн хөгжилд шингээх зорилготой гэдгийг төслийн санаачлагч, хэрэгжүүлэгчид тодотгож байлаа.

Шихихутаг цогцолборын гол билэг тэмдэг нь болох энэхүү хөшөөний ерөнхий харагдах байдал нь жигүүрт морь байхаар төлөвлөжээ. Жигүүрт морины эзэн нь болор бөмбөрцөг дээр ном үзэн суугаа монгол дээлтэй хүүхэд байна. Морины зогсолт урагш тэмүүлэн салхи сөрөх мэт налуу өнцгөөр бүтээгдэнэ. Морины биеийг нарийвчлан харвал бүхэлдээ босоо монгол бичгээр бүтжээ. Энэ нь барималын онцлог бөгөөд дэлхийд өөр хаана ч байхгүй морийг үсгээр бүтээсэн уран бүтээл болно гэж үзжээ. Харин морины далавч нь дэлнээс хуудас болж дэлгэгдсэн судар болох аж.

Ном судраар морины далавч хийсэн, бас нэгэн анхдагч хөшөө байх болвуу хэмээн найдаж байгаагаа нутгийн удирдлагууд хэлж байсан юм. Номын далавч тэг дугуй үүсгэсэн нь ертөнцийг билэгдэн түүний голд ном уншин суух Монгол хүүг улам тодосгоно. Хоёр далавч тэгш хэмтэй байгаа нь хууль цааз хэнийг ч алагчлахгүй гэх билэгдлийн зэрэгцээ Монголчууд бидний хүч хууль цаазанд бичигдэн үлдэж түүнийгээ ягштал мөрдүүлдэг байсны давхар санааг далавчны үзүүр сэлэм мэт хурцаар төгсөж байгаагаар илэрхийлэх аж.

Бичигт хүлгийн суурь нь өнгөлгөөтэй ган металь бөмбөгөр хавтан байхаар төлөвлөсөн нь түүндээр тэнгэр үүслийн нүүдэл тольдон харагдаж жигүүрт хүлэг нь газраас хөндий тэнгэрт байгаа мэт гүн сэтгэгдлийг жуулчин, зочид гийчдэд үлдээх болно гэдгийг ч онцоллоо.

Их засаг хууль цаашлаад Нууц товчоог Шихихутаг бичиж туурвисан гэдэг. Шихихутагийг хүүхэд байхад нь Чингэс хаан авч өсгөн өөрийн үнэнч түшмэл болтол хамтдаа зүтгэсэн гайхамшигт түүхтэй. Өнгөрсөн ба өнөө, ирээдүй гурван цагийг нэг монгол хүүхдээр хамтатган илэрхийлсэн учир энэ болой. Монголчууд бид ирт сэлэм, эрэмгий хүлгээр энэ дэлийг эзэлж явсан ч эрдэм ном эрдэмтэн мэргэдийн оюуны бүтээл соёлоор дэлхийг гэгээрүүлж явсаныг тунгалаг болор бөмбөрцгөөр тодотгов.