Эхний өдөр хоёр хүрэл медаль хүртлээ

Хорватын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээний эхний өдөр Монголын баг, тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээний -60 кг-ын жинд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваний Ариунболд хүрэл медаль хүртэж, Гран При ангилалаас анхны медалиа гардлаа. Тэрбээр эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг 1:58 минутад хоёр вазаригаар, хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг 1:12 минутад цэвэр ялжээ. Улмаар хагас шигшээд алтан медаль хүртсэн Узбекистаны Шарафуддин Лутфиллаевт даралтаар цэвэр ялагдсан бол хүрэл  медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзег илт илүүрхэж цэвэр яллаа.

Э.Ариунболд - Тэмүр Нозадзе

"Загреб-2019" Гран При тэмцээний -66 кг-ын жинд ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг, нутаг нэгт ОУХМ Ганболдын Хэрлэнг ялж, "Анталья-2017" Гран Пригээс хойших анхны Гран Пригийн медалиа гардлаа. Сонирхолтой нь тэрбээр Анатальяд мөн нутаг нэгт ОУХМ Довдонгийн Алтансүхийг ялж, хүрэл медаль хүртэж байжээ. Д.Төмөрхүлэг Загребт эхний тойрогтоо Словакийн Матеж Полякийг 2:54 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Египтийн Мохамед Абделмаугоудийг нэмэлт цагт 5:08 минутад вазаригаар, гурвын даваанд Азербайжаны Ибрахим Алиевийг мөн нэмэлт цагт 5:06 минутад вазари үнэлгээгээр ялсан. Улмаар ¼ шигшээд Риогийн олимпийн тавдугаар байрт Словений Адриан Гомбочийг 7:11 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд энэ оны Универсиад наадам болон Парисын “Их дуулга”-ын аварга Молдавын Денис Вьеруд даралтаар ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Г.Хэрлэнг торгуулиар ялж, Гран При ангилалаас тав дахь хүрэл медалиа хүртжээ. 

Харин “Монреал-2019”, “Будапешт-2019” тэмцээнүүдэд дараалан түрүүлээд байсан Г.Хэрлэн тавдугаар байрт шалгарч чансаагаа нэг байраар ахиулж, дэлхийд #6-д бичигдэхээр боллоо.

Г.Хэрлэн - Д.Төмөрхүлэг

Мөн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй манай ОУХМ Галбадрахын Отгонцэцэг Загребт өрсөлдөгч бүрээ цэвэр ялсаар алтан медаль хүртлээ.

Г.Отгонцэцэг /Казахстан/- Мелани Клемент /Франц/