Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн орд газрын төсөлтэй холбогдуулан АТГ-аас баривчилсан ч удалгүй сулласан. Ингэхдээ шүүхээс түүнийг баривчилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж байсан юм. Тэгвэл тус гэрээний талаар Монгол Улсын сайд асан М.Энхсайхан өөрийн paxmongolica.org хуудсанд тайлбар нийтлэл нийтэлсэн байна. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Прокурорын байгууллагын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга ” ТТ ордыг гэрээгээр халхавчлан 60 жилээр дараа нь автоматаар 40 жил сунгаж бүр 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан” худал гүтгэлэг зохион байгуулсан билээ.
Эл асуудлаар Ерөнхий Прокурор “миний үед хэн нэгний захиалгаар хэрэг хийсэн гэж үзэхгүй, бие даасан байдлаар ажиллаж хэнийг ч хариуцлагаас мултлахгүй” гэсэн утгатай зарчимч хариуг Ерөнхийлөгчид өгсөн байдаг. ТТ асуудлаар жил орчим шалгалтын ажил хийгдсэн учир Ерөнхий Прокурор бүрэн мэдээлэлтэй, тиймээс ч зоригтой дуугарсан байх гэж боддог.
Төдий л удалгүй Ерөнхийлөгч Ерөнхий Прокурорыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Болсон явдлын товчийг дорхи бичлэгээс үзнэ үү. /Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/
Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс Нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж буй албан тушаалтан хүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж Прокурорын Удирдах Ажилтны Зөвлөлгөөнийг бусдыг худал гүтгэх, хувийн өс хонзонгоо гүйцэлдүүлэх үйл явдалдаа ашигласан хэрэг байсан бөгөөд Ерөнхий Прокурорын шулуухан хариултад бантахдаа хувь хүний хувьд гомдол гаргаж байгаа юм гэсэн нь дээрх бичлэгийн төгсгөлд байгаа. Хувь хүн ч прокурорт хэрхэн гомдол гаргах вэ гэдэг нь дүрэм, журамтай байдаг юм билээ.
100 жил гэдэг худлаа
Ерөнхийлөгч Баттулга 100 жил гэж хаанаас олж яриад байгаа юм бэ гэж сэтгүүлчид надаас асуудаг. Уул нь асуудал босгосон Ерөнхийлөгч өөрөө хариултаа өгөх ёстой л доо. Миний бодоход Ерөнхийлөгч гэрээний төслийг уншиж үзээгүй. Ер нь унших дадал эзэмшинэ гэдэг бөх барилдахаас дутахгүй их хөдөлмөр шаарддаг гэсэн хариуг миний бие хэлж байгаа.
100 жил гэж ТТ гэрээний төсөлд хаана ч байхгүй. Хятадууд Хонконгийг Их Британид 100 жилээр түрээслүүлж байснаас өөр 100 жил дэлхийн практикаас олдохгүй юм. Түүнтэй андуураагүй байгаа даа гэж бодогдох.
ТТ гэрээний хугацаа 30 жил
Засгийн газраас боловсруулсан Гэрээний төслөөр “Гэрээний хугацаа” гэсэн гарчиг өгч байгаад хугацааг 30 жил гээд тов тодорхой заасан байгаа. Дахин сунгах асуудал нь 30 жилийн дараа үйл ажиллагаа явуулж байгаа ирээдүйн Засгийн газрын асуудал байхаар, ингэхдээ
30 сая тонн нүүрс боловсруулах баяжуулах үйлдзвэртэй болсон байх
Баяжмалаа Хятадаас гадна Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд гаргадаг болсон байх
Монголд татварын өргүй байх
ТТ-ГС чиглэлд төмөр зам барьсан байх гээд хатуу нөхцлүүдийг Хөрөнгө оруулагчид ногдуулсан байлаа.
Гэрээний хугацаа, сунгах тохиолдолд тавих шаардлага хэрхэн төсөлд орсныг ингэж тусгажээ.
Screen Shot 2019-06-29 at 7.28.40 PM
Үнэгүй өгөх гэж байсан тухайд
Гэрээнээс “үнэгүй” гэсэн үг олдохгүй. Ямар ч тэнэг монгол хүн байгалийн баялагаа зүв зүгээр байж байгаад хүнд үнэгүй өгнө гэж байхгүй нь мэдээж. Үнэгүй өгөх гэж байсан гэдэг үгний учрыг сэтгэл судлалын эмч нар хариулах ёстой гэж бодож байна.
Screen Shot 2019-06-29 at 8.53.48 PM
ТТ Гэрээний төсөл
Ерөнхийлөгчийн шадарлагч З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай үзэглэхээр бэлтгэсэн Төслийг УИХ-ын албан ёсны сайтад байрлуулж, худал мэдээллээр нийгмийг цочирдуулж байсан нь мартагдаагүй байна. Тэр үед хүмүүс уншаагүй, худал яриа, худал үгэнд итгэчихсэн шиг байгаа юм.
Одоо тэрхүү төслийг бүтэн эхээр нь интернэт орчноос олж үзье гэхээр олдохгүй байгаа юм байна. УИХ-ын сайтад ил байсан гэрээний төсөл нь миний эсрэг “хэрэг зохиох”-д хэрэггүй болоод сайтаасаа авчихсан бизээ гэж бодож байна.
Мегатөсөл том гэдгээсээ илүүтэй, ярвигтай олон асуудлыг багтаадаг, олон сонирхлын уулзвар, огтолцлыг олох шаардлагатай, улс төрчдийн болон олон түмний зүгээс хардлага, сэрдлэг ихээр дагуулдаг гэдгийг тухайн үед хэлж ярьж байсан маань интернэт орчинд бичлэг хэлбэрээр олноор үлдсэн байгаа.
Тиймдээ ч төслийг хийхдээ ил тод байлгасан маань хожмоо надад болон олон хүнд хэрэг болж байгаа, цаашид ийм байх учиртай юм. Ил тод хийгдээгүй төсөл болгон хардлага сэрдлэг дагуулна. Тийм төсөл бүтэмжтэй байх үндэсгүй болдог.
Энэ төслийг бүтээчих гээд зүтгэж байсан олон залуусыг хараад Монгол өөрийн чадамжтай болж байгаа юм байна гэж баярлаж байсан юмсан. Харамсалтай нь ТТ Төсөл бүтээгүй. Шил мэт хагаран унасан.
Бүтэлгүй төсөлтэй байж билээ гэж муу дурсамжаар цаашид ажлаа явуулдаг дэлхийн компани гэж байдаггүй. Дотоод гадаадын компаниудын нэр хүндэд сэв суулгахгүй гэдэг үүднээс миний хувьд Гэрээний төслийг ил тавихаас өнөөг хүртэл түдгэлзсээр ирсэн.
Үнэнийг хэлж худлыг баримт түшэж няцаах үүднээс ТТ-той холбогдолтой мэдээллийг ээлж дараатай нээлттэй болгоноо. Энэ нь нийтийн боловсролд ч хэрэгтэй байна. Монгол, Хятад, Японы тал намайг уучилна бизээ.
Эхний удаад хамгийн гол гэгдэх Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бүрэн эхээр нь дараахь холбоосоор авч үзэж болно.
эх сувалж: https://paxmongolica.org