УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг” байгуулсан. УИХ-ын 13 гишүүний бүрэлдэхүүнтэй эл ажлын хэсэгт Мэргэжил арга зүйн талаас туслах зорилгоор таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван дэд ажлын хэсэгт 100 гаруй хүн 3 сар орчим ажилласан. Гэвч дүгнэлтийг УИХ-д танилцуултал чамгүй урт хугацааг туулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан “Монгол Төмөрлөг Нийгэмлэг”-ийн тэргүүн, инженер Ц.Бээжингийн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг Өмнөговь аймагт төрж өссөн, мөн инженер мэргэжилтэй нэгэн гэж сонссон. Өөрөөр хэлбэл, та улстөрчид болон бусад мэргэжлийнхнээс арай өөр өнцгөөс Оюутолгой, Тавантолгойн нөхцөл байдлыг илүү ул суурьтайгаар олон нийтэд хэлж чадах хүн. Тиймдээ ч энэ удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд таныг оруулж ажиллуулсан болов уу?
-Монголын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай гэж ярих болж. Улмаар гол зүтгүүр нь Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой. Энэ удаад Эрдэнэтийг орхиё. Таны хэлдгээр хоёр толгойг өнгөтөөр нь ярьж чадах хүн бол би. Инженер хүний хувьд арай өөр өнцгөөс нь нийгэмд зөв ойлголт өгөх чадвар надтай хамтран ажилладаг Эрдэмтэн судлаачдад бий. Говьд төрж өссөн учраас энэ нутгийн газар зүйн, байгаль экологийн онцлог, эрдэс баялгийн нөөц боломж, уул уурхайн салбарыг хөгжүүлэх сайн муу тал, учрах эрсдлийг илүү мэдэх юм. Үе үеийн Засгийн газар Оюутолгой, Тавантолгойг мөнгө олж, эдийн засгаа хөгжүүлэх хэрэгсэл мэтээр харж өнөөг хүрсэн. Гэтэл энэ бол эзэнгүй талаас нүх ухаад авчих баялаг биш шүү дээ. Тэнд хүн, мал, ан амьтан амьдарч, ургамал ногоо ургаж байна. Баг, сум, аймаг гэсэн суурьшлын бүс бий. Түүнчлэн хил алхсан бодлогыг харж чаддаг байх хэрэгтэй.
-Хил алхсан бодлогыг хардаггүй гэж үү?
-Хилийн доторх монголчуудын хэрүүл юу ч биш. Ганцхан зүйлээр жишээ хэлье. Хятад зэсийн баяжмал авахгүй, эсвэл Гашуун сухайт боомтыг хаалаа гэвэл яах уу. Босоо Гамбаа гарч ирээд Монголыг хөгжүүлж чадах уу. Чадахгүй. М.Энхболд, У.Хүрэлсүх ч ялгаагүй. Гагцхүү Гашуун сухайтын боомтоор алт, мөнгө, зэсийн баяжмал, нүүрс гарсны хүчинд хэдэн төгрөг орж ирж тэр нь зөв буруу зарцуулагдаж байгаа асуудал.
-Гашуун сухайтыг хаасан ч өөр боомт Монголд бий. Тийм биш гэж үү. Нөгөөтэйгүүр, хятад зэс, нүүрснээс татгалзах амаргүй шүү дээ?
-Гашуун сухайтыг хаах нь Хятадын хувьд ганц боомт төдий. Юу ч биш. Мэдээж, зэс, нүүрсийг авахгүй гэж хэлэхгүй. Авна. Гэхдээ “Танайх Замын-Үүд эсвэл Шивээ хүрэнгээрээ гаргаад ирвэл түүхий эд авахад чөлөөтэй” гэвэл яах уу. Магадгүй Гашуун сухайтын боомтыг дотоодын улс төрийн нөхцөл байдлаас болж хаах зайлшгүй шаардлага гарлаа гэдэг ч юм уу. Ийм үед Монголчууд хоорондоо мянга хэрэлдээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, урд хөршийг түшиглэсэн эдийн засаг, уул уурхайн наймаа хэр найдвартай вэ гэдэг асуулт.
-Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршөөс илүүтэй хойд талтай харилцахаа мэдэгдсэн. Тэгэхээр боломж бололцоо бий юм биш үү?
-Х.Баттулгын ярьж байгаа зам тээвэр орон зайгаасаа хамаараад өртөг зардал ихтэй. Иймээс Монголын төрд давхар мэх байх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.
-Ер нь Оюутолгой, Тавантолгойг ухахгүйгээр амьдрах боломж байна уу, инженер сэхээтэн хүний нүдээр?
-Оюутолгой, Тавантолгойг зарахгүйгээр ухахгүйгээр амьдрах боломж байна уу. Бусад уурхайгаа ашиглаад экспорт хийж, улсынхаа эдийн засгийг чирээд явах чадавхи байна уу. Байхгүй байсан ч бусад нөөц боломжоо ашиглаад нийгэм эдийн засгийн хөгжлөө авч явах Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Үүний дараа хоёр толгойнхоо хэрүүлийг хийх хэрэгтэй.
УИХ-ын 13 гишүүний мэдлэг, чадвар, дадлага, туршлага хүрэлцэх асуудал биш
-Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдаад зургаан сарын хугацаа өнгөрлөө. Шалгалт дууссан дүгнэлтээ гаргачихсан уу?
Энэ тийм амар асуудал биш ээ. Яагаад гэдгийн учрыг тайлбарлая: Үүнд:
Оюутолгойн бүс нутаг, Оюутолгойн бүлэг орд, Оюутолгой төсөл, “Оюутолгой” ХХК, Оюутолгой уурхай гэх мэт өөр хоорондоо салшгүй нягт уялдаа холбоо бүхий ойлголтыг багцаар нь нэг цул болгож ойлгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монголын төр, нийгэмд ингэж том зургаар нь харж үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын гарц гаргалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй томъёолж байгаа ойлголт байр суурь алга. Манай “Монгол Төмөрлөг Нийгэмлэг”-тэй хамтран ажилладаг эрдэмтэн судлаачид энэ талаар нэгдсэн дүгнэлт, байр сууриа томъёолоод төр засагт түрүүчээс нь хэлээд байхад дээдчүүл нохой хуцсан чинээ тоодоггүй. Ойлгох ч үгүй байна.
Оюутолгойг шалгах ажлын хэсэгт орсон УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Оюутолгойн баримт материалын нэг хуудастай ч өөрийн биеэр танилцаагүй. Монголын нийгэмд шийдлээ хүлээсэн Оюутолгойг зөв замаар явуулъя гэсэн зарчмын асуудалд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж байгаа тэр 13 гишүүнээс нааштай үр дүн гарна гэж итгэхэд бэрх. Таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулж ажилласан 100-аад хүн үнэндээ Оюутолгойн тухай анхны ч ойлголтгүй шахуу ЦҮНХ БАРИГЧ залуучууд ихэнх нь байгаа нь нууц биш. Тийм хүмүүс тэр 13 гишүүнд юу бичиж бэлтгэж өгөх нь ойлгомжтой биздээ.
Оюутолгой тойрсон асуудал 1990-ээд оны дунд үеэс Монголын төрийн томчууд санаатай, санамсаргүйгээр орооцолдсон ээдрээтэй сэдэв тул тухайн асуудлын үүсэл, сэдэл, 20 гаруй жилийн үйл ажиллагааг судалж ойлгож байж юуг нь шалгах, алдаа оноог нь дэнслэх, хуулийн үндэслэл гаргалгаа бүхий үнэлэлт дүгнэлт гаргах ёстой. Түүнээс биш Оюутолгойгоос ирүүлсэн хагас дутуу тайлан баланс, хэд гурван бичиг цаасыг хараад бодитой ойлголт авч чадахгүй.
Ер нь ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн гишүүд Оюутолгойг шалгаагүй.
-Шалгаагүй гэнэ ээ?
-Зөвхөн Оюутолгойтой танилцах төдий л үйл ажиллагаа болсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Монголын төрийн нэрийн өмнөөс тодорхой нэг аж ахуйн нэгж төслийн үйл ажиллагааг шалгах үйл явц гэдэг арай өөр түвшинд зохион байгуулагдах ёстой
Миний бие Оюутолгойд анхаарч гүнзгийрүүлэн шалгах ёстой нилээд олон зөрчил, асуудлыг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва болон 13 гишүүн, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт албан бичгээр сануулж шаардсан боловч тэд шалгах нь битгий хэл Монголын ард иргэдэд мэдээлэхээс ч цааргалж нуун дарагдуулж байна.
-Шаардлагад юу гэж бичсэн юм бэ?
-Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 16-нд Төрийн ордны Сүхбаатар танхимд ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанд 80-аад хүнд “Оюутолгойд өдөрт 1сая.гаруй ам.долларын өр нэмэгдэж байгааг зогсоох талаар энэ ажлын хэсэг яаралтай арга хэмжээ аваач…” гэж шаардсан. Мөн Оюутолгойн ил болон далд уурхайд хөрсний хагарал үүсэж, төлөвлөсөн уулын ажлын горим зөрчигдөж, аваар осол нуралт үүсэх эрсдэл бий болсон байгааг нарийвчлан шалгаач гэдгийг УИХ-ын 13 гишүүн, Д.Сумъяабазар сайдад албан тоотоор шаардсан. Дубайн гэрээг үндэслэн зээлж эхлээд байгаа 6 тэрбум ам.долларын зээлээ Оюутолгой төлж чадахгүй бол “Эрдэнэт”-ийн адилаар гадаадын арбитрын шүүхэд дуудагдаж “Стандарт чартеред” банкинд Оюутолгой орд хураагдах эрсдэл байгааг шалгаач гэж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Наранцогтод дэд ажлын хэсгийн Алтанзул, Сонор, Лхагвазаяа зэрэг хэлтэс газрын дарга нараар нь дамжуулан шаардсан таг чиг…. Энэ мэт зайлшгүй, хойшлуулшгүй нарийвчлан шалгаж, засаж залруулах ёстой асар олон зөрчил, дутагдал эхнээсээ надад анзаарагдсан боловч ажлын хэсэг нуун дарагдуулж байна.
Оюутолгой төсөлд нийтдээ 1 тэрбум орчим ам.долларын зөвлөх үйлчилгээг “Рио Тинто” болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдээс авсан байгаа. Ийм их өртгөөр өөрсдийгөө бүх түвшинд хамгаалалт бий болгосон үйл ажиллагааг шалгаж но-г нь хөдлөшгүй баримтаар хуулийн үндэслэлтэй тогтооно гэдэг тэр 13 гишүүний мэдлэг, чадвар, дадлага, туршлага хүрэлцэх асуудал биш. Үнэхээр үнэн мөнийг олж засаж залруулъя гэж байгаа бол зайлшгүй эрдэмтэн судлаачдын үндэсний багийг бүрдүүлж ажлын хэсэг хамтарч ажиллах ёстой. Ингэж байж бодит үр дүн гарна. Уг нь Оюутолгойг шалгах ажлын хэсэг байгуулсан УИХ-ын даргын 57-р захирамжийн 2-р заалт нь “Мэргэжлийн шинжээч судлаачдын баг байгуулж хамтарч ажилла” гэсэн. Гэтэл ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва тийм хүмүүс ажиллуулах мөнгө зардал байхгүй гээд хээвнэг хэлж цааргалсаар зургаан сар боллоо. Төрийн ажилд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Таван яамнаас байгуулсан дэд ажлын хэсгийн хүмүүс мэргэжлийн судлаач шинжээчид биш Цүнх баригч голдуу залуучууд гэж дээр хэлсэн дээ. Тэгээд ч тэр яам тамгын ажилчид хэдийгээр эх оронч сэтгэлтэй байлаа гээд Оюутолгойн но-г илчилбэл маргааш нь ажлаасаа халагдах эрсдэлтэй нь нууц биш. Монголын нийгэм дэх бодит байдал ийм байгаа шүү дээ.
Ийм хөндий хүйтэн сэтгэлтэй, хариуцлагагүй ажлын хэсэг гэгчээс ямар дүгнэлт гарах вэ дээ.
-Дүгнэлт гарчихсан шүү дээ?
-Ажлын хэсэг дүгнэлт гаргах болоогүй. Ахиж сунгаж хөндлөнгийн хараат бус үндэсний эрдэмтэд, судлаачдын баг бүрдүүлж төрийн хяналт шалгалтын эрх бүхий институцүүдийн оролцоо иргэдийн хяналт дор Оюутолгойн үйл ажиллагааны нэгж бүрийг нарийвлан шалгаж, үр дүнг нь ард иргэдээр хэлэлцүүлж, дараа нь УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж би ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж дүр төрхийг нь мэдэхийн хувьд санал болгож байгаа.
-Гэвч ажлын хэсгийн ахлагч дүгнэлт бэлэн болсон гэж байсан?
-Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва шалгалтын дүгнэлт УИХ-д оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болсон гэж нийгэмд мэдээлээд байгаа. Үүн шиг худлаа юм байхгүй. Ийм хариуцлагагүй халтуурдсан дүгнэлт гэх бичиг баримтыг УИХ хэлэлцвэл нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болно. Тэгээд ч Д.Тэрбишдагвын бэлэн болсон гээд байгаа дүгнэлттэй ажлын хэсгийн гишүүн 100 гаруй хүн танилцаж, зөвшөөрч, гарын үсгээ зураагүй байгаа. Нэгэнт ажлын хэсгийн гишүүн гэж ажилласан юм чинь нэгдсэн дүгнэлттэйгээ танилцаж өөрийн санаа оноо туссан эсэх, зөвшөөрч байгаа эсэхээ хэлэх, танилцах эрхтэй биздээ. Д.Тэрбишдагва ингэж Монголын нийгмийг хуурч болохгүй. За ажлын хэсгийн дүгнэлт гэгчийн талаар иймэрхүү л дүр төрхтэй байна даа.
-Хэрэв Оюутолгойн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл яах вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээний 14–р заалтад маргаан шийдвэрлэх талаар тусгасан. Хоёр тал эв зүйгээр хэлэлцэн шийдэж чадахгүй бол Лондонгийн арбитрын шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт бий. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөхгүй бол Лондонгийн арбирийн шүүх дээр очиход Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний язгуур эрх ашгаа хамгаалсан, санхүү эдийн засгийн, хууль эрх зүйн үндэслэл, чадамж бүхий дүгнэлт УИХ-ын ажлын хэсгээс гараасай гэсэн зарчим баримталж, энэ ажлын хэсэгт ажилласан. Үүнийгээ ч ажлын хэсгийн ахлагч болон гишүүддээ хэлсэн. Миний хувьд инженер, мөн хуучин нийгмийн үед бэлтгэгдсэн сэхээтэн, тухайн үедээ нийгэмд Төр засгийн Шинжлэх ухаан техникийн бодлогыг зангидаж байсан байгууллагад ажилласан хүний хувьд нотлох баримттай, тооцоолол, эх сурвалжтай баталгаатай зүйл ярина.
-Ажлын хэсэг таны санасанд хүртэл ажиллаж чадаагүй бололтой?
Энэ ажлын хэсгийн дүгнэлт Оюутолгойн гэрээг зайлшгүй сайжруулах нөхцөл байдал үүсжээ гэдгийг Монголын нийгэмд байтугай дэлхий нийтэд ойлгогдохоор түвшинд гарган ирж баталгаажуулаад, нийт ард түмнээр хэлэлцүүлсний дараа ном журмаар нь байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан руу оруулах ёстой.
-Ажлын хэсэг таван дэд хэсэгтэй. Та Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн дэд ажлын хэсэгт багтсан. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааг шалгана гэхээр юу багтах уу?
-Ажлын хэсэг таван дэд хэсэгтэй ажилласан. Нэгдүгээр дэд ажлын хэсэг нь Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа + төсөв санхүүг нь шалгах юм. Үндсэн үйл ажиллагаа гэдэгт үндсэндээ бүх юм орно. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогт манай ажлын хэсгийн ахлагч нь. Сангийн яамныхан төсөв, санхүү гэсэн хоёр дахь заалтад ач холбогдол өгч, голлож төсөв санхүүгийнх асуудлыг шалгасан. Зөвхөн манай дэд ажлын хэсэгт 25 хүн ажилласан.
-Хоёр дахь заалтад анхаарч, эхнийхийг нь орхигдуулсан гэсэн үг үү?
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Наранцогт ахалсан манай дэд ажлын хэсгийн удирдамжид тусгагдсан 1 дүгээр ажил нь хаягдчихсан. Нэгэнт тэр захирамжид үндсэн үйл ажиллагаа гэж орсон учраас үүнийг шалгаж үзэх хэрэгтэй байсан. Үндсэн үйл ажиллагаа гэж юу болох, юу хамаарах уу, ямар цар хүрээг хамруулж шалгах уу гэдгээ тогтоож, үүнээс төсөв, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн өгөгдлүүд нь гарч ирэх зүй тогтолтой. Өнөөдөр Оюутолгойд үүсээд өдөр бүр 3 сая ам.доллароор нэмэгдэж бичигдээд байгаа 11 тэрбум гаруй ам.долларын өр үүсээд байгаагийн уг үндсийг олж тогтоож шалгана гэсэн үг.
-“Оюутолгой” компанийн захирал Армондо Торрес саяхан болсон “Дисковери монгол” чуулганд Оюутолгой төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад нийт 8 тэрбум гаруй ам.доллар буюу 15 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь Монгол Улсын 2017 оны татварын нийт орлогоос гурав дахин их байна гэж хэлж байсан?
-8 тэрбум ам.долларыг санхүү талаас нь харахад их мөнгө. Тайланг нь харахаар баяжуулах үйлдвэрт тэрбум, ил уурхайд тэрбум, далд уурхайд 2 тэрбум гэх мэтээр тоо зоочихсон. Тэгвэл үүний задаргаа баяжуулах үйлдвэр гэж юу юм. Хичнээн иж бүрдэл, шугам дамжлагатай, ямар үйлдвэрийн техник технилогитой, тэр нь дэлхийн жишигт ямар үнэ ханштай, ханган нийлүүлэлт ямар өртөгтэй. “Эрдэнэт”-ээс юугаараа ялгаатай юм гэхчлэн харьцуулах, судлах юм их бий. Цаашлаад далд уурхайн 6-10 метрийн диаметртэй, 1300 метр гүн, босоо амны нэг метр тутмынх нь уулын болон цутгалтын болон тоноглолын ажил нь ямар өртөгтэйгөөр тайланд тусгагдсан техникийн зураг проект нь хаана хэрхэн хийгдсэн гэх мэтийг газар дээрхи гүйцэтгэлтэй нь тулган шалгах ёстой. Тоо хараад дүгнэлт гаргахын тулд баяжуулах үйлдвэр, ил, далд уурхайн босоо ам, дэд бүтцийн байгууламжууд, геологи судалгааны ажил гэх мэт энэ бүх зүйлээ эхэлж мэдэх учиртай. Энэ бүхэн үндсэн үйл ажиллагаа юм.
-Тэгвэл үндсэн үйл ажиллагааг огтхон ч шалгаагүй. Тоон мэдээллээр дүгнэлтээ боловсруулсан нь учир дутагдалтай гэж та хэлж байгаа бололтой. Магадгүй гол зорилго нь хөрөнгө санхүүг нь шалгах байсан юм биш үү?
-Үндсэн үйл ажиллагааныхаа шаталбар, нэгж, үйлдэл болгоныг эхэлж зоочихоод түүнд нь таарсан 10 хэдэн жилийн үйл ажиллагаанд ямар хөрөнгө оруулалт, ямар мөнгөн дүнгээр хийгдэв. Үнэхээр бодит ханшаар хийгдэж үү, үр ашиг байна уу гэхчлэн мэргэжлийн олон юм бий. Жишээ нь, геотехникийн дүгнэлт муу гарсан учраас далд уурхай дээр нэлээн хэдэн цооногийг ашиглах боломжгүй, агааржуулалтын цооногуудыг булсан талаар Австралиас далд уурхайн инженер нь онлайнаар тайлан илгээсэн. Тэр булсан агааржуулалтын босоо амны өртөг нь хэдэн сая ам.доллар юм. Ажлын хөлс нь хичнээн ам.доллар уу гэхчлэн энэ бүх доллар салхинд хийссэн болж таарах нь. Энэ бол хариуцлагагүй явдал. “Рио Тинто”-гийн менежмент муу байгаагийн илрэл.
“Рио Тинто”-гийн тал 8 тэрбум ам.долларын нэг тэрбумыг нь зөвлөх үйлчилгээ нэрээр гаргасан
-Сангийн яамныхан ажлаа ойлгохгүй, юу шалгахаа мэдэлгүй наагуур нь илчихэв үү, эсвэл мэдлэг дутав уу?
-Сангийн яамныхан үндсэн үйл ажиллагааг нэгдүгээрт ойлгохгүй, хоёрдугаарт, лавшруулж, үйл ажиллагааг нь санхүү мөнгөтэй холбож үнэн мөнийг ольё гэсэн сонирхол байхгүй. Ерөнхийд нь толгойг нь илэх байдлаар шалгасан.
-Ажлын хэсэг хангалтгүй ажилласан болохоор гэрээг засаж залруулах боломж хомс болж мэдэх юм. Тийм биз?
-Бараг тиймэрхүү. Гэхдээ бага ч гэсэн үр дүн гарах ёстой.
-Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүний бэлэн болсон гээд байгаа дүгнэлт ямар байдлаар гарсаныг хэлж болохгүй юу?
Дүгнэлт гэгч нь ямар байдлаар гарсан нь нууц байгаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Би анхнаасаа Оюутолгойн гэрээг шүүмжилж байсан. 2009 оноос хойш энэ байр суурин дээрээ байгаа” гэж өөрийгөө магтаад байгаа. Гэвч үнэхээр гэрээг сайжруулах сонирхол бий эсэхэд нь эргэлзэх юм.
-Яагаад. Хүнийг хоосон хардаагүй байх?
-УИХ-ын даргын 57 дугаар захирамжийн 2 дахь заалт нь мэргэжлийн багийг энэ ажлын хэсэгт авч ажиллуулах тухай. Энэ бол маш зөв бөгөөд сайн заалт. Яам, тамгын газрынхан мэргэжлийн хүмүүс биш. Оюутолгой төсөл дэлхийн түвшний төсөл. “Рио Тинто”-гийн тал 8 тэрбум ам.долларын нэг тэрбумыг нь зөвхөн зөвлөх үйлчилгээ нэрээр энэ 9 жилд гаргасан байна. Энэ талаар санхүүгийн баримтад нь бий. Тодруулбал, Оюутолгойн санхүүгийн баримтыг он оноор нь үзэхэд өнгөрсөн 9 жилд зөвлөх үйлчилгээнд нэг тэрбум ам.доллар “Рио Тинто” болон түүний хамаарал бүхий компани руу шилжсэн.
-Шинжээч, мэргэжлийнхнийг авч ажиллуулаагүй нь асуудлын гол гэж үү?
-Гол нь ийм хэмжээний зөвлөх үйлчилгээ авч байгаа талтай маргаан үүсгэж, компанийнх нь алдааг олж гаргаж ирж, зайлшгүй хүлээн зөвшөөрүүлж, гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьж тулган хүлээлгэж, хэлэлцээрт орно гэдэг хэцүү. Тийм учраас УИХ-ын дарга ийм түвшинд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулахын тулд төрөл бүрийн мэргэжлийн шинжээч, зөвлөхүүдийг авч ажиллуулах талаар хоёр дахь заалтдаа тусгасан.
-Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлөгдөж, Д.Тэрбишдагва томилогдсон даруйдаа Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийсэнийг та дээр хэлсэн. Хуралд байсан 80 гаруй хүн таны хэлээд байгаа цүнх баригчид уу?
-Энэ оны тавдугаар сарын 16-нд Төрийн ордны Сүхбаатар танхимд таван дэд ажлын хэсгийн 100 гаруй хүн нэгдсэн хуралдаан хийсэн юм. Таны хэлсэнчлэн Д.Тэрбишдагва ажлаа аваад удаагүй байсан. Тэр үед би “УИХ-ын даргын захирамжийн 2 дахь заалтыг та хэрэгжүүлээ. Тэгэхгүй бол энэ 100 хэдэн хүн чинь 100 хэдэн юм ярина. Энэ хэмжээний өгүүлбэр бичнэ. Тэр нь Монгол Улсын эрх ашиг дээр зангигдах үг, өгүүлбэр болон учраас эрдэмтэн судлаач, шинжээчдийг авч ажиллуулах хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Олон улсын жишгээр зөвлөх үйлчилгээ авах юм. Тэр дагуу зөвлөх үйлчилгээ ав гэсэн. Геологич, байгаль орчин, баяжуулах үйлдвэр, далд уурхай, хөдөлмөрийн харилцаа гээд бүхий л зүйл дээр зөвлөх үйлчилгээ авч, тэнд цугласан бүрэлдэхүүнээр нэгтгэх ажилбаруудыг хийлгэ гэсэн юм.
-Ажлын хэсгийн ахлагч юу гэж хэлсэн болоод шинжээч аваагүй юм?
-Төрд мөнгө байхгүй гэсэн. Иймээс зөвлөх үйлчилгээ авах боломжгүй.
-Тэгээд аваагүй байх нь?
-Тийм. Ингээд аваагүй. Одоо ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нэгдсэн чуулганы хуралдаан дээр юу гэж хэлэх үү гэхээр “Би маш сайн дүгнэлт бичиж, Оюутолгойн гэрээг засаж сайжруулья гэсэн чинь 76 гишүүн зөвшөөрсөнгүй. Би уг нь Оюутолгойн гэрээг ашигтай болгох гэж байсан” гэх байдлаар 2020 оныхоо сонгуулийн шоуг хийх биз. Ийм юм байж болохгүй ээ.
-Ажлын хэсгийн дүгнэлт Оюутолгойн гэрээг засахаасаа илүүтэй улстөрчдийн сонгуулийн шоу болж хувирах вий гэж үү. Магадгүй л юм. Энэ сэдвийг ярьсаар Ерөнхийлөгч болох шахсан хүн ч бий шүү дээ?
-Уг нь Д.Тэрбишдагва УИХ-ын даргын захирамжийн дагуу зөвлөх үйлчилгээг авч Монголын хэмжээний шинжээч, мэргэжилтэн, эрдэмтдийг ажлын хэсэгт ажиллуулаад дүгнэлт гаргуулаад “… Дүгнэлт нь энэ байна. Энэ дүгнэлтийг УИХ ингэж хүлээж авлаа, ингэж няцааж буцаалаа…” гэж нийгэмд ил гаргаж тавьбал тэр харин эх оронч төрийн түшээ. Тийм ямар ч алхам хийсэнгүй. Төрд ямар ч мөнгө байхгүй гэдгээр ам хаасан.
-“Оюутолгой” ажлын хэсгийнхэнд шаардлагатай баримт бичгийг хэр гаргаж өгсөн бэ?
Хагас дутуу гаргаж өгсөн. Үүнийг нь УИХ-ын ажлын хэсгийн 13 гишүүний нэг нь ч очиж үзээгүй.
-Яагаад..?
-Мэдэхгүй. Үзээд ойлгохгүй гэж бодсон уу. Таван дэд ажлын хэсгийн Төрийн яамны нарийн бичгийн дарга нар дээр цугласан 100 гаруй хүн бүх баримт материалыг үзэх чиглэлийг өгсөн. Тэр хүмүүс үзсэн. Харин “Оюутолгой” тодорхой хэмжээний материалуудаа үзүүлсэн. Үзээд ойлгохгүй гэж бодсон уу, эсвэл үзээд юу ч олж чадахгүй гэсэн үү. Магадгүй юм олсон ч дээд түвшинд нь тохиролцож асуудлыг дарна гэж бодсон уу. Ямар ч байсан материалуудаа нилээдийг үзүүлсэн.
-Ажлын хэсэгт үзүүлсэн материалууд хаана байгаа вэ?
-Сангийн яаман дээр аудитлагдсан тайлан баланс, уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, бүх данснуудын дэлгэрэнгүй, мөнгөн гүйлгээний задаргаа санхүүгийн материалууд ирүүлсэн. Авчирж үзүүлэх боломжгүй компани дээр ирж үзэж болно гэсэн бичиг баримтуудыг тэнд нь очиж үзсэн. Харамсалтай нь ихэнх нь англи хэл дээр. Зарим нь орчуулгатай. Тэрийг нь “Эрдэнэс Монгол”-ын нэг ажилтан бид хоёр үзэж танилцсан .
-Оюутолгойг зургаан тэрбум ам.долларын барьцаанд тавьчихсан Оюутолгойг барьцаанд тавьчихсан. Шулуухан хэлэхэд, энэ орд Монголын харьяаллаас удахгүй гарч мэдэхийг мэргэжлийнхэн хэлдэг. Ажлын хэсэгт орж ажилласан мэргэжлийн хүний хувьд гартаа барьсан зүйл бий байх?
-Дубайн гэрээгээр С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрыг ялладаг. Гэтэл Дубайн гэрээ юу ч биш. Дубайн гэрээг үндэслээд 2015.12.15-нд хийгдсэн Оюутолгойг тэр чигээр нь барьцаанд тавьсан зургаан тэрбум ам.долларын зээлийн гэрээ, үүнийг дагалдсан барьцааны гэрээ, векселийн гэрээ, даатгалын гэрээ, эрх шилжүүлэх гэрээ гэхчлэн 3000 гаруй хуудас бүхий 20 гаруй төрлийн гэрээ бий.
-Дубайн гэрээг үзэглэсний дагуу хийгдсэн ажил тийм биз?
-Дубайн гэрээгээр эрх олгогдсоны дагуу Оюутолгой компанийн захирал бүх гэрээнд гарын үсэг зурсан.
-Оюутолгойг тэр чигт нь барьцаалсан гэнэ ээ?
-Барьцааны зургаан гэрээ бий. Нэгдүгээрт, 274 төрлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан.Гүний худгууд, Баяжуулах үйлдвэр, Сендвичэн барилгууд гэх мэт. Хоёрдугаарт, лиценз барьцаалсан. Гуравдугаарт, гадаад болон дотоод дахь данс барьцаалсан. Дөрөвдүгээрт, одоо болон ирээдүйд үүсэх эрхийг барьцаалсан. Энэ бол лицензээс тусдаа асуудал. Тэр эрх дотор ус, төмөр зам, авто зам ашиглах, өндөр хүчдэлийн шугамаа өмчлөх зэрэг бүх эрх багтана. Тавдугаарт хөдлөх хөрөнгө барьцаалсан гэх мэт.
-Барьцаанд авсан газар нь..?
-Хамгийн аюултай нь “Эрдэнэт”-ийн Стандарт банкны 109 сая ам.доллар юу ч биш. Дэргэд нь инээд хүрнэ. Дубайн гэрээг үндэслэн олон улсын банк санхүүгийн 17 байгууллагаас маш өндөр хүүтэй зээлсэн 6 тэрбум ам.долларын барьцаанд Оюутолгойг тавьчихсан. Ганц жишээ хэлэхэд: 30 жилээр олгосон Оюутолгойн ашиглалтын лиценз төв оффис дээрээ эх хувиараа байхгүй. Стандарт Чартерэд банкинд байгаа.
-“Эрдэнэт” болоод Оюутолгойн цаана нэг эрх ашиг бий болж таарах нь. Тийм үү?
-Үүнийг чинь л Тэрбишдагваар ахлуулсан тэр сүртэй УИХ ын ажлын хэсэг шалгаж ард түмэнд мэдээлэх ёстой юм байгаа биздээ.
-Гэрээг сайжруулана гэж цээжээ дэлдэх зуур Оюутолгой хэдийнэ Монголын мэдлээс гарчихаж?
-Таны наад асуултад би биш УИХ ын Ажлын хэсгийн 13 гишүүн хариулах ёстой, үүрэгтэй, эрхтэй.
-Зээл төлөх хугацаа нь хэдийд вэ?
-Зээл төлөх хугацаа бий. Гэхдээ 6 тэрбум ам.долларын зээлийг төлөх график байхгүй. Жишээ нь:Хувийн жижиг талхны цех банкнаас ганц сая төгрөгийн зээл авах гэж бөөн юм болдог доо. Хэдэн талх хийх үү, исгэгч нь хэдэн төгрөг, ямар гурил хэрэглэх, талх нь дөрвөлжин үү, гурвалжин уу, ямар үнээр зарах уу, борлуулалтын сүлжээ нь хаагуур байна. Хэдэн ажилчин ажиллах уу, байрны түрээс хэд үү гээд. Хэр хэмжээний ашиг олж хэдийг нь зээлэндээ өгч, хэдийг цалин, татвартаа өгөх үү гээд шат дараатай. Үүнтэй ижил 6 тэрбум долларыг ийм эх үүсвэрээс ингэж хуримтлал үүсгэж, хэдэн хувийг нь төслийнхөө хөрөнгө оруулалтад хийх, хичнээнээр нь зээлээ төлөх гэх мэт ямар ч тооцоо судалгаа байхгүй.
-Үүнийг дагасан 27 гэрээ бий гэсэн?
-Дагалдаад Вексеклийн гэрээ, өр төлүүлэх гэрээ гээд олон гэрээ бий. Тэдгээр нь Оюутолгой төслийг санхүүжүүлэх ашигтай байлгах талаас нь дэмжлэх үзүүлэх гэрээнүүд биш. Харин 6 тэрбум ам.долларын зээлээ төлж чадахгүй бол Оюутолгой төслийг яаж хувааж эзэмших вэ гэсэн утгатай гэрээнүүд юм шиг байна лээ.
-Оюутолгойг хэн идэх нь хэдийнэ тодорхой болчихож..?
Төслийг, үйл ажиллгааг дэмжих үг өгүүлбэр гэрээнд байхгүй. Жишээ нь, зээлийн гэрээнд давуу эрхтэй зээлдүүлэгч гэж бий. Харин зээл төлүүлэх гэрээнд давуу эрхтэй зээлдүүлэгч тэргүүн эгнээд зээлээ төлүүлнэ гэсэн заалттай. Зээлээ төлүүлж чадахгүй бол тэргүүн ээлжинд барьцааг авах тухай ч тусгагдсан. Тэгэхээр хэрхэн хувааж авах тохироо мөн биз.
-Оюутолгойд 6 тэрбум ам.доллар зээлдүүлэгч нар нь хэн байна вэ?
-Франц, Австрали, Канад, Америк, Японы Засгийн газар, тэдгээрийн нийгмийн даатгал, төрийн өмчийн тусгай зориулалтын сангуудын хувь нийлүүлсэн банк, санхүүгийн байгууллагууд багтсан. Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд мөн гэдэг нь улам баталгаажиж байгаа биз.
С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар энэ гэрээний эхлэлийг тавиагүй
-Ийм аймшигтай зүйл болох эхлэлийг тавьсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг буруутгах нь зүйн хэрэг юм биш үү?
-2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Хүмүүс энэ цаг тооллоос эхэлж Оюутолгойг ярьдаг. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр яг нарийндаа эхлэлийг нь тавиагүй ш дээ.
-Ямар үндэслэлээр ингэж хэлэх болов?
-Юмыг уг үндсээр нь авч үзвэл 1997 онд УИХ баталсан Ашигт малтмалын хуулийн дагуу Ашиглалтын лиценз Айвонхоу Майнз Монголиа Инк компанид өгөгдчихсөн байсан учраас энэ компанийн уурхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэрээг л С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг төлөөлж С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт гэдэг гурван сайд хийсэн. Гэтэл Оюутолгойн будлианы үндсийн үндэс болсон Ашиглалтын лиценз Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас зургаан жилийн өмнө 2003 оны арванхоёрдугаар сарын 23-нд өгөгдсөн. Тухайн сарын 22-нд Орост их өр төлөх бэлэн мөнгөний дутууд 50 сая ам.долларыг Засийн газрын дансанд Фрийдланд хийж, хариуд нь маргааш нь А лицензийг авсан гэсэн үг. Хэрэв А лиценз өгөгдөөгүй бол С.Баяр тэргүүтэй Засгийн газар 2009 оны аравдугаар сарын 6-нд ямар нэг гэрээ хийх боломжгүй байсан.
-А лицензийг олгосон хүн нь Н.Энхбаяр гэсэн үг үү?
-Нэгэнт лиценз нь өгөгдөөд зургаан жил үйл ажиллагаа нь явчихсан. Ашиглалтын лиценз олгогдсоны хэдхэн сарын дараагаас 1-р Босоо ам нь 2004 он гармагц доошоо нэвтэрч ухаад эхэлчихсэн байхад хэнбугай ч байсан гэрээ хийх нөхцөл байдал бий болсон. Олон улсын шахалт ч үүссэн байх. Ядаж А лицензийг өгөх хугацааг 1-2 жилээр хойшлуулж тэр хооронд нийгмийн зөвшилцөл, эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсч, төрийн шийдвэр гаргасан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй ч байх байсан юм бил үү. 2003 оны арваннэгдүгээр сард Роберт Фридланд “…Оюутолгой бол Монголын говьд байх нэг жижиг орд биш. Оюутолгой бол Монголын говийн Дэлхийд дээгүүрт орох Алт зэсийн цуврал бүлэг ордын өчүүхэн нэг хэсэг …” гэж дэлхийд зарлаад байхад энэ үнэ цэнэтэй бүс нутгийнхаа талаар ултай суурьтай судалж Төрийн бодлогоо томёололгүй хөнгөн хийсвэрээр хайнга, мэдлэг, мэдрэмжгүй хандаж А лиценз олгосон нь маш хариуцлагагүй үйлдэл.
-Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед эрдэмтэн, судлаачид үгээ хэлж эсэргүүцэл илэрхийлж байсан ч хэн нь ч А лицензийн талаар ам ангайгаагүй. Төрийн түвшинд ч ялгаагүй?
-Энэ бүхнийг “Рио Тинто”-гийнхон хараад инээд нь хүрч байсан биз. Хуулийн дагуу А лиценз 30 жилээр авчихсан компанийг яах юм. А лицензийг 2003 оны арванхоёрдугаар сарын 23-нд олгосон. Өвөл байсан Шинэ жил болсон. Дараа нь цагаан сар үргэлжилсэн. Гурван сард урь оронгуут босоо амаа ухаж эхэлсэн. Босоо амыг ухахын тулд А лиценз хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад хэдийнэ ухаад эхэлчихсэн байж?
-2009 оны гэрээ байгуулагдахад 1-р босоо амаа ухаад бараг дууссан байсан.
-Гэрээг үзэглэсэн сайд нар мэдээгүй гэж мэлзэхгүй байлгүй дээ?
-Гэрээ баталж байсан хүмүүс мэдэж байсан. Тэдний хариуцлагагүй үйлдэл нь зургаан жил болсон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг судалж Монгол талын хувь хэмжээ нөгөө талын оруулсан хөрөнгө оруулалтыг хянаж, хөндлөнгийн экспертиз дүгнэлт гаргуулж, Монголынхоо эрх ашгаа хамгаалсан гэрээ хийж чадаагүй. Энэ нь тэдний алдаа. Буруу замаар нь тавьж, дураар нь явуулах эхлэл нь А лиценз судалгаагүй олгогдсоноос.
-УИХ-ын 13 гишүүн Оюутолгойн материалтай танилцаагүй гэж байсан. Ер нь ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?
-УИХ-ын 13 гишүүн нэг хуудас цаас ч хараагүй. Хүмүүс ойлгохдоо 13 гишүүн үзэж хараад хэдэн сар боллоо гэдэг. Гэтэл тэд цүнх баригч хэдэн бацаанаа дэд ажлын хэсэгт оруулчихсан. Тэднээсээ мэдээлэл авдаг байлгүй. Яахав, нөгөөдүүл нь анхан шатны баримт материалууд гаргасан байх. Тус тусдаа тайлан бичиж байгаа. Тайлангаа ажлын хэсгийн ахлагчид өгнө. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь Эрдэнэбилэг гэж хүн УИХ –ын Тамгын газрын монаторинг хяналт шинжилгээний хэлстийн дарга юм байна лээ.
-Ажлын хэсгийнхний шалгалт гэж халтуурны ажил л болжээ дээ?
-Халтуурдсан гурилдсан зүйл их бий.
Оюутолгойтой шууд хамараалтай нэр бүхий дөрвөн гишүүн бий
-Мэргэжлийн холбоод ороогүйд та гомдолтой байгаа юм байна?
-Таван дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ядаж мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодыг оруулах хэрэгтэй. Геологичдын холбоо,Эх орноо гэсэн үнэнч сэтгэлтэй Ахмад геологичид, Ил далд уурхайн инженер техникчид, Баяжуулах үйлдвэрийн инженер техникч,технологичид, Геотехникийн үндэсний эрдэмтэн мэргэжилтнүүд гэх мэт олон төрөл мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсэгт оруулсан бол үр дүнтэй байх байлаа.
-Монголд байгаа холбоод дотроо хагаралтай. Геологичдын холбоо хүртэл хоёр бий байх аа?
-Хоёр холбоо байдаг байх. Нэг нь Гадныхны ивээн тэтгэлгээр санхүүждэг, нөгөө нь борчуудынх. Хоёуланг нь оруулахад болох л байсан. Тэгээд тал талаасаа байр сууриа илэрхийлж үнэлэлт дүгнэлт өгч болно биздээ. Уул уурхайн яам юу хэлэх нь үү. Мөн чөлөөт эрдэмтэд, ШУТИС-ийн уул уурхайн сургуулийнхан гэдэг ч юм уу. Орох сонирхолтой салбар мэргэжлийн эрдэмтдийг оруулж ач холбогдол бүхий ажилбар үйл ажиллагаа, функц болгон дээр нь жинхэнэ хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн дүгнэлт гаргах хэрэгтэй байсан.
-Одоо асуудал нэгэнт өнгөрсөн юм биш үү?
-УИХ-ын даргын гуравдугаар сарын 23-ны захирамжид хугацаа заагаагүй. Тиймээс дүгнэлтийг намрын чуулганд оруулах гэж яарах хэрэггүй.
-Мэргэжлийн хүмүүс оруулж, дахин шалгалт хийх гэж үү?
-УИХ-ын дарга захирамжиндаа нэмэлт хавсралт оруулж, ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх тухай тусгах хэрэгтэй. Одоо авагдсан материал дээр жинхэнэ салбар мэргэжлийн шинжээч нарыг төлбөртэйгөөр ажиллуулж бодитой дүгнэлт гаргуулахаар зааж болох юм. Хоёрдмол санаагүйгээр зааж өгөх хэрэгтэй. Улмаар хөрөнгийн эх үүсвэрийг нь Сангийн яаманд зааж өгөх байдлаар ч юм уу.
-Улс мөнгөгүй гэх хариултыг дахиад сонсвол яах вэ?
-Шинжээч заавал төлбөртэй байдаг, хуулийнхаа дагуу. Төлбөрийн эх үүсвэрийг зааж өгөөгүйгээс Тэрбишдагва мөнгөгүй гэдгээр Оюутолгойг шалгах УИХ ын ажлын хэсгийг ямар ч үр дүнгүй болгож халтуурдаж байна.
-Энэ хөрөнгийг гаргах боломж бололцоо таны бодлоор хэр байна?
-УИХ-ын гишүүд тойргийн мөнгө гэж гурван тэрбум авдаг гэсэн яриа бий. Үнэн, худлыг нь сайн мэдэхгүй. Тэгвэл ажлын хэсэгт багтсан УИХ-ын 13 гишүүн хэдэн төгрөг гаргачих л даа. Ганц удаа эх оронч сэтгэлээр. Эсвэл УИХ-ын дарга эрх мэдлийнхээ хүрээнд багцаасаа гаргахад болохгүй зүйлгүй. Өнөөх торйгийнхоо мөнгийг ч юм уу. Ганц удаа тойргийн мөнгөө тойрогтоо биш нийт монголчуудынхаа эрх ашгийн төлөө зарцууллаа шүү. Та нар минь ойлгоорой гэх байдлаар.
-Одоогийн гаргасан дүгнэлт гэрээг сайжруулж чадахгүй нь тодорхой юм байна. Таны ярианаас тэгж ойлголоо. Зөв үү?
-Гэрээг сайжруулж чадах нь эргэлзээтэй.
-Хэзээ нэгэн цагт Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт УИХ-д орж хэлэлцэгдвэл хир нааштай үр дүн гарах бол гэж та харж байна?
-Оюутолгойтой шууд хамаарал бүхий туслан гүйцэтгэл, ханган нийлүүлэлт хийж байгаа компанийн эзэн, үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, удирдлагад нь ажиллаж байсан УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн байна. Оюутолгойтой шууд бус дам хамааралтай хичнээн УИХ-ын гишүүн байгааг бүү мэд. Эдгээр УИХ-ын гишүүд эх орноо, ирээдүй хойчоо бодоод Оюутолгойн Шалгалтын дүнг хэлэлцэх УИХ-ын байнгын хорроны болон нэгдсэн чуулганы хуралдаанаас өөрсдийн саналаар чөлөө аваасай гэж л хүсэх байна даа. Оюутолгойтой ашиг сонирхол холбоотой УИХ-ын гишүүд өөрсдийн ухамсраар чөлөө авчихвал УИХ аас эрх биш нааштай шийд гарч юу магад. Монголчууд ихэнх нь надтай санал бодол нэг байгаа гэж л би итгэж явдаг даа.
-Нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таньд баярлалаа.
-Оюутолгой төсөл Монголчуудад өндөр үр ашигтай өгөөжтэй байдлаар цаашид үргэлжилж Монгол айл өрх бүрт үр шим нь бодитоор очоосой гэж ерөөе дөө.
эх сурвалж. buzznews.mn