Д.Тэрбишдагва:

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсож  байна.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва  танилцуулгыг хийлээ. УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд 5 дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва:

Аливаа бизнес түүний дотор хамтарсан гэрээ нь харилцан ашигтайгаар хийдэг. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хувьд энэ зарчим алдагдсан. Тодруулбал, өмчийн эзэн болох Монголын талд ашиг багатай. Харин хөрөнгө оруулагчийн талд үр өгөөжтэй байгаа нь анхаарах гол асуудлын нэг болж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн баримт бичгийн нэг нь 2009 оны 57 дугаар тогтоол. Гэрээний 1,6-д төр нь хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааг 34 хувийг өмчлөх ба энэхүү гэрээний хугацааг 15,1-д заасны дагуу сунгах бол сунгаснаас хойш нэг жилийн дотор хувь нийлүүлэгчийн гэрээг харилцан тохиролцсон нөхцөлөөр хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааг 16 хувийг нэмж өмчлөх сунгалт хийх хэрэгтэй гэсэн байна. Энэ нь Монголын талаас эзэмших хувийг 50 хувиас доошгүй болно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгожээ. Гэтэл төслийн хэрэгжилтийн явц 2015 оны техник, эдийн засгийн үзүүлэлт, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр Дубайн төлөвлөгөө төслийн хөрөнгө оруулалтын зардлын өсөлтөөс өөрийн өсөлтийн хувь хэмжээг хэдэн хувьд хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй байна. Мөн төслийн техник эдийн засгийн үзүүлэлт батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь буруу болсон

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

Бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй, тооцоолол нь байхгүй. 2015 оны ТЭЗҮ-г ашиглахад боловсруулсан санхүүгийн моделийг өгөөгүй. Мөн 2016 оны ТЭЗҮ-д үндэслэсэн тооцоо 2018 оны тоо үзүүлэлтүүдээр шинэчлэгдсэн санхүүгийн моделийг ирүүлсэн. Гэтэл 2016 оны ТЭЗҮ-г албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдлыг яаж засах вэ. Ус ашиглаж байгаа. Секундэд 870 литр усыг шахаж байсан одоо секундэд 915 литр болж нэмэгдүүлсэн. Үүний үндэслэл нь юу юм бэ. Цаашид усны төлбөр, нөөцөө яаж тогтоох юм.

 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: 

-Санхүүгийн моделийн тухайд үр, ашгийн  тооцоо, зээлийн хүүгийн өр, өгөөж зэрэг энэ бүх тооцоог хийхийн тулд санхүүгийн моделийг өөрийнхөө хүрээнд гаргаж, тооцоо хийж байсан. Нөгөө талаас тооцоо хийдэг моделоо өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Ингээд бидэнд өгсөн нэг хувилбараар гаргасан үр дүнгүүд ажлын хэсгийн тайланд дурдагдсан. Цаг хугацааны хувьд хоёр талаасаа нэг модел дээр суугаад хүлээн зөвшөөрсөн тооцоо хийгдээгүй. 

БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга н.Мягмар:

 -Оюутолгой компани 2003-2005 онуудад усны эрэл хайгуул хийсэн. 2007 онд  секундэд 870 литр байхаар усны нөөцөө тогтоосон. 2015 онд нэмэлт усны хайгуул хийж 918 литр болгож секундэд тогтоосон.  Оюутолгой компани Ханбогд сумын усны хангамжийг сайжруулах зорилгоор Бургасны гол, Сайрын худагт хайгуул хийсэн.  Ханбогд сумын 13 мянган хүн амыг хангах зорилгоор секундэд 22 литр усны нөөцийг тогтоосон. Усны нөөц эрдэс хатуулаг өндөртэй гарсан. Тухайн компанийн хөрөнгө оруулалтаар усны нөөцийг цэвэршүүлэх үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан усны нөөцийн 57 орчим хувийг ашигласан гэсэн тайлан тооцоо бий. Усны төлбөрийн хувьд жилд 16-17 сая метр куб ус хэрэглэж байгаагийн төлбөрт өнгөрсөн жилийн байдлаар 17 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.  

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва:

-Ажлын хэсгийн дүгнэлтийг төгс төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа. Өгсөн материалын хүрээнд шалгалтыг хийсэн. Бүтээгдэхүүн борлуулах гэрээ, санхүүгийн  модель дээр бид өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж хөрөнгө оруулагч талаас шахаж шаардсаны хүчинд нэг моделийн хувилбараа өгсөн. Үүнд нь  тулгуурлаж санхүүгийн тооцоог хийсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж хугацааг уртасгаснаар гэрээ манай талд улам ашиггүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Бүтээгдэхүүн борлуулах гэрээний тухайд хэд хэдэн зүйлийг нууцлалын зэрэгтэй гээд өгөхгүй байгаа юм. Бид хэдэнтээ шахсан. ТЭЗҮ-ийн хувьд  заавал баримтлах баримт бичиг гээд тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ  жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу. ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ гэдгийг тодруулъя. Хоёрдугаарт 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3  тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: 

Монголын талын өр гэж байгаа. Энэ нь анх 2010 онд хөрөнгө оруулагч хувьцааны санхүүжилт хийсэн. Үүний 34 хувьд ногдох Монгол талын 1.79 тэрбум ам.долларын өр байгаа. Энэ санхүүжилтийг Монголын талын өмнөөс хөрөнгө оруулагч тал төлсөн гэдгээрээ лайбор дээр нэмэх нь 6.5 хувийн хүү бодож явж байгаа. 2019 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар зээлийн үндсэн төлбөр 1.79 тэрбум ам.доллар. Хүү нь 541 сая ам.доллар болчихсон явж байна. Энэ нь Монгол тал дахь өр. Үүнээс хойш хийгдэх санхүүжилт нь Оюутолгой төслийн санхүүжилт гэж явж байгаа.