Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай, ашиггүйн тухай ярих хэрэггүй юм. Хариулт нь тодорхой болсон. Монгол Улсад ашиггүй. Энэ талаар уул уурхайн мэргэжлийн экспертүүд, томоохон улстөрчид, эдийн засагчид хэдэн жилийн турш байр сууриа илэрхийлж ирсэн. Гэвч “Рио Тинто” энэ бүхнийг үл харгалзан манай зарим “сэхээтэн”-ийг ганцаарчлан болон бөөндөж өөрсдийгөө дэмжүүлэх зэргээр ажилласаар өнөөг хүрсэн билээ. Харин Монгол Улсын парламент, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээг өөрсдийн чиг үүргийн хүрээнд шалган судалсныхаа дүнг олон нийтэд ил болгож эхлээд байна.
Эдгээр хяналт шалгалтын дүнд ерөнхий хэдэн ноцтой зөрчил байгааг илрүүлээд байгаа юм.
Нэг. Татварыг 70 жилээр тогтворжуулж, эрсдэлийг Монгол Улс үүрч байна
Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн ТЭЗҮ 2010-т тусгасан Монголын талын хүртэх татварын хэмжээ болон ногдол ашиг буурсан. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 2.9 дүгээр зүйлд заасан орлогод ногдуулах татварын маргааныг байнга үүсгэх болсон.
“Оюутолгой” ХХК нь байгуулагдсанаасаа хойш 2009, 2010, 2014, 2017 онуудад татварын иж бүрэн шалгалтад, 2009, 2010, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтад хамрагджээ.
Татварын иж бүрэн шалгалтын дүнг дөрвөн удаа хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр нь Татварын маргаан таслах зөвлөл, шүүхээр шийдвэрлүүлэх, цаашилбал ТЕГ-тай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь дээрх шалгалтуудаар Оюутолгой төслийн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй холбоотой асуудал гарч ирдэг. Ер нь бол “Оюутолгой” ХХК нь 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргасан юм.
Гэтэл, 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Айвенхоу Оюу толгой” /БиВиАй/ Лтд, “Оюу Толгой Нидерланд БиВи”, “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор заагдаагүй харилцааг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар ногдуулах суурийг гажуудуулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг шууд тогтоох замаар хууль тогтоомжуудыг зөрчсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг нэмж тодорхойлох, хуулиар тусгайлсан эрх олгоогүй байхад зардлын хэмжээг тогтоох, татвар төлөгчийн зэргийг шилжүүлэх замаар шууд болон шууд бусаар татвар ногдуулах орлогыг бууруулах, татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгожээ.
“Оюутолгой” ХХК-ийн татвар төлөлтийг харвал татварын ачаалал нь Монгол улсын эдийн засаг дахь татварын ачааллаас тав орчим хувиар бага байгаа юм.
Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулсан татварыг 70 жилээр тогтворжуулсан. Ингэхдээ татварын болоод зардлын олон хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн туслан гүйцэтгэгчид зарим төрлийн хөнгөлөлт үзүүлэхээр гэрээнд заасан байна. Гэсэн атал Монголын тал төслийн санхүүжилтийн хүнд нөхцөл, тухайлбал, зээл, түүний өндөр хүү, хүүгийн хүү, зээлтэй холбогдсон зардал, шимтгэл зэрэг дарамтыг үүрч байгаа юм.
Хоёр. Зэсийн баяжмал борлуулах гэрээг Монгол Улсаас нууцлаад байгаагийн шалтгаан юу вэ?
Мөн “Оюутолгой” ХХК нь баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж буй юм.
Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээгээ үзүүлэхээс татгалзсан байна.
Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмал борлуулах гэрээг гаргуулан авч дүгнэлт хийх нь нэн тэргүүний ажил болж байгаа юм. Түүний дараа экспортын баяжмалыг борлуулах нэгжийг Улаанбаатарт байрлуулах, борлуулалтын зардлыг бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй болж байгаа ажээ.
“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Геологийн төв лаборатори, Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг тоодоггүй. Харин “Оюутолгой” ХХК нь зэсийн баяжмалын урьдчилсан болон эцсийн төлбөр тооцоо хийхдээ “Рио Тинто”-гийн гэрээт Австралийн “Эй Эл Эс” ALS лаборатори болон БНХАУ-ын “Эс Жи Эс” лабораторийн дүнг ашигладаг байна.
Нийт борлуулалтын орлого “Ачаа тээврийн зөрүү” гэдгээр ихээхэн хэмжээгээр хасагддаг байна. Энэ нь Оюутолгойн үр ашгийг бууруулсаар иржээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгойн борлуулалтын гэрээнүүдийг гаргуулан авч, судлаад зардлыг бууруулах арга хэмжээ авах ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзжээ.
Гурав. Говийн усыг үлэмж хэмжээгээр хяналтгүйгээр ашиглуулж байна
Хөрөнгө оруулалтын гэрээний 4.8, 4.10 дахь заалтуудад Оюутолгой төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн иргэдийн асуудлыг анхаарах, тэдэнд нөхөн төлбөр олгох тухай тусгасан. “Оюутолгой” ХХК төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн малчин өрх бүртэй нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох гэрээ байгуулсан боловч эдгээр гэрээний хүрээнд хэдий хэрийн нөхөн төлбөр олгосон талаар тодорхой мэдээлэл байхгүй. Ханбогд сумын ЗДТГ-аас ч хяналт тавиагүй.
Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолд Оюутолгой төслийг хэрэгжүүлэх зорилгоор гүний усны шугам хоолойг тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоосон. Дээрх тогтоолыг батлах замаар “Оюутолгой” ХХК-д ашигтай нөхцөл байдал үүсгэж, говийн гүний цэвэр усыг хяналтгүйгээр үлэмж хэмжээгээр ашиглуулж байгаа нь говийн гүний усны нөөцийг багасгах, улмаар эдийн засгийн хохиролд оруулах асуудлыг дагуулж буй ажээ.
Дөрөв. Нэмэлт санхүүжилтээр 500 сая доллар, менежментийн үйлчилгээний төлбөр нэрээр 2.0 тэрбум доллар “Рио Тинто”-д алдах уу
Түүнчлэн “Рио Тинто”-гийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээс тооцож, улмаар 215 сая ам.долларыг нэмж авахаар тохирсон байна.
Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэхүү аргачлалаар тооцож явбал “Рио Тинто” компани 500 орчим сая ам.долларыг нэмж авахаар байна.
Дээр дурдсан бодитой тооцоогоор хөдөлбөргүй нотлогдож байгаа “Рио Тинто” компанийн зүй бус үйл ажиллагаа, үйлдэл нь ганцхан энэ удаа гарч байгаа тохиолдол биш. Энэхүү зөрүүтэй, будилаантай асуудал Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний нөхцөлтэй холбоотой учир гэрээний зарим зүйл заалтыг нягтлан үзэж зөвөөр шийдэх ёстой гэж УИХ-ын ажлын хэсэг үзсэн байгаа юм.
Үүнээс гадна нэг төрлийн үйлчилгээ үзүүлээд түүнийхээ төлбөрийг хоёр өөр нэрээ давхардуулан нэхэмжлэн авч буй ноцтой асуудал илэрсэн.
“Рио Тинто” компанийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон менежментийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч буй нэмэлт төлбөр юм. Энэ нь менежментийн үйлчилгээ давхцаж, Монголын талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн ашиглалтын нийт хугацаанд 2.0 тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай байна. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, “Рио Тинто” компани зардлаар дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох, Монголын талын ногдол ашиг авах боломжгүй болгож байгаа санхүү, захиргаа, удирдлагын зардлыг эргэж харах, Монголын талд үүрүүлэх дээд хэмжээ, хувийг тохирох, эсвэл бүтээгдэхүүн хуваах буюу рояалти татвар авах зохицуулалт руу шилжих шаардлагатай гэж УИХ-ын ажлын хэсгээс дүгнэсэн байна.
Ер нь бол “Рио Тинто” компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид тус уурхайн нийт зардлын зургаан хувьтай тэнцэх менежментийн төлбөрийг жил бүр олгохоор тохиролцсон. Бизнесийн сонгодог зарчмын дагуу аливаа хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг ногдол ашгаараа хүртдэг. Гэтэл ийм өндөр хэмжээний менежментийн төлбөр нэмж олгодог явдал дэлхийд Монголоос, Монголын Оюутолгойгоос өөр газарт байдаггүй. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуулиудад яаралтай тусгаж менежментийн төлбөрийг олгохыг хориглох ёстой болж байгаа юм.
Тав. Оюутолгойн монгол ажилчид гадаад ажилчдаас 5-15 дахин бага цалин авдаг
Нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн тухайд “Спэйшлайзд Карьер Консалтинг” компанийн цалингийн дунджийг “Оюутолгой” ХХК-ийн монгол ажилтны сарын цалингийн дундажтай харьцуулахад дөрөв дахин бага байна.
Харин “Оюутолгой” ХХК-ийн гадаад ажилчдын цалингийн дунджаас монгол ажилчдынх 5-15 дахин бага байна.
Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээний 16 дугаар зүйлийн 16.35 дугаар зүйл дэх тодорхойлолтод заасан зарчим үйлчлэхгүй байна гэсэн үг.
Үүнээс гадна Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлд ТЭЗҮ-ийг “засвартай” хүлээн авах гэсэн шийдвэр гаргасан нь журам зөрчсөн гэж үзэж болохоор юм байна.
АМГ-ын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн “ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах тухай” т/109 дүгээр тушаал нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд хүлээн авах талаар уламжлаагүй байхад Оюутолгойн зэс, алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах шийдвэр гаргасан. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг зөрчжээ.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны тухайд МХЕГ-аас 4.1.2 кодтой хяналтын хуудсаар шалгалт хийхэд “Их эрсдэлтэй” дүгнэгдсэн. Энэ нь 2017, 2018 онуудад үйлдвэрлэлийн осол гарсантай холбоотой ажээ.
Дубайн гэрээний талаар УИХ-ын ажлын хэсгээс “…Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчийн компанийн хоёр захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Эрх олгосны дагуу хоёр захирал Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-нд гарын үсэг зурсан” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
сэтгүүлч Б.ДАМДИН-ОЧИР
2019.5.28 мягмар №109 (6076)