АТГ-ын дарга Х.Энхжаргал өчигдөр олныг сэрдийлгэсэн хэд хэдэн баримтыг хариуцлагатайгаар хэлсний нэг нь Оюутолгойн гэрээг заавал шалгах ёстой гэдгийг онцолсон явдал байлаа. Ингэхдээ тэрбээр "10-аад хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд Оюутолгойн гэрээг шалгасан материалыг өгсөн. Энэ бол маш том хэрэг. Бид үүн дээр амжилттай сайн ажилласан. Шалгалтын явц 90 гаруй хувьтай байгаа. Цаашид үүнийг зайлшгүй шалгах ёстой шүү" гэсэн нь олон хүний анхаарлыг татав.
Учир нь "Оюутолгой" болон түүний толгой компани болох "Рио Тинто"-той холбоотой олон таагүй баримтыг манай зарим улстөрч, иргэний нийгмийнхэн олон жилийн турш хэлсээр, ярьсаар ирсэн. УИХ-аас хүртэл энэ хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан шалгасан ч одоо болтол дүнг нь танилцуулахгүй хойшлуулсаар буй юм. Харин "Рио Тинто"-гийхон энэ хугацаанд биднээс их хэмжээний авлагатай юм шиг бардам байсаар ирсэн. Өөрдсийгөө Монголын хамгийн том хөрөнгө оруулагч хэмээн цоллож, "Танай улсын тэдэн иргэнийг чинь ажлын байртай болгосон шүү" гэж даам гардаг. Аргагч үгүй биз. Учир нь үеийн үед "Оюутолгой"-той холбоотой таагүй баримтыг сөхөх, гэрээг нь нарийвчлан шалгах тухай асуудлыг хөндөхөөр энэ салбарыг хариуцсан сайдаасаа эхлээд "Энэ гэрээг зогсоохгүй явуулах ёстой" гэдэг. Энэ удаагийн сайд ч бас тэгж хэлж олны чихийг дэлдийлгэж байгаа харагдсан.
Ер нь Оюутолгойн баялгийг зөөж буй "Рио Тинто"-гийнхон бидэндтэй иймэрхүү байдлаар харьцсаар удаж байна. Монголын ард түмний зарим төлөөлөл, улстөрчид "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой таагүй баримтуудыг дэлгэхэд өөрдсийгөө хамгаалдаг. Тэгвэл яг одоо тэд энэ зарчмаараа ажиллаж байна. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал өчигдөр дээрх мэдэгдлийг хийсэн даруйд "Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат гэх нөхөр гэнэт хаанаас ч юм ирж, Монголын ард түмэнд хандан захидал бичижээ. Ингэхдээ тэрбээр:
"...Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч урьд нь хэлэлцээд тохирсон гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй. Олон давхар шалгалт, аудит хийж, эрчим хүч зэрэг чухал асуудалд туйлбаргүй хандсанаар үүдэн төслийн эрсдэл хэдийн өсдөгөө өсөж, бүтээн байгуулалтын эрч суларчхаад байна.
Сүүлийн хоёр жилийн турш бид түншийн хувьд Оюу толгойн уурхайн өгөөжийг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ уламжилсан. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд татварын маргааныг шийдвэрлэж, зээлийн хүү бууруулах, цахилгаан станц барих, нийгмийн асуудлуудыг сайжруулах боломж бий бөгөөд ингэх шийдлийг эрэлхийлэх гарц нээлттэй. Гэвч бид “Рио Тинто” болон олон улсын 20 орчим санхүүгийн байгууллагын чухалчилж буй эдгээр суурь гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй.
Учир иймд, бидэнд нэн эгзэгтэй цаг үе тулгараад буйг та бүхэн ойлгож байгаа байх. Тиймээс Монгол Улсын ард иргэдийн урт хугацааны эрх ашгийг хамгаалах төлөөлөл болсон Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар Оюу толгойг зогсоохгүй, 17,000 хүнийг гудамжинд гаргахгүй, 700 гаруй компанийн 45,000 монголчуудыг ажилтай байлгадаг ханган нийлүүлэгчдийг хохироохгүй, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын газрын зургаас баллахгүй авч үлдэнэ гэдэгт найдаж байна. Нэг бус тав, арван Оюу толгойтой байх боломжтой, хөгжил дэвшилд тэмүүлсэн оюун ухаан ур чадвар өндөр иргэдтэй улсыг цогцлоох боломж та бүхэнд бий" хэмээжээ.
Эндээс харахад "Рио Тинто" үнэхээр том юм байна. Тэд Монгол Улсын хууль хяналтын байгууллагын шалгалтыг, төрөөс хийж буй шалгалтыг үл тоож байна. Бас эндээс манай зарим улстөрч "Рио Тито"-гийн халаасанд багтсаар ирсэн нь өнөөдөр тэднийг ийн бичихэд бас хүргэж дээ гэж хардахаар байна.
Уг нь Төр нь төр шиг байж бодлогоо зөв тодорхойлж чадвал бидэнд тэднээс айх юм байхгүй л дээ. Яагаад гэвэл Оюутолгой зэсийн арвин нөөцтэй дэлхийд гайхагдсан орд. Харин дэлхийд зэс хэрэгтэй. Энэ бол маргаангүй үнэн. Тийм атал Монголын төр тэр их баялгаа "Рио Тинто"-д зүгээр шахам өгнө. Дээр нь энэ мэтчилэн дарамтлуулна. Уг нь УИХ-ын гишүүн Ч.Улаан "Рио Тинто" үнэхээр биш байна гэдгийг хэлсэн. Тэрбээр "Оюутолгой хаа байсан Бээжинд өөрийн төлөөлөгчийн газар гэж нээчихээд түүндээ өчнөөс сая доллар төсөвлөдөг. Тэр зардлаа манай улсад өр болгож бичдэг. Хамгийн гол нь тэр төлөөлөгчийн газар гээд байга нь Монгол Улсад бүртгэлгүй. Энэ бол наад захын жишээ" хэмээгээд өөр хэд хэдэн ноцтой баримтыг ярьж байсан.
Гэвч түүний ийн ярьсныг манай улстөрчид сонсоогүй юм шиг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр ирсэн. Тэгвэл түүний энэ үгийг АТГ-ын дарга Х.Энхжаргал давхар батлаад өгчихлөө. Одоо харин Монголын төр, ҮАБЗ-ийн гишүүд ажлаа хийх хэрэгтэй. Монгол Улсад алдагдалтай энэ гэрээг эргэн харж, зөв гольдролд нь оруулах ёстой. Эс тэгвэл Оюутолгойн үндэстэн дамнасан удирдлагууд ээлжлэн ирж биднийг доромжилсоор байх болно. Эцэст нь энэ компанийн луйврийн нэгээхэн хэсгийн талаар Зууны мэдээ сонинд
"…Энэ 2.0 тэрбум ам.долларыг “Оюутолгой” компанид өгсөн санхүүжилтийн зээл нэрийдлээр хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Оюутолгойгоос хүртсэн ашиг гэж их аятайхнаар хэлж болно. Бас “Оюутолгой” ХХК өнгөрсөн хугацаанд ам.долларын хүүний орлогыг хуримтлуулж, 2016 онд хөрөнгө оруулагчдаа ногдол ашиг хэлбэрээр буцаан олгосон гээд албаны байдлаар, соёлтойгоор буруутгаж болох юм.
Харин бодит байдлыг хэл гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид монголчуудыг, Монголын Төрийг өнөөх “арми”-тайгаа нийлж “маллаад” 5.4 Оюутолгойн орлого болох 5.4 их наяд төгрөгийг хулгайлсан байна" гэсэн байна билээ.
Дашрамд мэдээлэхэд,
“Оюутолгой” компанийн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” (NYSE, NASDAQ & TSX: TRQ) компани эзэмшдэг.
Харин “Туркойз Хилл Ресурс” компанийн 50.8 хувийг “Рио Тинто” компани шууд бусаар эзэмшдэг.
Мөн Монголын талын 34 хувийг эзэмшдэг, төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК гэж бас бий. Хувьцааны ийм харьцаатайгаар “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаа явагдаж, ордыг ашигладаг.
Гэвч 2009 оны аравдугаар сарын 6-нд С.Баярын Засгийн газрын үед байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны зургаадугаар сарын 8-нд Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зурагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед баталсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэргийг хамгаалж ирсэн, хамгаалсаар байгаа улстөрчдийн “арми” одоо ч бий...