Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр мэтгэлцсэн бол таны

"Эрдэнэс-Тавантолгой” Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй төрийн өмчит компани. Энэ ч утгаараа эл өдөр товлогдсон тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал яах аргагүй олны анхаарлын төвд байлаа. Учир нь эл хурлын тов зарлагдахтай зэрэгцэн зарим эдийн засагч болон иргэний нийгмийнхэн оролцоно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, "Жилд нэг удаа болдог хурлаараа эдлэх ёстой эрхээ эдэлнэ" гэж байсан юм.

Гэвч хурлын үеэр Л.Наранбаатар тэргүүтэй эдийн засагч ирсэнгүй. Сурагч байсангүй. Харин ч тус компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчиддээ компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах бэлтгэл ажлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Үүнээс гадна Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээллийг өгсөн. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 онд 804.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ мөнгөөрөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн юм.

Харин эл мэдээллийг хуралд оролцогчид таатайгаар хүлээн авч, улс орны алс хэт ирээдүйд хэрэгтэй зүйлийг дэмжих ёстой. Хамгийн гол нь маш шуурхай ажил хэрэг болгох шаардлагатай гэдгийг хэлж байсныг энд онцлоё.    

Гэвч хувьцаа эзэмшигчдийн нээлттэй хурал дууссаны дараа олны анхаарлыг татсан үйл явдал өрнөсөн нь эдийн засагч Л.Наранбаатарын гаргасан үйлдэл байв. Тодруулбал, тэрбээр хурал тарж заал суларсны дараа гэнэт орж ирэн "лайв" хийв. Ингэхдээ тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд бидний яриад байсан илүү зардлаа хассан нь зөв. Гэхдээ иргэддээ хувьцааны ноогдол ашиг өгөхгүй байна гэдэг буруу. Уг нь ноогдол ашиг өгсөн бол дөрвөн хүүхэдтэй эмэгтэй дор хаяж 450 мянган төгрөг авах байсан. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өгөхгүй байх шийдвэр гаргасан гэнэ. Энэ бол маш буруу" хэмээж улмаар өөрийн хийсэн "лайв"-аа аль болох олон хүнд шейр хийж хүргэхийг уриалав. Хамгийн гол нь түүний чин шударга, хувьцаа эзэмшигчдээ гэсэн сэтгэл гээд байгаа хөөрлөөс нэг зүйл харагдсан нь "Л.Наранбаатар үнэхээр л үнэний төлөө, олон мянган хувьцаа эзэмшигчийн өмнөөс ярьж, тэднийг төлөөлж, асуудал хөндөж байгаа юм бол яагаад нээлттэй хэмээн зарласан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, тус компанийн удирдлагууд, тэнд цугларсан хувьцаа эзэмшигчидтэй ярилцсангүй вэ. Яагаад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудыг "байцааж", тэдний хийж байгаа зөв үйлдлийг дэмжиж, болохгүй бүтэхгүй байгааг нь нүүрэн дээр нь тооцоо судалгаатай ярьж улалзуулсангүй вэ. Яагаад бүх юм дууссаны дараа гэнэт гарч ирээд зүгээр л мөнгө тараах ёстой байсан хэмээн "жүжиглэв" гэдэг асуулт.

Уг нь Л.Наранбаатар өөрийгөө эдийн засагч гэдэг. Хэрэв тэрбээр үнэхээр л эдийн засгийн хүн юм бол нэг зүйлийг маш сайн ойлгож буй. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнөх оны цэвэр ашгаа ноогдол ашиг нэрээр тараах нь зөв үү эсвэл улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтад зарцуулах нь хавь илүү сонголт уу гэдгийг. Мөн тэрбээр үнэхээр л ард түмнээ боддог эдийн засагч юм бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийг санхүүжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа. Энэ ч утгаараа ард түмнийг дэлгэцийн цаанаас элдэв зүйлд уриалахын оронд харин ч "Би дээрх ажилд чинь хяналт тавих багт орж ажилламаар байна. Үр ашиггүй зардал мөнгө гарахаас сэргийлэх ёстой" гэхчлэн санал санаачилга гаргасан бол илүү үнэмшилтэй байх байлаа. Гэвч тэрбээр тэгсэнгүй. Харин дээрх шийдвэрийг гаргасан Үндэсний аюулгүй зөвлөлд хандаж байна гэсэн сүржин мэдэгдэл хийж, олон нийтийн тархийг угаах гэсэн ээлжит оролдлогоо хийв. Үнэндээ Л.Наранбаатарыг өнөөдөр хуралдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нээллтэй хуралд оролцоод, компанийн удирдлагуудтай халз тооцоо судалгаагаа гаргаж ирээд халз мэтгэлцээд, түүнийгээ цахим орчинд шууд дамжуулсан бол БРАВО гэх байсан шүү.  

Энүүхэндээ гэхэд сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талаар сайн муу олон мэдээлэл цахим орчинд гараад л байна. Гэхдээ тус компанийн удирдлагуудын хувьд тэр бүгдийг ажилдаа тусгаж буруу зүйл байгаа бол зөв болгож засахыг хичээгээд байна уу даа гэдэг нь харагдах болсон. Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд тус компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Энэ бол сайн мэдээ. Нөгөө талаар урд өмнө нь үйл ажиллагаа нь хэрхэн өрнөж байсан нь мэдэгдэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийн байдлаар олон нийтээс нэмэх оноо авч, анх удаа ашигтай ажиллалаа. Тус компани зөвхөн 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар л гэхэд 4,2 сая тонн нүүрс олборлосон бол 2,4 сая тонн нүүрс экспортолсон. Борлуулалтын орлого нь 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цэвэр ашиг нь 304 тэрбум төгрөгт хүрсэн гээд тоочоод байвал гэрэл гэгээтэй мэдээлэл зөндөө. Гэвч зарим нэг хүн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, харлуулах гээд улайраад байгаа нь л гайхшрал төрүүлээд байгаа юм.

Эцэст нь юутай ч, энэ их хэл ам хэрүүл тэмцэл дунд галт тэрэг хөдөллөө. Монгол Улс анх удаа Тавантолгойгоос олсон мөнгөө хоол болгож хувааж "идэх" бус харин улс орны хөгжилд үнэтэйд тооцогдох хөгжлийг түүчээлэх оновчтой нэгдсэн шийдэлд хүрлээ. Иймээс одоо төмөр замуудаа тавь. Үүний араас Нүүрс баяжуулах үйлдвэр, хийгээд Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдээ хөдлөгө. Төр хамгийн муу менежер бус хамгийн сайн нь гэдгийг харуул. Түүнийг дагасан дагуул хотоо босго. Энэ олон ажилгүй хүмээсээ ажлын байраар ханга. Тэр үед ард түмэн төрдөө баярлана. Компанийн удирдлагуудын зоригтой алхамд баярлаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашгийг ноогдол ашиг хэмээн "идэж- байснаас улс орны хөгжилд хэрэгтэй том ажил болчихлоо гэж талархана.  

Л.Оюунгэрэл