Б.Ганхуяг:

"Эрдэнэс-тавантолгой” ХК 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 4,2 сая тонн нүүрс олборлосон бол 2,4 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн борлуулалтын орлого нь 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин цэвэр ашиг нь 304 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ тухай өнөөдөр тус компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тус компанийн удирдлагуудын мэдээлснээр улс орны хөгжилд чухал хувь нэмэртээ томоохон ажлууд хийж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор тус компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.

 

Эдгээрээс гадна тус компанитай холбоотой бас нэг мэдээлэл анхаарал татаж буй. Энэ нь тус компанийнхан УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа бөгөөд Тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа гэв. Үүнийг тодруулбал, компьютер тоног төхөөрөмж авах төлөвлөгөөнөөс 4.5 тэрбум, машин тоног, төхөөрөмжид зарцуулахаас 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээний төсвөөс 232.9 тэрбум, барилга байгууламжид зарцуулах мөнгөнөөс 47.5 тэрбум төгрөг, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөг танажээ.

Мөн тус компани одоогоор жилд 15 сая тонн нүүрс олборлож байгаа бөгөөд үүнийг 35 сая тоннд хүргэх аж. Үүнээс гадна нүүрс боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг 30 сая тоннд хүргэх юм байна. Ийнхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр дөрвөн жилийн дотор компанийн борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрч, компанийн цэвэр ашиг 957 сая ам.доллар, 564 сая ам.долларын татварыг улсад, ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцож байгаа аж. Мөн үүнийг дагалдаад 200-300 мянган ажлын байр бий болох төдийгүй “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Эрдэнэт шиг суурьшлын бүс байгуулах ажлыг 2019 онд эхлүүлнэ гэж байсан юм. Эдгээрээс гадна өөр нэг анхаарал татан мэдээлэл нь энэ онд бас нэг томоохон ажлын ард гарахаар төлөвлөсөн нь компанийн 30 хувийг IPO  хэлбэрээр олон улсын зах зээлд гаргахаар болжээ. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон бөгөөд мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм. 

-Хувьцааг ногдол ашиг болгон тараалгүйгээр төмөр зам барих зэрэг томоохон ажилд зарцуулж болох уу?

-ТУЗ-өөс шийдвэр гаргаж, 2018 онд ногдол ашиг хуваарилалгүйгээр цэвэр ашгийг дэд бүтцийн томоохон хөтөлбөрт зарцуулахаар болсон. Үүнд, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам багтсан. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох зорилго тавьсан. Бид Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан. Энд усны асуудал хүнд байдаг тул кокс, химийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Коксын үйлдвэрээр дамжуулж жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Ингэснээр нүүрснээс олж буй орлого 4-4.5 дахин өсөх боломжтой.

-Энэ онд Эрдэнэт шиг хот байгуулна гэж байна. Хот байгуулахад хэр хэмжээний өртөг орох бол?

-Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг 1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулсан байсан. Уг ТЭЗҮ-ээр 50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө бий. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болсон. Учир нь, зөвхөн Цогтцэций сум л гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гэх мэт байгууламжид ажиллах хүн нь 15-аас 21 мянгад хүрч байгаа. Үүнийг тооцвол 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага гарч ирж байна. 

-Танайх байр зэрэг тансаг хэрэглээнд зарцуулах хөрөнгөө танасан юм байна. Гэтэл маркетингидаа 300 тэрбум төгрөг заруулна гэсэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Манай компанийн байрлаж буй байр нь түрээсийнх. Түрээсэнд нь 6.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Аливаа орны хамгийн чухал стратегийн компани А бүсэд, өөрийн гэсэн том байртай байдаг. "Эрдэнэс Тавантолгой" бол 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй том компани. Энэ компани түрээсийн байранд байна гэдэг боломжгүй зүйл. Өөрийн байртай болохыг тансаг хэрэглээ гэж ойлгож болохгүй. Мөн 302 тэрбум төгрөг борлуулалт маркетингт  зарцуулахаар болсон гэж ярьж байгаа. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. Үүнийг татвар гээд ойлгочих гээд ойлгох хэрэгтэй. Маркетингид зарцуулж байгаа зүйл огт байхгүй. 

-Ирэх сараас сайжруулсан түлш оруулахаар болсон. "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш нийслэлчүүдийн хэрэглээг бүрэн хангаж чадах уу. Хүчин чадал нь хүрэх үү?

-Манай зомпани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Тавантолгойн түлш” компанийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Анх жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч эрсдлийг тооцоод 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор Тавантолгойгоос нүүрсийг зөөж байгаа ч тавдугаар сарын 15-наас эхлэн сайжруулсан түлшийг Улаанбаатарт нийлүүлэх юм. Энэ ажил төлөвлөгөөний дагуу 90 орчим хувьтай яваа. Утаагүй түлш буюу сайжруулсан түлш нийлүүлснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувь багасна. Өмнөх түлштэй харьцуулах зүйл байхгүй. Тавантолгойн нүүрс нь маш өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс. Утаа маш бага гардаг. Сайжруулсан түлшний эхний 10-15 минутад л бага зэргийн утаа гарна. Хүний биед хоргүй гэдгийг 24 шинжилгээгээр БНСУ, БНХАУ, японы эрдэмтэд тогтоосон.

-1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээнээс олгох вэ?

-Ногдол ашиг нь ТУЗ-ийн шийдвэрлэх асуудал буюу 85 хувийг эзэмшиж байгаа хүмүүсийн шийдвэрлэх асуудал. Иргэдээс санал асуулга явуулахад ногдол ашгийг энэ жил хуваарилалгүйгээр бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Манай компани 2019 онд борлуулалтаар 2.1 их наяд төгрөг, улсын төсөвт 516 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс 193 тэрбумыг нь төвлөрүүлээд байна. ТЭЗҮ-ийн хувьд 2019 онд нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто замд хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Энэ ажил нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 20 сая байсныг 30 сая болгосон. Энэ онд ТЭЗҮ-г шинэчлэх ажил орсон байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замд 7.7 тэрбум төгрөгийг эхний ээлжид зарцуулна. Үүнд ТЭЗҮ-г шинэчлэх ажил багтаж байгаа. Одоогоор ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаянгийн төмөр зам дээр ТЭЗҮ-гийн гурван үндэслэл байгаа. Монголын төмөр зам компани ажлыг нь хариуцан ажиллах юм.