Ш.Болд: Ямар ч өвчнөөс өөрийгөө сэргийлэх хамгийн сайн арга бол ариун цэвэр сахих

Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийгээ хайрлаж, өвс ногоогоор өөрийгөө эмчилж ирсэн түүхтэй. Тухайлбал, бидний өвөг дээдэс удвал, шархны шар болон бамба цэцэг, шүүдэргэнэ, хусны онгол, хээрийн халгай зэргийг зөв хэрэглэж гэмээнэ элэг, цөс, ходоод, бөөр болон архаг хууч өвчнөө эмнэн эдгээнэ гэж үздэг байж. Мөн хаврын улиралд хэдхэн хоног дэлбээгээ нээгээд хагдарч унадаг далийн ягаан цэцэг нь уушги болон астма өвчтэй хүний өвчнийг нь анагаадаг ид шидтэй хэмээдэг байж. Түүнээс гадна байгаль эхтэйгээ хүйн холбоотой байсан бөгөөд хавар, намар ой хөвчид явах нь олон өвчнийг анагаахад тустай гэдэг байжээ. Мөн эртний сударт өвс ногоогоор биеийн өвчнөө анагаахаас гадна хавар хөхөө донгодох, намар буга урамдахыг сонсох нь урт наслуулах увдистай бичсэн байдаг хэмээн бичиж үлдээж. Үүнээс гадна сүүлийн үед монголчуудыг айдаст автуулах болсон хортой болон хоргүй хавдар өвчин яг юунаас эхлэлтэй вэ гэдгийг аль XVIII зууны үеэс мэдэж, эмчлэх аргыг нь боловсруулж байсан аж.  Энэ сэдвээр Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, Ш.Болдтой гурван жилийн өмнө ярилцаж байснаа сийрүүлэн хүргэж байна. Ш.Болд эмчийн хувьд хэдэн зуун, мянганы тэртээд монголчууд анагаах эрдмийг хэрхэн дэлгэрүүлж, хүн зоноо эмчилж байсан түүхийг судлахын зэрэгцээ түүнийгээ нэгтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” хэмээх дөрвөн боть номыг туурвиад байгаа билээ.

-Сүүлийн жилүүдэд хавдар гэх өвчин монголчуудыг айлгах боллоо. Эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан судалгаагаар нас баралтын дийлэнх хувийг энэ өвчин эзэлж байна гэх юм. Та уламжлалт анагаах ухааны хүн. Энэ талаар судалгаа ч хийсэн байх?

-Яг наад сэдвээр судалгааны ажил хийж байгаа. Аливаа хавдар юунаас үүсдэг, хэрхэн эмчлэх вэ гээд. Судалгаа хийгээд үзэхэд манайд таван төрлийн хавдар өвчин элбэг тохиолдож байна. Үүнд ходоод, элэг, бөөр, савны. Үүнээс гадна хүнд ховор тохиолддог хэлний хавдар гэж хүртэл бий. Үүнийг судлаж байгаа. Эртний сударт ийм өвчнийг хэрхэн яаж анагааж байсан бэ гээд. Судлаад үзэхэд маш олон сонирхолой зүйл гарч ирж байна.

-Тухайлбал?

-Ганцхан жишээн дээр хэлэхэд ходоодны хавдар шархнаас үүдэлтэй. Шарх нь хеликобактериас болж үүсдэг. Гэтэл хүний ходоод болон умайд хорхой өвчин байна гэдгийг монголчууд XVIII зуунд мэдсэн байгаа юм. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т ходоодны халуун долоо, хүйтэн ес нийт 16 өвчин байна гэж ялгасан байдаг. Товчилбол хий, шар бадган, цусм, хор харшилдсан гэх мэт. Тухайн үед Ишбалжир гэдэг хүн үндсэн зургаан өвчний онолын дагуу ходоодны болон умайн хорхой өвчний шинж тэмдэгийг аргыг тодорхой өгүүлсэн байдаг юм билээ. Ингэхдээ нян ходоодонд бууснаас хоол эс шингэн, бие нь хөлрөөд даарах шинж илэрч, цаашлаад хутгаар зүсч байгаа мэт хүчтэй өвдөх, дөрвөн мөчний булчингууд мушгирч өвдөх, сормуус доошоо хумьж шар үс өрвийнө” хэмээн бичсэн байдаг. Энэ л ходоодны хавдар өвчин, шинж тэмдэг нь байжээ гэж таагаад байгаа.

-Эмчлэх аргыг нь юу гэж бичсэн байдаг юм бол?

-Хээрийн гахайн баасны үнс, барагшүн, хар шаваг, цахилдгийн үрийн танг хэдэн удаа өгөхөд эдгэнэ. Бас Зачун-13 найрлагыг өгөөд сайжрахгүй бол халдварт хижгийг гарах үед гарсан хатуу 13-ын туулга /үрэл/ арилгана. Мөн умайн хорхой догширвол жирүг-8-ыг найруулж умайд нь хийнэ. Олон зүйлийн цэцэг, үрийн зүйлээр жин тавина гэсэн байдаг. Ер нь судлагаа хийж байх явцад харамсалтай ч юм уу, сонирхолтой ч гэмээр юм уу олон зүйл тохиолдож байна л даа. 

-Та дэлгэрүүлж ярихгүй юу?  

-Хүний ходоод болон умайд хорхой өвчин байна гэдгийг Ишбалжир гэдэг хүн XVIII зууны үед тогтоосон гэж хэлсэн шүү дээ. Гэтэл ходоод гэдэсний шархлаа өвчин цаашлаад хавдар үүсгэдэг хеликобактери /хорхой/  нь хүний биед байдаг гэсэн нээлтийг XX  зууны эхэнд Австралийн эрдэмтэн Барри Ж.Маршал, Ж.Робин Варрен нар нээж 2005 онд Нобелийн шагнал авсан байгаа юм. Ингэхдээ тэд “Хеликобактер пилори түүний ходоод, гэдэсний шархлаа өвчин үсгэх үүрэг” гэсэн судалгааны бүтээлээр энэ шагналын эзэн болсон. Мөн Германы эрдэмтэн Харалд зүр Хаусен “Умайн хүзүүний хавдрын шалтгаан хүний папиллома вирусийг нээсэн” ажлаараа мөн энэ шагналын эзэн болсон. Тэрбээр 2008 онд физологи, анагаах ухааны салбарын нобелийн шагнал хүртсэн. Гэтэл бид хүний биед хавдар үүсгэгч хорхой хүний биед байсан гэдгийг аль эрт тогтоосон атлаа эдгээр хүмүүсийг шагнал авсны дараа өөрсдийн өвөг дээсийнхээ бидэнд бичиж үлдээсэн бүтээлээс харсандаа тун их харамссан.  

-Үнэхээр тийм байна.

-Харин тийм. Өвөг дээдсийн бидэнд бичиж үлдээсэн судар номыг судлаад үзвэл их зүйл бий. Өөрийн тань асууж байгаа хавдар  өвчний талаар одоо яг судалгааны ажил хийж байгаа. Мэдэх, судлах зүйл их байна. Ер нь манай өвөг дээдсэн их эрдэм номтой, олон ч зүйлийг бидэнд бичиж үлдээсэн байдаг. Гэвч 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр эрдэм номтой олон оточ, маарамбыг хөнөөсөн. Үүнээс болж амнаас ам дамжин үлдээсэн тэр өвийг бид мэдэх аргагүйд хүрчихээд байгаа юм. Харин судар номд байгааг нь бол хөрвүүлээд судлаад байж  байна. Гэхдээ хэрэв тэр хүмүүсийг амьд байсан бол амнаас ам дамжин үлдсэн зүйлсийг бичсэнтэй харьцуулж судлах зүйл их байлаа.      

-Хавдар өвчний тухай судлахад цаг хугацаа их орох байх. Гэхдээ та эмч хүн. Хүн ер нь өвдөхгүй, хавдар өвчин тусахгүй байхын тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Ариун цэвэр. Би ингэж л хэлнэ. Тухайлбал, манай айл гэрийн бүх гишүүний өрхийн тэргүүнээс нь бусад нь өөрийн гэсэн аягагүй байдаг. Энэ буруу. Хүн болгон өөрийн гэсэн аягатай болох хэрэгтэй. Энд би нэг жишээ хэлье. Манай эцэг эх, өвөө эмээ нар хүүхдэдээ хоол өгөхдөө хөрсөн эсэхийг шалгах гэж заавал амандаа хийдэг. Үүнээс болж хүүхэд элдэв өвчний халдвар авахдаа амархан байдаг. Аав нь юм уу ээж нь хеликобактертай байлаа гэхэд хүүхдэдээ амаараа хоол, чихэр өгөх жишээтэй. Хүүхэд нөгөөхийг нь нь авч идээд ходоод нь өвддөг. Хеликобактертай болдог. Цаашлаад ходоод гэдэс нь шархалж хавдар болдог. Сүүлийн үед хавдар залуужиж байгаа. Жаахан хүүдүүд, залуучууд хавдартай болж байна. Би тэдэнд хандаж хэлэхэд хүн болгон өөрийн гэсэн аягатай бай. Түүндээ идэж, ууж бай. Хүүхдэдээ амаараа юм дамжуулж өгч болохгүй. Ингэж чадаж гэмээнэ маш олон өвчнөөс урдчилан сэргийлж чадна гэх байна. Мөн хүүхдээ уруул аман дээр нь бага үнсэх хэрэгтэй. Эмээ өвөө нар ач зээгээ үнэрлэдэг. Энэ бол маш том соёл. Бас эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Ийм ходоод гэдэстэй хүмүүс янз бүрийн химийн нэмэлт тэжээл, бордоо орсон хоол хүнс хэрэглээд хавдартай болж байгаа тохиолдол ч байна.  

-Тэр чинь үнэндээ асуудалтай шүү дээ. Манайд зарж байгаа хүнсий бүтээгдэхүүний ихэнх нь гаднаас орж ирдэг. Үүнд хяналт тавьж чаддаггүй?

-Харин тийм. Тиймээс л энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Манайд лаборатори байгаа биз дээ. Янз бүрийн химийн гаралтай, хүчтэй бордоо хэрэглэсэн бүтээгдэхүүнийг хорих хэрэгтэй. Би монголчуудыгаа өөрийнхөө хөрсөнд ургуулсан ногоо, тариа бас хөдөө нутагт бэлчиж байгаа малынхаа махыг хэрэглэ гэж хэлнэ. Тэгж байж эрүүл байна. Нэг жишээ хэлье л дээ. Би Японд очсон юм. Тэнд улсынх нь итгэмжлэгдсэн лабораторитой танилцсан. Гэтэл манайхны гаднаас оруулж ирэн хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд түүнээс гадна зөвхөн монгол бүсгүйчүүдийн арьсанд зориуллаа гээд байдаг гоо сайхны  зүйлсийг огт хэрэглэж болохгүй гэж байсан. Найрлагад нь янз бүрийн өвчин, хавдар үүсгэгч нян байна гэдгийг тогтоочихсон байдаг юм билээ.

-Нэрлэж болох уу?

-Хэрэггүй байх.Нэр төрд халдсан гээд бөөн асуудал болох биз.

-Нээрэн тийм асуудал үүсч магадгүй. Та Төвдөд очиж сурсан, уламжлалт анагаах ухааны талаар судалгаа хийсэн. Тэнд хавдар өвчнийг хэрхэн эмчлэх юм?   

-Ганцхан жишээ хэлье. Би 1993-1994 онд Төвдөд сурч байсан. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин байв. Тэгэхэд Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрч үүнээс болж хүмүүсийнх нь дунд бамбай булчирхайн хавдар ихэссэн юм билээ. Иймээс  Ельцин Төвдөөс уламжлалт анагаах ухааны эмч нарыг урьсан. Тэд очоод бамбайн хавдартай хүмүүсийг идгээсэн байгаа юм. Иймээс ОХУ-ын төрийн тэргүүн  “Төвд эмч нар манай хаана ч ажиллаж болно” гэсэн зарлиг гаргаж байсан юм билээ. Тэгэхээр төвдүүд  бамбай булчирхайн хавдрыг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж чадсан байгаа биз.

-Та найрлагыг нь мэдэж авч чадсан уу?

-Заримыг нь чадсан.

-Та хавдар өвчний талаар судлаж байгаа гэсэн шүү дээ. Таныг эртний ном судар судлаж байхад сонирхол татахаар өөр ямар мэдээлэл гарч ирж байх юм?

-Чихиха гэдэг нэршил байдаг л даа. Миний хувьд энэ нэршлийг чих ургадагтай адил хавдар ч бас ургадаг учраас ингэж харьцуулж хэлсэн юм болов уу гэж ойлгож байна. Хоёрдугаарт, бор өвчин гэж бас байна. Элэг, толгой, ходоодны гээд дөрвөн төрлийн бор өвчин байна. Хэдийгээр орчин цагийн анагаах ухаанд бор өвчнийг яг энэ тэр гэж хэлэх боломжгүй ч практикаас харахад шарх, ходоодны шархыг ингэж нэрлээд байх шиг байна. Шарх удвал хавдар болдог. Иймээс ходооны шархтай бол яаралтай эмчлүүл гэж би зөвлөдөг. Мөн зарим бэтгэ хавдар өвчний эхлэл байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, махан бэтгэ зарим эрхтэн дээр хавдар болж гарч ирэх үе бий. Бас уламжлалт анагаах ухаанд хамт үүссэн шарх гэж бий. Үүнийг хүмүүс удамшсан өвчин гэж тайлж болно. Би судлаад үүнийг мөн хавдрын зарим үе гэж ойлгож болох юм байна гэж бодсон. Одоо энэ дөрвөн өвчин ямар өвчний хавдар вэ гэдгийг судалж байгаа юм. Бид зөв ялгаж тогтоож чадвал эмчилгээний аргууд нь шийдэгдэнэ. Тэр үед илүү сонирхолтой мэдээлэл өгч болох байх. Ер нь тэгээд эртний уламжлалт анагаах ухааныг судлана гэдэг амаргүй, маш их цаг хугацаа ордог. Тухайлбал, орчин цагийн анагаах ухаанд бөөрний хаван гэж ярьдаг. Гэтэл уламжлалт анагаах ухаанд буюу эртний сударт хаван болон бөөрний өвчин тус тусдаа байх жишээтэй. Орчин цагийн анагаах ухаанд хаванг ямар нэг өвчний хүндрэл гэж авч үздэг бол уламжлалт анагаах ухаанд өвчин гэдэг. Иймээс уламжлалт анагаах ухаанд бөөрөнд барьдаг танг хавангийнхтай хавсарч хэрэглэбэл үр дүнд хүрдэг.

-Ер нь тангаар хавдар өвчнийг эмчилж байсан өөр баримт байна уу?

-Байлгүй яах вэ. Жишээ нь өвөрмонголчууд болон төвдүүд зарим төрлийн цусны хорт хавдрыг маш сайн эмчилдэг. Гэхдээ эмчилгээний арга, жор нь нууц байдаг. Бид  үүнийг олох ёстой. Хөөцөлдөж л байна. Тухайлбал, төвдүүд “сандаг” гэдэг жор бүтээсэн. Үүнийг орчуулбал “нууцын эзэн” гэсэн утгатай. Энэ эм нь зургаагаас долоон найрлагатай.  Үүнийг ходоод, элэг зэрэг бүхий л өвчтэй хүний тан дээр нэмж өгдөг. Ямар л эрхтний халдвартай, хавдартай байна түүн дээр нь нэмж өгдөг эм.

-Манайхан хавдартай болсноо мэдмэгцээ сэтгэлээр унадаг. Хавдар үнэхээр үхлийн өвчин мөн үү. Тэр хүмүүсийн насыг уртасгах ямар арга байна вэ?

-Үнэхээр тийм. Хавдартай хүнд сэтгэл санааны дэм маш их хэрэгтэй. Миний хувьд ийм хүмүүст зориулан уламжлалт анагаах ухаан дээр суурилсан найман ортой, хоёр тасгийг “Бэтүб” хийдийнхэнтэй хамтран нээхээр ажиллаж байна. Ирэх оны хоёрдугаар улиралдаа багтаагаад нээлтээ хийх байх.

-Олон хүнд хэрэгтэй ажил байна. Та ийм эмнэлэгтэй болохыг мөрөөдөж байсан уу?

-Би ажлын шугамаар маш олон газарт ордог. Тэгэхэд нэг зүйлийг анзаарсан. Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Христийн сүмүүдийг дэргэд эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Миний тоолсноор арав гаруй эмнэлэг хавдартай  хүмүүст зориулан үүдээ нээсэн байдаг юм билээ. Тэнд хавдартай болсон, хагалгаанд ороод сэтгэл санаагаар  унсан хүмүүс олноор очдог. Иймээс би буддын шашныхантай хамтарч ийм эмнэлэг нээе гэж шийдсэн. Тэгээд “Бэтүб” хийдийнхэнтэй хамтарч энэ эмнэлгийг нээхээр болсон. Үр дүн ч сайн байна байх.  

-Мэдээж энэ эмнэлгийг нээхийн тулд тодорхой туршилт хийсэн байх?

-Хагалгаанд ороод химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг давхар эмчилж байсан. Тухайлбал, хавдраа авахуулсан хүмүүс туяа эмчилгээнд их ордог. Үүнээс болж эрүүл байсан эд эс нь үхдэг. Мөн тухайн хүн сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог. Харин уламжлалт анагаах ухаанд эрүүл эсийг хамгаалах эм гэж байдаг. Би тэр эмээ хэдэн хүнд өгсөн. Үр дүн сайн. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон зүйл гэвэл яг одоо байхгүй. Судлаад л байна. 

Бид одоогоос гурван жилийн өмнө ийн ярьлцаж байжээ. Ш.Болд эмч ярилцлаж байх үедээ бас нэг зүйлийг онцолж байсныг сийрүүлбэл “Манайхан батлагдаагүй мэдээллийг үнэн гээд амьдрал дээр шууд хэрэгжүүлэх гээд байдаг. Хэн нэгнээс ам дамжсан буруу мэдээлэл аваад хохирч үлдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс би үнэн, худал гэдгийг иш баримттай нь өгүүлсэн ном гаргана. Тэр номыг харин судлаачид лавшруулж, энэ нь батлагдсан, энэ батлагдлаагүй гэж судлах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар эдгэхгүй гэсэн хорт хавдрыг эмчилж байгаа тохиодлдол байна. Түүнчлэн эм уулгаад хүний насыг 6, 12 сараар торгоож байгаа тохиодол ч байна. Мөн алдаж байгаа тохиолдол ч бий. Гэхдээ улдамжлалт анагаах ухааны эмч болгон үүнийг хийж чадахгүй. Тийм болохоор би хүмүүсийг мэдээллээр хангах ёстой гэж үзэн ном бичиж байна. Тухайлбал, хавдар өвчинд буурын бохь, чийгийн улаан, сохор хорхой сайн гээд хэрэглэдэг. Гэвч шинжлэх ухаан үүнийг нь батлаагүй. Миний хувьд өөрийн олсон мэдээллийг нэгтгээд  шинжлэх ухааны хүн учраас энэ арга нь батлагдсан, тэр нь батлагдаагүй. Батлагдаагүйг нь ингэж хэрэглэдэг. Цаашид батлах ёстой гэдгийг нь давхар бичиж тэмдэглэнэ. Тэгэхгүй бол тэр болгон судар номноос энэ тухай хайх боломжгүй” хэмээсэн өгүүлсэн юм.

Ярилцсан Л.Оюунгэрэл