З.Энхболд Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайра хотод энэ сарын 20-23 өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд 39 орны 184 эрэгтэй, 102 эмэгтэй нийт 286 жүдоч ур чадвараа сорин өрсөлдөнө. Ази тивдээ төдийгүй дэлхийд олон шилдэг жүдочдоороо гайхагддаг Япон, Монгол Улс, БНСУ, Казакстан, Узбекстан, БНХАУ-ын жүдочид жин тус бүрт болон багийн тэмцээнд аваргаа тодруулна.

Өчигдөр Зүүн Азийн жүдо бөхийн холбооны хурал болж өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид зохион байгуулах ажил, тивийн тэмцээн, сургалтын талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Зүүн Азийн жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг сонгосон байна. Тэрбээр "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлагчаар томилогдсон бөгөөд мөн ирэх  2020 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох олимпийн эрхийн оноо олгох Ази, далайн орнуудын  аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргаар ажиллахаар болсон байна. Өнөөдөр Азийн жүдо бөхийн холбооны их хурал болж, 2020 оны Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны даргыг албан ёсоор танилцуулна.