2014 оны арванхоёрдугаар сарын 15-нд  “Vivid” компанийн ерөнхий захирал Б.Үлэмжаргалтай ийн ярилцаж байжээ. Анх 2001 онд гэр бүлтэйгээ Япон улсыг зорьж улмаар гоёлын арьсан цүнхний үйлдвэрт ажиллаж байсан тэрбээр эх орондоо ирээд өөрийн гэсэн цүнхний үйлдвэрээ нээсэн нь "Vivid" брэнд байсан юм. Өнөөдрийн Монголд залуус хөлөө олохын тулд хэрхэн тэмцэж, ямар саад бэрхшээл туулж байсан нь энэ ярилцлагаас тун тодорхой харагдах биз ээ. Нөгөө талаар энэ ярицлагаас өнөөдрийн эрх баригчдын тэрбум тэрбумаар нь халаасалсан ЖДҮХС-гийн зээл анхнаасаа жинхэнэ эзэддээ очиж байсан бол өнөөдөр Б.Үлэмжжаргал шиг олон үйлдвэрлэгч залуус олон гэр бүлийн ажил, амьдралын баталгааг шийдэхийн хажуугаар улс эх орноо хөгжүүлэхийн тулд ихийг бүтээх байсан нь гарцаагүй юм. Иймээс энэ ярилцлагаа онцлон хүргэж байна. 

“Сайхан бодол, том мөрөөдөл ямар ч амжилтын эх нь болдог. Миний хувьд монгол залуусын ур ухаанаар бүтэж байгаа “Vivid” брэндийн цүнхийг илүү олон хүн мэддэг болоосой гэж хүсдэг. Бас бүтээгдэхүүнээ гадагш нь гаргаж, үйлдвэрээ улам өргөжүүлмээр байна. Дор хаяж 50 гаруй ажилтантай болгомоор байна. Тэгж байж л “Vivid”-ийг дэлхий дахинд “Энэ бол Монголын брэнд” гэж нүүр бардам хэлүүлэх түвшинд хүрнэ” хэмээн өгүүлсэн эрхэм бол Б.Үлэмжжаргал. Тэрбээр “Vivid” компанийн ерөнхий захирал. Түүний хувьд цөөнгүй хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд зүгээр сууна гэж ер үгүй. Ажлынхаа хормогчийг зүүгээд ажилтнуудтайгаа хамт оёдлын машины ард өдрийн ихэнхи цагийг өнгөрүүлэх нь нүдэнд содон.

-Та энэ үйлдвэрээ хэдэн онд байгуулсан бэ. Өмнө нь цүнх хийх туршлагатай байсан уу?

-2001 оны үед монголчууд гадагшаа явж ажил хийх сонирхолтой байлаа. Тэгэхэд би гэр бүлийнхэнтэйгээ Японыг зорьсон юм. Тэнд энхэр, ах дүү нартайгаа нийлээд долуулаа гоёлын арьсан цүнхний үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэгэхэд л цүнх хийж сурсан.   

-Ямар нэртэй үйлдвэрт ажиллаж байсан бэ. Том үйлдвэр үү?

-“Эм ши” гэдэг нэлээд том үйлдвэр байсан. Бүтээгдэхүүнээ зардаг сүлжээ дэлгүүртэй. Тэр нь метроныхоо буудлуудад байрладаг. Үйлдвэрээс гарсан цүнх шууд тэнд очиж зарагддаг. Бас хийсэн цүнхнүүдээ гадагш нь гаргадаг байсан. Би тэндээс маш их туршлага хуримтлуулсан.   

-Тэнд ойролцоогоор хэдэн жил ажилласан бэ. Үйлдвэрээ босгох хөрөнгийг тэндээс хуримтуулж ирсэн үү?

-Таван жил ажилласан.  Тийм ч их мөнгө босгож чадаагүй. Япон өртөг өндөртэй орон. Тэнд ажиллаад авсан цалин маань байр, хоол, унаа болон бусад зардалд таардаг байсан. Гэхдээ цөөн хэдэн төгрөг цуглуулсан. Тэр маань хэрэг болсон.

-Эх орондоо ирчихээд үйлдвэрээ байгуулах гэж багагүй хугацаа шаардсан уу. Танд тулгарч байсан хамгийн хүндрэлтэй асуудал юу байв, тухайн үед?

-2000 оны эхээр манайхан “Монголд үйлдвэрлэв” гэсэн зүйлд тийм ч дуртай биш байсан. Балиар, заваан, болхи гэх нь холгүй байлаа. Тухайн үед манайхан гадны бараа их сонирхдог, шүтдэг  байсан. Тэгэхээр үйлдвэр маань яах аргагүй зогсдог юм билээ. Хийсэн зүйлийг минь хүн авахгүй, ямар ч эргэлт байхгүй болохоор өөр сонголтгүй шүү дээ.

-Анх үйлдвэрээ байгуулчихаад хэдэн цүнх хийж, хэдийг нь зарж байв?

-Хорооллын “Өргөө”-гийн урд “Миний дэлгүүр”-ийн салбар байсан шүү дээ. Тэнд лангуу авчихсан бас гэрийнхээ нэг өрөөг суллаад, ганц оёдлын машинтай үйлдвэрлэлээ эхэлж билээ. Орлого байхгүй талдаа. Тухайн үед 20-иод цүнх хийсэн. Харамсалтай нь ганцыг л зарсан байх. Тэгээд бодсон. “Одоо цүнх хийх үе маань арай биш юм байна. Цаг нь болохоор хийе. Харин одоо юу хийх вэ” гээд л... Үнэндээ тэр үед талх нэг номерийн бараа байсан. Тэгээд талх хийж  байсан хүнээс үйлдвэрийг нь, бүтээгдэхүүнээ борлуулах цэг, ажилчидтай нь худалдаж аваад талх хийж эхэлсэн.

-Ямар нэртэй талх хийдэг байсан бэ. Борлуулахад хялбар байсан уу? 

-“Улаанбаатар” нэртэй талх. Тухайн үед талх хамгийн их гүйлгээтэй бараа байлаа. Монголчуудын хийсэн зүйлээс хамгийн их зарагддаг нь талх байсан байх. Тэгж байтал төр засаг ч, ард түмэн ч Монголоо гэсэн сэтгэлтэй болж ирсэн. Тэгээд цүнхээ хийхээр дахиад л зориг шулуудсан.

-Тэгэхээр хэдэн жил талх хийсэн гэсэн үг вэ?  

-Хоёр жил орчим болов уу. Тэгээд цүнхээ хийж эхэлсэн. Тэгэхэд монголчууд маань арай өөр болсон байсан. Би урам зоригтой ажиллаж эхэлсэн. Одоо бол их сайхан болж. Хүмүүсийн сэтгэлгээ маш өөр болж байна.

-Та тухайн үед өдөрт хэдэн цүнх хийж, хэдийг нь зарж байв?

-Өдөрт нэг цүнх зарагдчихдаг, хоёр хоноход нэг цүнх гараас гарчихдаг байлаа. Бидэнд бол болоод явчихлаа гэсэн үг. Одоо ч гэсэн. бага багаар бараа маань эргээд л байгаа.  

-Цүхнийхээ материалыг хаанаас авдаг вэ?

-Материал оруулж ирдэг таван цэг байдаг. Харж байгаад цүнхэндээ тохирох материалаа сонгож авдаг. Хамгийн сайн, үнэтэй, чанартайг нь өөрөө харж байж авдаг.

-Танай нэр бас их содон юм?

- “Vivid” гэдэг үг маань содон, өвөрмөц, тод гэсэн утгатай. Тэр утгыг нь билгэдсэн юм. Манай бүтээгдэхүүн олон өнгөтэй, загварт огт баригдахгүй гэсэн утгатай. Ер нь манай монголчууд их сониуч. Ямар нэг загварт огт баригддаггүй хүмүүс.  

-Загвар гэснээс та бүтээгдэхүүний загварыг яаж гаргадаг вэ?  

-Ер нь өөрөө гаргадаг. Заримдаа захиалагчид тийм байвал, ийм бол гэж санаа оноогоо хэлдэг. Түүнийг нь тусгадаг. Зарим нь “Би яг ийм загварыг хийлгэмээр байна” гээд бариад ирдэг. Түүн дээр нь өөрийн санаа оноог нэмж улам боловсронгуй болгох үе бий. Хэрэв захиалгаар хийлгэвэл цүнх маань дор хаяж гурав хоногийн дараа гардаг.

-Эмэгтэйчүүд ямар цүнх сонирхож байх юм?

-Ер нь янз янз даа. Албан газрууд гэхэд бие биенийхээ төрсөн өдрөөр цүнх худалдаж авч өгөх нь элбэг байдаг. Өөрсдөө манай цахим хуудас руу ороод загварыг нь хараад захиалдаг. Манайх өөрийн гэсэн баглаа сав боодолтой болохоор хүмүүс бие биедээ бэлэглэсэн ч нүүр улайхааргүй. Ер нь цаанаа эзэнтэй цүнхнүүд байдаг юм.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Сүүлийн үед эдийн засаг хямарч байна. Иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байна гэх болсон. Танд тийм зүйл мэдрэгдэж байна уу?

-Манайх гурвуулаа ажиллаж байгаа. Мэдээж эдийн засаг сайнгүй байгаа нь мэдрэгдэлгүй яахав.  Гэхдээ миний анхнаасаа тавьсан бизнесийн зарчим, зорилго гэж бий. Одоо бүх юм үнэтэй болж байна. Цүнх хийдэг арьс, тоноглол гэхэд өчнөөн үнэтэй болсон. Харин миний хувьд хэдий хэцүү байлаа ч  бүтээгдэхүүнийхээж үнийг огт хөдөлгөхгүй байх.

-Тэгэхээр алдагдалд орохгүй байна уу?

-Бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд нам зогссон дээр үү, эсвэл өөрөө алдагдал хүлээгээд ч гэсэн зүтгэсэн дээр үү гэсэн сонголт гарч ирж байгаа. Миний хувьд хоёр дахийг нь сонгосон. Би цаг зуурын хямралаас болж өөрийнхөө харилцагчийг тавиад туухыг бодохгүй байна. Энэ бол түр зуурын асуудал. Манайд байнгын үйлчлүүлэгчид бий. Би бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барьснаар тэд маань “Vivid” ямар ч үед өөрийнхөөрөө байдаг гэж итгэнэ шүү дээ.

-Танай гэр бүлийн хүн таны бизнест тусалж байна уу. Ингэхэд та ажилтнуудаа яаж сонгож авдаг вэ?   

-Манай хүн цэцэрлэгийн багш. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Нэг нь төрд, нөгөө нь хувийн хэвшилд зүтгэж байна. Миний хувьд гарын дүйтэй бас сэтгэл нь наашаа хүмүүсийг ажилд авдаг. Тэгж байж ажил урагшаа явна. Одооны залуус юманд тууштай биш. Савлагаа ихтэй. Орж, гараад байдаг. Өөрийн гэсэн бодолгүй. Мөнгөний үнэрээр их “давхина”. Уг нь залуу хүн өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй. Гэтэл одоо манай залуучууд яг барилгын ажил шиг болчихсон. Өвөл нь ямар ч ажилгүй зогсоод зун болохоор мөнгөний үнэрээр яваад байдаг. Амьдрал нь хүртэл тийм. Харамсалтай санагддаг.

-Та энэ өндөрлөгт хүрэхийн тулд хэд унаж хэд боссон бэ, тэгвэл?

-Зөндөө. Надад таг зогсч байсан үе хүртэл бий. Хаашаа ч гарах гарцгүй. Би тэгэхэд өөр юм хийх ёстой юм болов уу гэж боддог байсан. Өөр юм хийсэн. Гэсэн ч тухайн хүний хийх ёстой зүйл биш л болохоор хэрэггүй юм билээ.  Хүн нэг зорилго тавиад хийж байгаа зүйлээ юунд хүргэх вэ гээд бодоод хийгээд байвал амжилтад хүрдэг байхгүй юу.

-Тэгвэл та өөрийнхөө тавьсан зорилгод хүрсэн үү?

-Арай хүрээгүй. Миний хийсэн цүнхийг нэлээд их хүн мэддэг, бас гадагшаа гаргадаг болчихсон байх ёстой. Бас үйлдвэр маань өргөжөөд дор хаяж 50 ажилтантай байх хэрэгтэй.

-Гадагшаа гэснээс та Японд байж байгаад ирсэн юм чинь тийшээ бүтээгдэхүүнээ гаргая гэж бодсон уу?  

-Япон руу болно. Гэхдээ арьсан цүнх тослог ихтэй байдаг. Тэгэхээр Япон шиг халуун орон руу гаргах боломжгүй. Түүний оронд манайх шиг уур амьсгалтай орон руу гаргах хэрэгтэй. Япончууд уур амьсгалдаа тохируулж арьсаа боловсруулдаг. Харин манайх дотооддоо бас ургаш нь гаргаж арьс түүхий эдээ боловсруулж байна.  

-Одоо танд тулгарч байгаа асуудал гэвэл юу байна вэ?

-Таних танихгүй нь хамаагүй. Манайхан бие биенийгээ дэмжмээр байгаа юм. Энэ бүтээгдэхүүнийг монгол хүн хийж байгаа, үүний цаана өчнөөн олон монгол айлыг хөл дээр нь босгоход тусалж байгаа гэж харах хэрэгтэй. Япон, солонгочуудын зарчим энэ шүү дээ. Тэд ямар ч оронд очсон өөрийнхөө улсын бүтээгдэхүүнийг авч, хоолыг нь иддэг. Үнэтэй байсан ч хамаагүй. Гэтэл монголчууд бид цөөхөн. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх тусам чанар улам сайн болно. Гадагшаа зах зээлд гаргана. Иймээс бие биенийгээ дэмжээд байгаараа гэж хэлье дээ.     

(Түүний албан ёсны facebook хаяг нь Vivid LLC)

Улстөрийн тойм сонин. 2014 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр. Ярилцсан Л.Оюунгэрэл