Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй зарим тусгай санг татан буулгаж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн 29 сангаас долоог нь татан буулгах шийдвэр гаргалаа” хэмээсэн. Мөн дээрх санг татан буулгах болсон шалтгаан нь ЖДҮХС-гаас УИХ болон Засгийн газрын гишүүд мөн төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан бол зарим сан тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй атлаа төрийн мөнгийг үр ашиггүй урсгаж байна гэж байв. Тэгвэл ганц сан ч биш элдэв гоё нэртэй төсөл хөтөлбөрүүд ч бас төрийн мөнгийг үр ашиггүй урсгаж байдаг аж. Тодруулбал, Засгийн газрын дэргэдэх зарим төсөл хөтөлбөрийн удирдлагууд гэхэд сард 5 сая төгрөгөөс буухгүй цалинтай, тэгсэн атлаа гарт баригдаж нүдэнд харагдах хийсэн ажилгүй зарим нь юу хийдэг нь ч ойлгомжгүй гоё оффис түрээслээд төрийн мөнгийг “идээд” суудаг аж. Иймээс бид сүржин нэр, даржин ажилтай зарим төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр боллоо.
Хэрэв уншигчид санаж буй бол Эгийн голын усан цахилгаан станцын тухай үе үеийн эрх баригчид ярьсаар ирсэн. Яг одоо гэвэл Эрчим хүчний яаманд харьяалагддаг хамгийн идэвхгүй төслийн нэг хэмээн нэрлэгдээд байгаа “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит компанийг Б.Отгонсүх гэх эрхэм толгойлдог. Гэвч тэрбээр энэ төслийг удирдсан цагаасаа эхлэн дорвитой ажил хийсэнгүй. Тэр ч бүү хэл оросуудтай ч хэл амаа ололцож чаддаггүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Ямартай л энэ асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан хэд хэдэн удаа хөндөж “Цаасан дээр байдаг энэ төслийг татан буулгамаар байна. Ямар ч ажил хийдэггүй. Тэгсэн атлаа дарга нар нь сард 5-7 сая төгрөгийг цалин авдаг. Бас дээр нь ахуй хангамж нэмэгддэг гээд тооцвол энэ байгууллагын үргүй зардал тоймгүй. Иймээс энэ асуудлыг анхаарах ёстой” хэмээн санал гаргаж байжээ. Гэвч энэ тухай хэн ч тоогоогүй бөгөөд харин овсгоотой зарим улстөрч өөрсдийнхөө хүмүүсийг шахсан шигээ суудаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Энэ салбарынхны өгүүлснээр Эгийн голын Усан цахилгаан станцын ажил Д.Одхүү даргын үед жаахан ургашилсан юм билээ. Учир нь “Эгийн голын усан цахилгаан станцыг оросууд анх судалж эхэлсэн бөгөөд 1992-1995 онд Швейцарийн “Электро Фат инженеринг”, Италийн “Электро консалт”, Монголын “Ус-Эрчим” зэрэг компани анхны техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байсан ажээ. Улмаар 2006 онд Хятадын 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тендер зарлаад 2007 онд “Синемач Каф” гэж компани консерцумд ялсан. 2013 онд дахин төслийн нэгж байгуулж Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр гаргасан. Улмаар 2013 оны арваннэгдүгээр сарын 26-нд байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гээд тоочоод байвал намтар арвин төсөл. Түүнчлэн Техник, Эдийн засгийн үндэслэл дээр нь УЦС-ын далангийн барилгын ажил 3.5 жил, усан сан дүүргэлтийн хугацаа 2 жил, далангийн барилгын ажил болон усан сан дүүргэлт үндсэндээ зэрэг явагдана. 2016 онд далангийн барилгын ажил эхэлж 2019 онд усан сангийн дүүргэлт дуусаж 2020 оны өвөл бүрэн хүчин чадлаараа Төвийн бүсийн оргил ачааллын хэрэглээг хааж оролцоно гэж тооцчихсон учраас яг өдийд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх учиртай юм. Харамсалтай нь, өнөөдөр "Эгийн голын УЦС"-ын буурин дээр арав гаруй тэрбумын өртөгтэй хэдхэн ширхэг шонго эс тооцвол ямар ч ажил хийгдээгүй бөгөөд ямартай л ТӨБЗГ-ынхан “Цаасан дээрх ийм компаниа татан буулгаач” гэсэн саналыг хүртэл гаргаж байх вэ.
Уг нь Б.Отгонсүх дарга энэ асуудалд сэтгэл гаргаад орос ах нартай хэл амаа ололцчихсон бол асуудал ингэтлээ хүндрэхгүй байсан. Ядаж л Д.Одхүү даргын хэмжээнд сэтгэж ажилласан бол өнөөдөр хэдхэн ширхэг шон бус харин далан барих гээд бүтээн байгуулалтын ажил өрнөж байх байлаа. Гэвч тэрбээр энэ төслийг ургашлуулах талаар дорвитой ажил санаачлагаараа хийгээгүй төдийгүй өөрийгөө худалч гэдгээ батлан харууллаа. Учир нь 2017 оны дөрөвдүгээр сард “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” Олон улсын үзэсгэлэн манай улсад болсон. Энэ үеэр тэрбээр "Энэ төслийн хувьд ТЭЗҮ-ийг боловсруулж, тендерийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд төслийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Удахгүй байгаль орчин, тэр дундаа Байгал нуурт нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийх, санал солилцох Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан уулзалт болно. Энэ уулзалтын үр дүнгээс хамаарч төслийн цаашдын байдал илүү тодорхой болно" гэж ярьж байжээ. Гэтэл өдгөө түүний хэлсэн энэ үг үлгэр байсан нь батлагдаж Эгийн голын усан цахилгаан станцыг хүлээлгэж өгөхөд нэгхэн жил дутуу байхад мань хүн юу ч хийж чадсангүй. Өмнөх даргын босгосон хэдэн шонг л харж суууна. Иймээс л Б.Отгонсүх үнэхээр энэ төслийг аваад явах хэмжээний удирдагч мөн үү, оросуудтай хэл амаа ололцоод 2020 он гэхэд Эгийн голын усан цахилгаан станцыг хүлээлгэж өгөх хэмжээний удирдагч мөн байсан уу гэж Ерөнхий сайдаас асуухад хүргэж байгаа юм.
Эцсэт нь тэрбээр өөрийнхөө энэ "ур чадвараар" мэргэжлийн удирдагч бус харин зүгээр л нэг улстөрчийн шахаа мөн гэдэг нь харагдаж байгаа. Учир нь тэрбээр энэ төслийг толгойлохоос өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын орлогч байсан. Улмаар СХД-ээс ИТХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан төдий намтартай улстөрч. Мөн УИХ-д сонгогдсон нутгийн ах нарын буянаар энэ төслийг толгойлох болсон азтай нөхөр.
Гэтэл өндөр цалин хангамжтай гэх түүний талаар сүүлийн үед таагүй мэдээлэл дуулдаж эхэллээ. Энэ нь мань эрхэм "Энканто таур" гэж өндөр үнэтэй тансаг пентхаус авсан тэр ч бүү хэл “Улаанбаатар смарт карт” гэх мөнгө угаадаг бизнестэй нэр холбогдсон тухай мэдээлэл ч байгаа юм. Иймээс энэ тухай бид эргэн сурвалжилж хүргэх болно.