Тавантолгойд талцал хэрэггүй

У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар хийгээд УУХҮЯ-ны амжуулсан чухал ажлын нэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалахаар болж эхний алхамуудыг хийж эхэлсэн явдал билээ. Ингэхдээ компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж хөрөнгө босгохыг зорьж байгаа явдал. Мэдээж үүнийг ямар ч өнцгөөс нь тайлбарласан зөв гольдрол. Яагаад гэвэл эцсийн дүндээ иргэн бүрт тараасан 1072 хувьцааны ногдол ашгаар дамжуулан эх орныхоо баялгийн үр шимийг ард түмэн нь хүртэж байгаа учраас. Бас ингэж байж дэлхийд хамгийн өндөр чанартай, гангийн үйлдвэрүүдийн гол “хоол” болсон Тавантолгойн баялгийг үр шимтэй зарцуулах юм.  

Мэдээж тус компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалснаар хяналтын тогтолцоо улам сайжирч, компанийн засаглал хамгийн зөв шугамаар явах бололцоо нэмэгдэнэ. Нөгөө талаас компанийн хувьцааг амжилттай арилжаалснаар олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, сонирхол өдөөгдөх юм. Уул уурхайн салбарт суурилж хөгжилд хүрэхээр тэмүүлж буй манай улсад энэ хандлага олз болно.

Тавантолгойн хувьцааг арилжаалах тохиромжтой цаг бүрдэж буйг эдийн засагчид хэлж байна. Өмнө нь үлгэн салган явж, өр ширэнд баригдаж байсан түүх энэ компанид бий. Харин одоо байдал өөр болсон. Энэ компани төрийн мэдэлд байж дээр нь урд өмнө нь байгаагүйгээр ашигтай ажиллаж байна. Тодруулбал, 2011-2016 онд тус комапни улсад нийт 266 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байдаг бол өмнөх зургаан жилд төлсөн нийт татвар, хураамжийг зөвхөн 2017 онд төвлөрүүллээ. Нэг үгээр хэлбэл, 2017 онд 1.2 их наяд төгрөгийн орлого олсон бөгөөд үүнээс 243 тэрбум төгрөгийг татвар, хураамжид төлж, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улмаар энэ амжилт улам ахиж 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлого олж, 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгав. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 801 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөгөө хэд дахин давуулан биелүүлжээ. Энэ бол иргэд баялгийн үр шимээ хүртэж эхэлсний тод жишээ юм.

Нүүрсний үнэ ч нэмэгдэж байна. 2016 оны нэгдүгээр улиралд “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны нэгдүгээр улиралд 59.33 ам.доллар, 2018 оны хоёрдугаар улиралд 61.0 ам.доллар харин 2019 оны нэгдүгээр улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөсөн үзүүлэлт гарсан. Цаашид дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэнээр Тавантолгойн нүүрсний эрэлт улам бүр өсөх боломжтойг эдийн засагчид хэлж байна. Гангийн үйлдвэрт ашиглах маш өндөр чанартай, олборлох зардал бага, тээвэрлэн хүргэх зах зээл нь хажуудаа зэрэг давуу талууд хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Тавантолгойн энэ мэт амжилтын хажуугаар, мөн IPO гаргах яриа гарах болсонтой холбоотойгоор зарим нэг нь шүүмж өрнүүлэх болов. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой”-н зардлууд өндөр байгааг шүүмжилж, иргэдийн ногдол ашгийг хулгайлж байна гэсэн агуулгатай мэдээллийг зарим эдийн засагч цацсан. Харин компанийн зүгээс эдгээр нь байх ёстой хэм хэмжээндээ байгаа зардал болохыг тайлбарлаж, тооцоо судалгааг нь гаргаж өгсөн байна билээ.

Ер нь Тавантолгойг энэ мэтээр гоочлох нь хэр зөв зүйтэй алхам бэ. Мэдээж хяналт байх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ хяналт, шүүмж нь зөв, үндэслэлтэй байх учиртай. Магадгүй ийн гоочлохын оронд IPO гаргахад нь хэрэгтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцвал ард түмэнд илүү тустай билээ. Тэртээ тэргүй тус ордод олон улсын хөрөнгө оруулагчид орж ирсэнээр хяналтын тогтолцоо, орлого, зарлагын зөв хуваарилалтыг дэлхийн жишгээр хянаж, чиглүүлээд явчихана. Иймд эхлээд IPO гаргахад нь дэмнээд өгөөсэй.

Энд нэг зүйлийг сануулахав хэрэв Тавантолгойг МСС-д “тавиад туучихсан” бол юу болох байв. Хувийн компани өрмөө авч, татвар нэрээр төсөвт хэдэн төгрөг “шиднэ”. Түүгээр нь төр урд хормойгоо нөхөх үү, хойд хормойгоо нөхөх үү хэмээн шилээ маажиж суух байлаа. Тэгвэл Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдэг. Тавантолгойн орд ард түмний мэдэлд байж, түмэн олон олон улсын жишгээр /IPO гаргаж/ захиран зарцуулснаар үр шимийг нь хүртэх цаг ойрхон байна.  Тавантолгойд талцал хэрэггүй.