ХЗДХ-ийн сайд болон НПГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүүгийн нэр дээр байдаг уран зургийн галерейд нэгжлэг хийж 9 зураг хураасан. Тэдгээр зургийн нэг нь Их тэнгэрэ цогцолбороос алга болсон зураг мөн байсан. Харин одоо үлдсэн зургуудыг шалгаж байгаа хэмээн мэдээлсэн.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу утасдаж таны уран зургийн архивыг шалгах гэсэн юм гээд ярьсан. Би учрыг нь тодруулахад Их тэнгэр цогцолбор, Маршал цогцолбороос алга болсон уран зургууд танай архивт байж магадгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хуулийн дагуу нэгжлэг хийх зөвшөөрөл байгаа эсэхийг тодруулсан. Гэвч цагдаагийн байгууллага нэгжлэг хийж эхэлснээс хойш нэг цаг гаруйн хугацаа өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн прокурорын зөвшөөрөл ирсэн. Дүрслэх урлагийн бүтээл сонирхогчдын маш олон зургийг хадгалдаг манай архив руу 5-6 орчим цагдаа орж үзсэн. Үзлэгээр алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг авч явсан. Би иргэнийхээ хувьд архиваа үзүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн ажлын өрөөнд нэгжлэг хийж зургийг авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл гарсан. Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт цагдаа нар нэгжлэг хийсэн" хэмээв.