ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал дахиад л олны анхаарлын төвд орж ирлээ. Энэ удаад ирэх долоо хоногийн даваа гарагт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирнэ хэмээн яригдаад эхэллээ. Мөн эхний ээлжинд шалгуулж мэдэх таван гишүүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь болон Х.Болорчулуун нар багтсан гэх.
Ингэснээр нэг хэсэгтээ нам гүмхэн байсан улс төрийн хүрээнд дахиад л халуухан үйл явдал өрнөх нь тодорхой болж, УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх таван гишүүнээ авч үлдэх үү эсвэл үнэхээр өөрийнх нь яриад байгаа шударга ёсны эхлэл болгож хариуцлага тооцох уу гэдгийг харах үлдлээ. Уг нь УИХ-ын 75 гишүүнээс 23 нь ЖДҮХС-аас зээл авсан асуудлалд нэр холбогдсон. Тэднийг АТГ-аас шалгаж буй. Иймээс ч Улсын ерөнхий прокурор өнгөрсөн намрын чуулганаар ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгахад гишүүнийх нь бүрэн эрх саад учруулж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьж байсан. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Харин хуулийнхан дээрх гишүүдийг шалгасараар байгаа бөгөөд тэднийг ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар яллагдагчаар татчихаад байгаа бөгөөд энэ удаад ЖДҮХС-гаас зээл авсан дахин таван гишүүний нэр буюу хоёрдугаар ээлжийн гишүүдийн нэрс тодорхой боллоо.
Дашрамд мэдээлэхэд
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-ийн дуулиан үүсэх үед авсан зээлээ эгүүлэн төлсөн.
- УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийнх нь “Рэд стар клуб” ХХК ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авч, мөн л эгүүлэн төлсөн.
- УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК-иараа 950 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авсан гэх ч тэрбээр үгүйсгэдэг.
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Өгөөдэй Ази" ХХК-д зээл авч өгсөн.
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр тус тус шалгуулж байгаа аж.