ХХБ-ны удирдлагуудыг яллагдагчаар татах тогтоолыг прокурорт хүргүүлжээ

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.  

Уг нь тэднийг өнгөрсөн мягмар гарагт ЭЦГ-т байцааж гэр болон ажлын байранд нэгжлэг явуулсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч шүүхээс "Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна" хэмээн суллаад байгаа юм.