Ямбыг нь эдэлсэн юм бол “ял”-ыг нь ч бас үүр Н.Энхболд сайд аа

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн албан хаагч, хүнд даацын машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Өлзийтогтох “2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 19.00 цагийн үед осол гарсан. Осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн албан хаагчид ирж ослын газрын үзлэг, шалгалтыг хийсэн. Ослын шалтгааныг тодруулахаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээжээ. Ингэснээр Зэвсэгт хүчинд дахин нэг алба хаагч амиа алдсан нь батлагдаж, хамгийн гол нь энэ харамсалтай үйл явдлын хариуцлагыг хэн хүлээх бол гэдэг нь дахин анхаарал татаж эхэллээ.

Дахин хэмээсэн нь учиртай. Учир нь хэрэв уншигчид санаж буй бол хэдхэн хоногийн өмнө  Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан. Тодруулбал, Орхон аймгаас өнгөрсөн арваннэгдүгээр сард цэрэгт татагдан очсон, 19 настай байлдагч өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж улмаар нас барсан. Зэвсэгт хүчний жанжин штабынхан “Ийм харамсалтай хэрэг болсон нь үнэн. Хууль хүчний байгууллагынхан шалгаж байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсхийгээд өнгөрсөн юм. Харин талийгаачийн ар гэрийнхэн болоод хамт алба хааж байсан нөхөд нь цэргийн ангийн удирдлагууд зоддог байсан хэмээсэн ч БХЯ-ныхан тус цэргийн ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлснөөр энэ хэрэг намжсан. Бас хэдхэн хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдсан цэрэг гадны нөлөөгүй нас барсан гэх мэдээлэл олны дургүйцлийг хүргэсэн. Гэтэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад Зэвсэгт хүчинд дахин нэг алба хаагч амиа алдлаа. Ингэхдээ зарим эх сурвалж тухайн алба хаагч ЗХЖШ-ын нэг генералын хаусыг барьж байгаад ийм осолд орсон гэж мэдээлж байна. Хэрэв энэ мэдээлэл баттай бол үнэхээр харамсалтай. Нөгөө талаар манай Зэвсэгт хүчний салбар үнэхээр хариуцлагагүй, дэг журамгүй байгаа нь харагдаж байгаа юм.  

Иймээс салбарыг толгойлж байгаа Н.Энхболд сайд ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Үнэндээ түүний хувьд энэ салбарын сайд байх ёс зүйгүй гэдэг нь өмнө нь амиа алдсан цэргийн үхэлтэй холбоотой асуудлын үеэр харагдсан. Тодруулбал, тэрбээр “Цэргийн ангид шинэ цэргийг зодож, дарамталдаг гэх мэдээлэл байнга гардаг? Хэмээсэн асуусан сэтгүүлчийн асуултад “Хаана тийм хэрэг гарсан юм. Баримт байвал бидэнд өгөөрэй. Зодож, дарамтлах ёсгүй” хэмээн хариулсан. Гэвч төд удалгүй харамсалтайгаар амиа алдсан цэргийн үхэл гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарч, эрхэм сайд ч суудалдаа тухлан үлдсэн бөгөөд иймээс л Н.Энхболд сайдыг ямбыг нь эдэлсэн юм бол “ял”-ыг нь ч бас үүр гээд байгаа юм.

Энд нэг зүйлийг тодотгоход түүнийг энэ салбарын сайдаар томлигдсоноос хойш Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн үйл ажиллагаа сайжирсан уу гэвэл асуудалтай. Асуудалтай байгаа гэдэг нь ч дээрх хоёр жишээнээс харагдаж байгаа юм. Гэтэл эрхэм сайд ажлаа ийм байдлаар хийж байгаа атлаа амин хувийн асуудалд тун амжиргаатай загнадаг бололтой. Учир нь, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан тухай асуудал хөндөгдөж эхлэхэд мань хүний нэр ч дуулдсан. Ингэхдээ тэрбээр “Өлзий дэн" ХХК-ийн нэр дээр зээл авсан тухай асуудал боссон. Улмаар энэ  нь компани нь БХ-ын айд Н.Энхболдын өөрийнх нь бус харин түүний худ болох Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн компани болж таарсан бөгөөд товчхондоо эрхэм сайд худдаа ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авахад нь нөлөөлсөн үү гэдэг асуудал босч ирсэн юм. Иймээс л У.Хүрэлсүхийн танхимын сайд бол эрх дарх, ямбаа эдэлсэн юм бол Зэвсэгт хүчинд амиа алдаад байгаа алба хаагчдынхаа өмнө хариуцлага хүлээж "ял"-аа ч бас үүр Н.Энхболд сайд аа гэх байна. Бас Зэвсэгт хүчний салбарт дахин дахин хүний амь эрсдээд байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгах байна.