“Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, ТУЗ-ийн дарга Д. Эрдэнэбилэг, "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг яг одоо Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж байгаа. Тэгвэл энэ асуудлаар дөнгөж сая ЦЕГ-аас тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр энэ хэрэгт АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ. Тодруулбал, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэргээр шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Дашрамд мэдээлэхэд Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авахдаа төлсөн 400 сая 270 мянган долларыг төрөөс зувчуулах маягаар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Энэ 400 сая 270 мянган долларыг босгохдоо:
• -Сангийн яамны виксел /2016.02.25/ 183.6 тэрбум төгрөг
• -Монголбанкны өрийн бичиг /2014.11.28/ 100 тэрбум төгрөг
• -Монголбанкны өрийн бичиг /2016.04.06/ 100 тэрбум төгрөг
• -Хөгжлийн банкны зээл /2014.12.01/ 71.3 сая ам.доллар
• -Хөгжлийн банкны зээл /2015/ 51.3 сая ам.доллар
Дээрхи мөнгийг "Кью Эс Си” ХХК-руу эхлээд шилжүүлсэн. Энэ компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бөгөөд захирлаар Э.Шижир, ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг.
“Кью Эс Си” ХХК-иас Д.Эрдэнэбилэгийн үеэл дүүгийн “Хээдвей трейднг”, “Пик девелопмент” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшингийн дансанд 2016.04.21-нд 56.5 сая ам.доллар, 2016.06.20-нд 62.9 сая ам.доллар оржээ.
Түүнчлэн Аж үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны зузаатгал нэрээр ямарваа барьцаа хөрөнгөгүйгээр 2015-2016 онд 283 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байна.
• Аж үйлдвэрийн яам /2015-2016/ 90.3 сая ам.доллар
• Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээлээр 111.2 сая ам.доллар
• Монголбанкнаас зузаатгал нэрээр /2016.06/ 81.5 сая ам.долларын санхүүжилт хийжээ.
Дээрх хөрөнгийг Зам тээврийн сайд асан Д.Ганбатын хүүгийн “Канетик”, Д.Эрдэнэбилэгийн үеэл “Риверстаун Пропертис”, “Юнайтед Энержи” компаниудаар дамжуулан “Монголын зэс корпораци” болон Ц.Пүрэвтүвшингийн дансанд орсон байна.
Ингээд нийтдээ “Монголын зэс корпораци”-ийн дансанд:
• 62.9 сая ам.доллар /2016.06.20/
• 56.5 сая ам.доллар /2016.04.21/
• 90.3 сая ам.доллар /2016.06.20/
• 81.5 сая ам.доллар /2016.06.20/
• 111.2 сая ам.доллар /2016.06.20/ буюу нийт 400.27 сая ам.долларын санхүүжилт хийгдсэний дийлэнх болох 72.4 хувийг төрөөс зээлж авсан байна.Үлдсэн 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээс бүрдснийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдсэн юм