ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр "Монголиа коппер корпорэйшн” компанийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн схемийг танилцуулсан бөгөөд энэ үеэр "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авах санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс гарсан хэмээсэн юм.
Мөн тэрбээр энэ үеэр "Монголын зэс корпораци"-ийнхан таныг шүүхэд өгнө гэсэн. Танд мэдээлэл байна уу? гэсэн асуултад "Ц.Пүрэвтүшин, О.Орхон, М.Мөнхбаатар нарын залуусыг өрөвдөж байна. Хэн нэгний гар хөл болж байж ахын дүү хохиров, улс төрийн золиос болов. Ахын дүү болгоомжтой байгаарай. Жинхэнэ эзэд нь яагаад гарын үсэг зурахгүй байна. Мөнгө угаалтын систем рүү 20 хэдхэн настай залуусыг түлхэж байна. Тэдгээр залуус мөнгө угаалтын хэргээр шоронд орж магадгүй. Хүний гар хөл, бусдын гар хөл болж байна шүү дээ. Өөрөө л хохирох вий дээ гэж би Ц.Пүрэвтүшин дүүдээ захихыг хүсэж байна. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш ямар ч хуурамч мэдээлэл өгч байгаагүй. ЗГХЭГ-ын дарга гэдэг албан тушаал бол маш хариуцлагатай алба. Би баримт дээр үндэслэж ярьж байна. Нийт материалын 1/5-ыг л би дэлгэсэн, бусад мэдээллийг шүүхийн өмнө дэлгэх боломжтой" гэж байсан юм. Тэгвэл дөнгөж сая авсан мэдээллээр Л.Оюун-Эрдэнэ сайдыг шүүхэд өгсөн гэх "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүшинг Цагдаагийн ерөнхий газарт яг одоо байцааж байгаа аж. Ингэхдээ түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байгаа тухай зарим эх сурвалж мэдээлжээ.