Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүүтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн онд “Бага” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэгддэг Японы “Их дуулга”-аас хүрэл, хэдхэн хоногийн өмнө Германы Дюсселдорфд болсон Гранд Слам тэмцээнээс -66 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь уулзаж, ярилцлаа.
-Сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Ямар ч байсан медальтай ирсэн болохоор маш их баяртай байна.
-Ярилцлагаа анх жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн үеэс чинь эхлье гэж бодлоо. Ингэхэд энэ спортод анх хэрхэн хөл тавьсан бэ?
-Би жүдо бөхөөр хожуу хичээллэж эхэлсэн. Намайг энэ спортод оруулсан хүн гэвэл Монгол Улсын гарьд М.Баяржавхлан. Бөхийн “А” үсгийг заасан багш гэвэл Завхан аймгийн Нөмрөг сумын биеийн тамирын багш Батцэрэн. Багш маань миний үеийн хүүхдүүдийг цуглуулаад мэх зааж өгч тойргоор барилдуулдаг байсан юм. Ингээд дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхэд М.Баяржавхлан ах намайг жүдо барилд гээд гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид аваачиж өгсөн. Түүний дараа “Женко” клубт гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр багшийн удирдлагад шилжсэн дээ. Одоо бол Үндэсний шигшээ багт багтаад олон сайн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Анхны тэмцээн чинь ямар тэмцээн байсан бэ?
-Самбо бөхөөр залуучуудын улсын аваргад 62 кг-ын жинд анх барилдаж хүрэл медаль хүртэж байлаа. Тэр тэмцээнд жүдо бөхийн ОУХМ Сэр-Одод ялагдаад дагаж барилдан хүрэл медаль авсан юм. Харин жүдо бөхөөр анх “Шонхор кап” тэмцээнд оролцож, түрүүлж байсан. Дараа нь Г.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнд орж мөнгөн медаль авснаар танигдаж эхэлсэн гэж боддог.
-Жүдо бөхөд дуртай байв уу?
-Багаасаа л барилдах дуртай байсан. Аав, ээж маань ч барилдуулна гэдэг байлаа. Тэгээд дунд сургуулиа төгсөөд “Шонхор” БТДС-д элсэн орсон. Нэгдүгээр курсээ төгсөөд бүх зүйлээ бэлтгэлдээ зориулахаар шийдээд сургуулиа түр орхисон.
-Шигшээ багт сүүлийн жилүүдэд тогтмол дуудагдаж чамгүй амжилт гаргалаа.
-2017 оноос Үндэсний шигшээ багт дуудагдаж тив, дэлхийн тэмцээний бэлтгэл сургуулилтад хамрагдаж байна. 2017 оноос хойш насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Эхлээд ОХУ-ын Оренбургт олон улсын тэмцээнд оролцож -66 кг-ын жинд нэг ялаад хоёрдугаар тойрогтоо Риогийн олимпод Бороо /Д.Төмөрхүлэгийг хэлж байна/ ахыг хождог Канадад /Антуан Бушар/ ялагдсан. Тэр тэмцээний дараа долоо хоноод ОХУ-ын Екатринбургт IJF-ийн анхны тэмцээндээ -73 кг-ын жинд оролцож, долоодугаар байрт орсон. Тэр тэмцээнд би хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Уали Куржев гээд сайн бөхийг ялсан л даа. Дараа нь Хөх хотын Гран Прид барилдаж хүрэл медаль хүртсэн.
-Тэр тэмцээнийг яг дэргэдээс чинь харж байлаа. Үнэхээр сайхан барилдаануудыг үзүүлсэн шүү.
-Миний амьдралын хамгийн чухал тэмцээн байсан гэж боддог. Хөх хотоос хүрэл медаль хүртснээ хэзээ ч мартахгүй. Маш их баярлаж байсан. Эхний тойрогтоо ДАШТ-ий хүрэл медальтай, Европын анхдугаар наадмын аварга ОХУ-ын Камал Хан-Магомедовтой учраа таарсан. Түүнийг 2015 оны Астанагийн дэлхийн аваргад Х.Цагаанбаатар ахыг ялж байсныг үзэгчдийн суудлаас харж байсан. Тэгээд Хөх хотод эхний тойрогт учраа таарсан. Барилдааны өмнөх өдөр түүний барилдааных нь бичлэгийг харчихаад юу ч бодолгүй унтсан. Маргааш нь барилдааны өмнө О.Балжинням багш “Наадах чинь баруун огцом мэх хийж барилддаг. Тэрийг нь л анхаарчих” гэж хэлсэн. Яг хэлснийх нь дагуу баруун гарыг нь дараад баруун талдаа тохоод ялсан. Тэр ялалт миний сэтгэл зүйд их нөлөөлсөн. “Би дэлхийн аваргын медальтныг хожиж байгаа юм чинь надад боломж байгаа юм байна” гэж бодсон. Тэгээд л дараагийн барилдаанууддаа өөртөө итгэлтэй барилдсан гэж боддог. Тэр тэмцээний хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг нэмэлт цагт вазаригаар ялаад хагас шигшээд сая Дюсселдорфт хожигддог ОХУ-ын Якуб Шамыловт ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальтай Японы Кенго Такаичитэй барилдсан. К.Такаичиг групп дээр манай Д.Алтансүх ах ялчихсан байсан. Д.Алтансүх ах “Наадах чинь муу байна лээ. Чи зүгээр лав золгоод сайхан барилдчих” гэсэн. Тэгээд барилдааны төгсгөлд лав дайраад ялсан. Энэ тэмцээний дараа ДАШТ-ий цугларалтад гараад намар нь арваннэгдүгээр сард Недерландад Хаагын Гран Прид түрүүлсэн.
-“Хааг-2017” тэмцээний талаар дурсаач.
-“Хааг”-т дөрвөн тойрог барилдаж түрүүлсэн. Эхлээд Испаний Гар Уриартэг, дараа нь Недерландын Втан ван дер Вэрффийг ялаад хэсгийн аваргын төлөө Ираны Гассем Ноуризадехийг вазаригаар ялж яваад иппон буулгасан. Харин аваргын төлөө нөгөө ОХУ-ын Якуб Шамыловыг ялж түрүүлсэн.
-Өнгөрсөн оны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Ё.Басхүү Гран При ангилалд түрүүлчихсэн болохоор -66 кг-ын медалийн тааварт зүй ёсоор орж ирнэ гэцгээж байлаа. Гэвч эхний тойрогт ялагдчихсан. Тэр үед юу бодогдож байв?
-Өнгөрсөн жилийн улсын аваргаар эхний тойрогт Б.Батбаярт боох мэхээр ялагдсан. Энэ ялагдал надад их зүйл бодогдуулсан. Би өрсөлдөгчөө дутуу үнэлээгүй. Гэвч барилдаан маань санаснаар болоогүй. Тэгээд Парис, Екатеринбургын “Их дуулга”, Хөх хотын Гран Прид оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Ялангуяа Екатеринбургт барилдахаа зүүн гарынхаа дунд хуруугаа гэмтээчихсэн атгаж чадахгүй байсан л даа. Харин өнгөрсөн арванхоёр дугаар сард Японы Осакад “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж, их урам зориг орсон.
-Тамирчид Японы Гранд Сламаас медаль хүртэх амаргүй гэцгээдэг.
-Би наймдугаар сард дэлхийн аваргын цугларалтын дараа нутагтаа очиж амараад сэргээд ирсэн байсан. Ингээд Осакагийн “Их дуулга”-д оролцох болсон. Тэмцээнд оролцохоос өмнө зарим хүн “Японы тэмцээн чинь маш том. Медаль авахад хэцүү. Дэмий мөнгө үрж яваад яах гээд байгаа юм. Тэрний оронд өөр тэмцээнүүдэд ор” гэж хэлж байсан. Олон хүн тэгээд байхаар хэцүү юм билээ. Тэгсэн -81 кг-ын жингийн О.Ууганбаатар ах надад “Хүмүүсийн юу гэх нь хамаагүй. Чи өөрөө л шийд. Гол нь биеийн байдал чинь сайн байвал оролцох хэрэгтэй. Ийм тэмцээнд япон бөхчүүдийг ялж байж өндөр амжилтад хүрнэ шүү” гэсэн. Тэгээд л явж барилдья гэж шийдсэн. Явсан. Би ер нь том тэмцээн дээр нервтээд байдаггүй. Хэнтэй ч таарсан сайхан барилдана гэж боддог. Тэгээд эхний тойрогтоо АНУ-ын шинэ залууг /Коул Чандлер/ торгуулиар, дараа нь Мастерсийн мөнгөн медальтай Казахстаны Елдос Жумакановыг нэмэлт цагт ялсан. Нэлээн бааштай, нялцгай барилдаантай нөхөр байсан. Түүний дараа шигшээ наймд шалгарахын төлөө Кыргызстаны Алмаз Алтинбек Уулуг, группийн аваргын төлөө өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальтай Казахстаны Ерлан Серикжановыг ялсан. Казахын бөх намайг хутгахаар нь лав барьцнаас үндэсний бөхчүүд шиг голлож дайраад цэвэр ялсан. Харин хагас шигшээд Японы дэлхийн аварга Хифүми Абетэй барилдаж ялагдсан. Барилдааны өмнө О.Балжинням багш намайг лав барилдаарай гэж хэлсэн л дээ. Гэвч дараа нь барилдаанаа үзэхэд би барьц авах гэж яваад унасан байна лээ. Тэр үед мэх хийгээд барилдсан бол гэж бодогдсон шүү. Дараа нь хүрэл медалийн төлөө ОХУ-ын Ислам Хаметовтой барилдсан. Энэ бөхийг армийн ДАШТ-д А.Батсуурь ахтай барилдахыг нь харсан. Тэгээд хоёр вазари авч ялсан. Дэвжээнээс буусны дараа Балжаа багш “Бага дэлхийн аваргаас хэр баргийн бөх медаль авдаггүй юм. Бэлтгэлээ илүү сайн хийгээрэй” гэж хэлсэн. Ер нь Японд медаль авах үнэхээр гоё. Дээшээ үсрээд л баймаар байсан.
-Бага дэлхийн аваргын дараа Монгол Улсын аваргад өрсөлдсөн. Монголын -66 кг-ын өрсөлдөгчдөө юу гэж бодож байв?
-Манай дотоодын өрсөлдөөн үнэхээр ширүүн. Надад бараг монголоосоо илүү гадаадын бөхчүүдтэй барилдах нь амар санагддаг. Гэхдээ би энэ жилийн улсын аваргад өөрийгөө үнэхээр сайн бэлдсэн. Сэтгэл зүйгээ ч сайн бэлдэж байсан. Дээр нь Осакагийн “Их дуулга”-аас медаль авчихсан их бяртай байсан. Энэ жил заавал түрүүлье гэж бодсон. Миний ах Ё.Улсболд надад их зөвлөгөө өгсөн. Ах урд урдах барилдаанаа л сайн анхаар гэсэн. Хэлснийх нь дагуу бүх өрсөлдөгчөө дутуу үнэлэхгүй барилдсан. Гэвч Г.Хэрлэн ахад цагийн төгсгөлд ялагдсан.Уг нь өөрийнхөө хэмнэлд оруулж барилдах тактик баримталсан. Эхэндээ барилдаан миний хүссэнээр болж байсан ч төгсгөлд нь алдаа гаргаад ялагдсан. Би өмнө нь насанд хүрэгчдийн улсын аваргаас медаль авч байгаагүй. Энэ жил Монголын жүдо академийн Гансүх гээд залууг ялж, эхний хүрэл медалиа авсан.Би чинь Гран Прид түрүүлж, Гранд Сламаас хүрэл медаль хүртсэн хэрнээ улсын аваргаасаа медаль авч үзээгүй байсан болохоор гоё байсан. Харин самбо бөхөөр бол улсын аваргаас хоёр мөнгөн, гурван хүрэл медаль хүртсэн.
-Дотоодын тэмцээнд ихэвчлэн -73 кг-ын жинд зодоглож байгаа билүү. Яагаад?
-Дотоодынхоо гол тэмцээнүүдэдл -66 кг-ын жиндээ өрсөлдөж байгаа. Бусад үед ихэвчлэн -73 кг-ын жинд өөрөөсөө жин их, бяртай хүмүүстэй барилдаж, өөрийгөө бэлдэе гэж боддог. Сүүлийн жилүүдэд дотоодын тэмцээнд ОУХМ Ц.Цогтбаатартай олон финалдсан. 10 гаруй минут барилдаад л ялагдчихаад байгаа. Уг нь Цогоог ялчих юмсан гэж бодоод 73-д барилддаг. Гэвч болохгүй л байна. Гэхдээ би хар буруу санаж ялах гэж улайраад байгаа юм бишээ. Цогоо бид хоёр амьдрал дээр маш сайн найзууд. Ер нь дан ганц Ц.Цогтбаатар гэлтгүй, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр бид нар нэг үеийн сайн найз нар. Сая Дюссельдорфт медаль аваад гарч ирэхэд найз нар бүгд баяр хүргээд сайхан байсан. Ер нь энэ Дюссельдорфын медаль надад маш их урам зориг өгсөн. Найз нартайгаа хамт дэлхийн аваргад оролцох боломж олдвол сайхан барилдах юмсан гэж боддог юм. Үүний төлөө бэлтгэлээ сайн хийнэ.
-Дюссельдорфт урамтай сайхан барилдаанууд үзүүлсэн шүү. Бэлтгэл хэр байсан бэ?
-Бэлтгэл үнэхээр сайн байсан. Улсын аваргаас хойш бэлтгэлээ нэг ч удаа таслалгүй байсаар Дюсселдорфын “Их дуулга”-д оролцсон. Зөвхөн энэ тэмцээнд л зорилго тавьж бэлтгэлээ хийсэн. Би хувиараа тэмдэглэл хөтөлдөг юм. Түүнийхээ дагуу том зорилго тавьж, энэ тэмцээнд оролцсон. Магадгүй сайн барилдвал надад дэлхийн аваргад оролцох боломж гарч ирж магадгүй гэж бодсон. Тэгээд Германд очоод эхний хоёр тойрогтоо гайгүй өрсөлдөгч таараад ялсан. Гэхдээ өрсөлдөгчөө дутуу үнэлж байгаа юм биш.Эхлээд Гвиней-Бессаугийн Диого Цезар гээд бөхийг вазаригаар, дараа нь Алжирын Уайл Эззинег цэвэр ялсан. Харин шилдэг наймд шалгархын төлөө ДАШТ-ий хүрэл медальтай, дэлхийн чансааг тэргүүлж байсан Израйлын Таль Фликерийг торгуулиар ялсан. Энэ бөх өмнөх тойрогтоо Азербайжаны Орхан Сафаровыг хийстэл нь хөл тавиад үүрээд унагаасан. Ерөнхийдөө барилдааныг нь сайн мэднэ. Манай жингийн ах нартай бараг бүгдтэй нь барилдаж байсан. Балжаа багш чи үүрээг нь анхаараад л барилдчих. Угаасаа чибярдаад ялна гэж хэлсэн. Багшийнхаа хэлсний дагуу ажилласаар байгаад гурав торгуулиар ялсан. Аймаар хурдан хялаадаг залуу байсан. Түүний дараа нөгөө л ОХУ-ын Якуб Шамыловтой барилдсан. Үндсэн цагт хоёр торгуулиар хожиж явсан ч нэмэлт цагт хутгуулаад унасан. Харин торгуулийн тойрогт өнгөрсөн оны самбо бөхийн дэлхийн аварга, энэ жилийн Казахстаны улсын аваргад хүрэл медаль хүртсэн Ессет Куанов гээд их эвгүй барилдаантай залуутай барилдсан. Үндсэн цагт торгуулиар хожигдож яваад нэмэлт цаг эхлээд удаагүй байхад хутгаж үнэлгээ аваад ялсан. Харин хүрэл медалийн төлөө манай Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Д.Алтансүх ах нарыг бүгдийг нь ялаад байсан Молдавын Денис Вьерүтэй барилдсан. Энэ залуу сүүлд Парисын “Их дуулга”-д манай Н.Мөнхбаярыг ялж, цаашаа түрүүлээд байсан бөх. Түүнийг үндсэн цагт хоёр торгуулчихсан байсан. Тэгээд нэмэлт цаг дээр тохох гээд байгааг нь мэдэж байсан болохоор хариу мэх хийж ялсан. Ялчихаад их баярласан. Баярласандаа гаргасан үйлдлээ сүүлд нь бичлэгээр үзээд их ичсэн. /Инээв/
-Дараагийн зорилго юу вэ?
-Олимп, дэлхийн аварга болох зорилготой. Анхнаасаа л олимп, дэлхийн аварга болох зорилго тавьж, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Улсболд ах “Чи нэгэнт барилдах замыг сонгосон бол олимп, дэлхийн аварга болохын төлөө бүх зүйлээ дайчил. Хэрэв чадахгүй бол амьдралынхаа төлөө эртхэн өөр зорилго тавь” гэж хэлсэн. Ахдаа амалсныхаа дагуу өөртөө маш том зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна.Боломж гарвал Тбилис, Антальягийн аль нэг Гран Прид барилдах хүсэлтэй байгаа. Тэгээд тавдугаар сард насанд хүрэгчдийн цомын тэмцээн байгаа. Түүнд оролцож даагаа нэхье гэж бодож байна.
-Ингэхэд одоо хаана харьяалагдаж байгаа билээ?
-Би Үндэсний шигшээ баг болон “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байгаа. Дотоодын тэмцээнүүдэд “Хилчин” спорт хорооны нэр дээрээс барилддаг. Миний хүүхэд байхын бас нэг мөрөөдөл бол хилчин тамирчин болох байсан. Энэ мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдаг. Энэ завшааныг ашиглаад бүх шигшээгийн багш, дасгалжуулагчид, Монголын жүдо бөхийн холбооны хамт олон, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, “Кореа Оптикал” компаний захирал Гантөмөр ах нартаа баярлаж явдгаа илэрхийлье.
-Гэр бүлээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?
-Би Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат. Эцэг эхээсээ зургуулаа. Аав ээж маань дөрвөн банди, хоёр охин төрүүлсэн. Уг нь би Эрдэнэтэд төрсөн. Гэхдээ төрөөд л Завханд өвөө, эмээ дээрээ өссөн юм. Жинхэнэ өвөө, эмээгийн хүүхэд. Манай ах нараас Улсболд ах маань барилддаг аймгийн начин цолтой, цусны их эмч. Давхар бас миний сэтгэл зүйч /инээв/.
-Гэр бүлтэй болж амжсан уу?
-Үгүй ээ. Одоогоор болоогүй байна. Тодорхой хэмжээнд амжилт үзүүлсний дараа л тэр тухай бодно доо.
Ярилцсан спортын сэтгүүлч А.Түмэнбаяр