Хөгжлийн банкны удирдлагыг солихоор хэлэлцэж эхэлжээ

Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилготой Хөгжлийн банк өмнөх парламентын үеэс тэргэнцэр дээр суух болсон. Тус банкийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон гэмтнээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг нэрлэдэг.

Хачирхалтай тохиолдлоор эл банкийг Батбаяр нэртэнгүүд удирдах учиртай бололтой. Хэдийгээр тус банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат ажиллаж байсан ч эцсийн цэгийг хатгаж, үйл ажиллагааг нь удирдаж байсан хүн нь Н.Батбаяр хэмээдэг. Өдгөө эл банкны захирал Б.Батбаяр.  

Тэр бүү хэл, өмнөх Батбаярынхаа гаргасан мөрөөр нөгөөх нь алхаж мэдэхээр дүр зураг байгааг Тусгаар тогтнолын ордныхон шивнэлдэх болов. Зүй нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярын гараар өмнөхөөс дутуугүй гүйлгээ, зарцуулалт хийгдэж, баруун солгойгүй зарцуулагдах болсон гэнэ.

Яг л өмнөхтэй адил Хөгжлийн банкны гадаад дотоод томилолт, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ, зарим зардал зэрэг нь эргээд Б.Батбаяр захирлыг нөгөө ахынх руу айлчлахад хүргэж мэдэхээр байгаа аж. Тэр үнэрийг авсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардмагцаа тус банкийг зорьжээ. Улмаар тус банкны үйл ажиллагаанд шалгалт оруулж, 30 хоногийн дотор үр дүнг хэлэлцэхээ мэдэгдсэн. Татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, Хөгжлийн банкны өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл зэрэг чиглэлээр шалгалтын ажил хийгдэхээр болсон.

Түүнчлэн тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалттай үйл явдал тус банкинд ч бий гэх мэдээлэл бий. Тэр бүү хэл, мөнгөн дүн нь 950 сая төгрөгийн дэргэд нэлээн жин дарахыг ч хэлж байгаа юм. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банк хоёр чиг үүрэгтэй. Эхнийх нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, эсвэл улстөрчдийн лоббинд орсон уу” гэдгийг нягтална хэмээн хэлсэн бололтой.

МАН-д төрийн эргэлт гарч, өмнөх даргын ул мөрийг баллуурдаж, томилгоонуудыг өөрт ашигтай байдлаар хийж эхэлсэн. Иймээс Б.Батбаярын амттай суудалд тухлах дараагийн хүн хэдийнэ тодорсон гэсэн үг. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ “Менежмент хангалтгүй байна гэж үзвэл гадны менежменттэй болгох ажлыг судална” хэмээсэн нь тус банкны баг удирдлагыг шинэчлэхээр илэрхийлсэн үг хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.

Ямартай ч Хөгжлийн банкны удирдлагыг ойрын хугацаанд шинэчлэхээр Тусгаар тогтнолын ордонд яригдаж эхэлжээ.

                                                                                                                                                       Эх сурвалж: buzznews.mn