Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан хүмүүсийг суллажээ

Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байгаа Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт Ш.Мөнгөншагай болон шүүгч асан Л.Бямбаа нарын хэд хэдэн хүнийг АТГ-аас саатуусан. Гэвч Л.Бямбаа нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ нас барсан юм. Тэгвэл талийгаачтай хамт хоригдож байсан дөрвөн хүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Ингэхдээ прокурорын байгууллагаас  тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан ч хүлээж аваагүй аж. 

Юутай ч дээрх том ордтой холбоотой авлигын хэргээр саатуулагдаад байсан нөлөө бүхий хуульч нас барсанд манай хууль хяналтынхан төдийгүй томоохон улстөрчид цочирдож хүлээж авсан. Тэр дундаа зарим албан тушаалтнууд прокурор болон АТГ-ынхан энэ хэргийг шалгахдаа хариуцлага алдсан гэж үзэж байгаа аж. Энэ ч утгаараа зарим нь талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгож, буруутай албан тушаалтан нь хариуцлага хүлээсний дараа Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Дашрамд мэдээлэхэд сэжигтнээр татагдаад байсан шүүгч эмэгтэйн нас барсан шалтгаан эцэслэн тогтоогдоогүй ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хавтаст хэрэгт талийгаачийн хоригдож байсан өрөөг хянасан камерын бичлэгийг, түүний үлдээсэн гэх гурван цаас бүхий гэрээслэлийг эд мөрийн баримтаар хавсаргасан аж. Түүнчлэн ШШГЕГ-аас гэрээслэл гэж мэдэгдсэн цаас дээр талийгаач нь хүүгээ ямар ч буруугүй гэхээс гадна өөрийнх нь сэжиглэгдсэн хэрэгт холбоотой зарим мэдээллийг бичсэн байсан хэмээн мэдээлж байсан юм.