Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулждаг “Эко-Алтан Заамар” компанийн уурхайд осол гарч, уурхайн ажилчид амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Аврагчид ослын улмаас шороонд дарагдсан дөрвөн  хүний хоёрынх нь цогцсыг олж, гаргаад байгаа юм.  Тодруулбал, өчигдөр өдөр нэг иргэний цогцсыг гаргасан. Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоосон ажээ. МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханы хэлснээр “Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорынхон зөвшөөрвөл тодорхой хэмжээнд мэдээлэл өгнө” гэлээ.

Мэргэжлийн хяналтынхны тухайд ослын голомтод ажиллаж байгаа учраас шалтгаан нөхцөлийг нь нэгдсэн байдлаар дүгнэж мэдээлэх юм байна. Юутай ч урьдчилсан дүгнэлтээр, 80 орчим метрийн өндөр хана нурсан, талбайн хэмжээг 5400м2 гэж үзжээ. Үүнийг одоогоор газар хөдлөлтөөс болсон байх магадлалтай гэж тайлбарлаж байгаа. Учир нь хөрс цөмрөхөөс нэг өдрийн өмнө 22.45 цагт Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буюу осол болсон газраас 24 км-ын зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон эх мэдээллийг холбогдох абаныхан өгсөн билээ.