ЖДҮ хулгайлсан нэг гишүүний авсан тэрбум төгрөг дээшээ 150 см өргөөшөө 90Х90 см овортой болох ажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Хууль гаргаж хулгай хийхэд овор хамаагүй байх л даа!!!" хэмээн байрь сууриа илэрхийлжээ. Түүнчлэн ЖДҮХС 1993 онд байгуулагдсанаас хойш 26 мянга 454 төсөлд, 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлжээ. Гэвч түүнээс 18 хувь буюу ердөө 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон аж. Товчхондоо энэ баримтаас өнгөрсөн жилүүдэд 18 мянга 918 төсөл ЖДҮ-ийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй бүдэрсэн гэсэн үг юм. Иймээс зээл хүссэн авч чадаагүй иргэдийн төлөөлөл өнгөрсөн бямба гарагт болсон жагсаалд байр сууриа илэрхийлэхээр ирсэн басйн. Тухайлбал, тэдний зарим нь "Би 100 ажилтантай компанитай. ЖДҮХС-гаас зээл хүссэн ч олддоггүй. Одоо миний эхнэр хүүхдээс бусад нь банкны барьцаанд байна" гэсэн бол нөгөө хэсэг нь "ЖДҮҮЧИД бол хонины арьс нөмөрсөн чоно" гэцгээж байв.
ЖДҮҮЧдийг эсэргүүцсэн “Хэвтүүл” хөдөлгөөний зохион байгуулсан жагсаалд оролцогчид ийн байр сууриа илэрхийлэхийн сацуу бямба гараг бүрийн 11.40 цагт жагсана гэдгээ мэдэгдэж байсан. Иймээс ЖДҮҮЧдийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн хэн бүхэн ирж болно гэж байв. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир л гэхэд “Сүхбаатарын талбайд хууль бус зүйлийг илчилж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэсэн хүмүүс энд цугласан гэж бодож байна. Дэмжиж ирсэн хүмүүс олон байна. УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах жагсаалын үеэр Ж.Батзандан 6000 хүн ирсэн гэсэн. Бид зохион байгуулалтайгаар хүмүүсийг урьж авчраагүй учраас хэдэн хүн ирэхийг хэлж мэдэхгүй. Одоогоор 400 гаруй хүн ирсэн байх. Өнөөдөр бид мөнгөний цуглаан хийгээгүй. Энэ бол сэтгэл санаагаар дэмжиж, үнэт зүйлээ хамгаалах гэсэн ард иргэдийн цуглаан. Ард иргэдийг эвлэлдэн нэгдээд хууль зөрчиж байгаа эрх мэдэлтнүүдийг хуулийн өмнө хэвт гэж шаардана. УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн өмнө шалгуул гэдгийг жагсаалд ирсэн хүн бүр хүсч байгаа. Жирийн иргэд жилийн 20-30 хувийн зээл авч байхад эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүс гурван хувийн зээл авч байна. АТГ-ынхан ЖДҮХС-гаас зээл гишүүдийг шалгаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд бөөнөөрөө хамгаалаад үлдсэн. Төр гэдэг ард түмнээс үүсэлтэй. Ард түмэн тэднийг хуулийн өмнө хариуцлага хүлээгээсэй гэж хүсч байхад өөрсдийгөө хамгаалаад үлдэнэ гэдэг монголчууд буруу зүг рүүгээ яваад байгааг л харуулж байна” хэмээж байлаа. Түүнчлэн эсэргүүцлээ илэрхийлэхээр ирсэн жагсагчдын нэг нь Б.Төрбат. Тэрбээр “ЖДҮХС-аас зээл авах гэж хоёр удаа төсөл өгсөн ч шалгараагүй.Сүүлдээ танил тал байхгүй учраас дбанк судалж эхэлсэн. Сүүлдээ явсаар хамгийн хурдан шийдэх байх гээд ББСБ дээр очиж 4.8 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл дарга нар ажилтныхаа тоог голчлоод, жилийн нэг хувийн хүүтэй зээл авчихдаг. Тэр авсан зээлээ өөрсдийнхөө банк, ББСБ-аар дамжуулаад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хүүлж, мөнгө олдог” гэсэн юм.
Дашрамд мэдээлэхэд жагсаалд оролцогчид долоо хоног бүрийн бямба гараг бүр тайван жагсаал зохион байгуулж, ЖДҮ-чдэд хариуцлага тооцож, хэвтүүлтэл нь тэмцэлээ илэрхийлэх ажээ.