"Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрснөөс болж томоохон осол гарсан тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, уурхайн хөрс нурсны улмаас арав гаржй машин дарагдсан төдийгүй, жолооч нар амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн компанийн удирдлагууд дээрх явдлыг нуухын тулд тэнд байсан хүмүүсийн гар утсын хураасан гэх. Юутай ч энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Төв аймгийн Цагдаагийн байгууллагад 17.50 цагт дуудлага ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна" гэсэн тайлбар өглөө.
Түүнчлэн хоёр жилийн өмнө тус компанийн уурхайн талбай дээр мөн л нэг хүн амиа алдаж байсан. Тодруулбал, "тус компанийн удирдлагууд ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаагүй үедээ, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байх үед нь шөнийн 01:00 цагт хүн дайруулж нас барж байсан юм. Мөн энэ үеэ нутгийн иргэд тус компанийхан хайрга угаасан бохир усаа Туул гол руу шууд цутгаж байна гэсэн гомдол гаргаж байсан билээ.
Дашрамд мэдээллэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн оны наймдугаар сард Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийн холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргаж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ дүгнэлтийг үндэслэж “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүргийг өнгөрсөн сарын 16-нд холбогдох албан тушаалтнуудад өгч байсан. Улмаар Н.Цэрэнбат сайдын үүрэг болгосны дагуу БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Ашигт малтмал, газрын тосны газар болон Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нарт дээрх саналыг уламжилсан гэх ч энэ дуулиан удалгүй намжсан юм.
Бид уурхайд өнөөдөр босон ослын талаар эргэн мэдээллэх болно.