АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн эсэхийг шалгаж байгаа гэв

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч амиа алдсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал,  Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр нар мэдээлэл хийсэн. 

 

Хэргийн талаар Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр "2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00.15 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд ШШГЕГ харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан байсан 68 настай эмэгтэй нас барсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагыг хүлээн авч ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг санаатай алсан, захиалгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийж, бүх талаас нь тодруулж байна. Мөн эд мөрийн баримтаар тус хорих ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Камерын бичлэгт үзлэг шалгалт хийж байна. Талийгаачийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтуудыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогоор дүгнэлт гараагүй. Мөрдөн шалгах ажиллагааг бүх талаас нь бүрэн бодитой, хурдан шуурхай явуулах тал дээр анхаарч ажиллаж байна" гэсэн юм. 

түүнчлэн талийгаачийг АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хахууль авах, өгөх хэрэгт бүлэглэн оролцсон хэмээн 48 цаг саатуулсан. Гэвч тэрээр 48 цаг дуусахаас өмнө нас барсан бөгөөд холбогдох албаныхан нь түүнийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн. Харин ар гэрийнхэн нь үүнийг үгүйсгэж байгаа.  Иймээс талийгаачийн холбогдсон авилгалын хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдийг шалгаж байгаа эсэх талаар Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатараас тодруулахад "Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын албан хаагчдаас хариуцлага алдсан гэх асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан, холбогдох шалгалтын ажиллагааг нь хийж байна" гэсэн юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан. 

-Талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоогоогүй байгаа гэсэн үг үү?

-Шүүхийн шинжилгээний хүрээлэнд амь хохирогчид хийсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хэлэх боломжгүй.

-Талийгаач гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Тухайн гэрээслэлийг шинжлүүлэхээр шинжээч томилсон.

-Камерын бичлэг алдагдсан юм уу?

-Камерын бичлэгийг бид нар хэргийн газраас үзлэг хийхдээ эд мөрийн баримтаар хураан авсан.

-Энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нарыг шалгаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчин эрүүдэн шүүсэн, мөн ШШГЕГ-ын алба хаагчдаас ажлын хариуцлага алдсан хэрэгт холбогдох ажиллагаа хийж байна.