Ц.Амгаланбаяр: Албан хаагчид ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмж алдсан зөрчил илэрсэн

Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдаад байсан шүүгч эмэгтэй амиа алдсантай холбоотой ЦЕГ-аас мэдээлэл хийсэн бол үргэлжлүүлэн ШШГЕГ-аас мөн мэдээлэл хийв. ШШГЕГ-ын даргын хэлснээр дээрх хэрэгтэй холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр ангийн даргыг ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч, давхрын харуул хамгаалалтын ажилтан дүрс бичлэгийн ажилтан нар ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга хяналтаа сулруулсан зэрэг зөрчил илэрсэн.

Хорих 461 дүгээр анги улсын хэмжээнд үйлдсэн гэмт хэрэгт цагдан хоригдож байгаа бүх хүн очдог том анги. Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан алба хаагчдад ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хариуцлага тооцсон. Тухайлбал 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэлээ.

 Хэрэг гарах үед цагдан хорих 461 дүгээр ангийн дарга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд ШШГЕГ-аас “Хэргийн газрын үзлэг хийхэд ангийн дарга цагдаа, прокурорынхонтой хамт байсан. Хэрэв согтуу байсан бол тэд согтуу байна гэдгийг нь хэлэх байсан болов уу гэж бодож байна” гэсэн хариулт өгсөн юм.