ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон 16 гишүүнтэй хуулийн хариуцлага тооцох хүртэл нь тэмцэнэ

Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийг эсэргүүцсэн залуус “Сошиал жагсаал”-ыг  өрнүүлжээ. Цахим орчинд үзэл бодлоороо нэгдсэн залуус их хэмжээний зээл авч, авлигын хэрэгт холбогдсон улстөрчдөд ял оногдуулах хүртэл нь тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Мөн тэгдгээр залуус цахим орчноор хязгаарлагдахгүйгээр “Хэвтүүл” хөдөлгөөнтэй нэгдэж ирэх гуравдугаар сарын 2-нд болох жагсаалд нэгдэхээр болжээ.

Энэ тухайгаа тэд өнөөдөр мэдээлсэн бөгөөд хэвлэлийн хурал зохион байгуулагчид “Өнөөдрийн байдлаар УИХ-ын 16 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас их хэмжээний зээл авсан нь баримтаар нотлогдоод байна. Монгол Улсад хүн бүр хуулийн өмнө эрх тэгш эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдөр эсрэгээрээ хууль үйлчилж байгаад гомдолтой байна. Үүнийг шударга бус гэж үзсэн учраас эрхийнхээ төлөө “Сошиа жагсаал”-д нэгдлээ” гэсэн юм.

Түүнчлэн дээрх хөдөлгөөнийг өрнүүлсэн залуус ЖДҮС-гаас зээл авсан улстөрчид найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж үзэж буйгаа онцолсон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл ангид “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.