ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид авлигын хэргээр шалгуулж байсан сэжигтэн амиа хорлож нас барьсан. Энэ асуудалтай холбоотойгоор ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Дамдинцэрэн мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хорих ангийн дотоод журам цагдан хорих дотоод журамд биечилсэн хяналт тавьдаг. Тухайн хэрэг гарах мөчид ээлжийн хамгаалалтынхан бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хэрэг гарснаас хойш албаны дотоод хяналт явж байна. Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандсан эсвэл сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өрөө бүрт хяналтын камер байдаг. Манай харуулын ажилтан 20-30 камерын төхөөрөмжид зэрэг хяналт тавьдаг. Байршуулсан камер өрөөг бүхэлд нь харах боломж хомсхон байдаг. Түүнчлэн цагдан хоригдож буй этгээдийг цагдан хоригдох дотоод журамд зааснаар өөрийн өмсөж буй тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Уг хэрэг бямба гарагийн орой 21.40 цагийн орчимд гарсан. Камерын бичлэгт талийгаачийн сэтгэл санааны байдал анхаарал татахаар зүйл байгаагүй” гэсэн байна.
Дашрамд мэдээлэхэд талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байсан бөгөөд тэрбээр нас барахаасаа өмнө гурван хуудас гэрээслэл бичиж үлдээсэн гэсэн мэдээлэл байгаа юм.