ШШГЕГ-ын даргыг ажилчиддаа тоглолтын тасалбар шахаж байх зуур хорих ангид хүн нас барчихлаа

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид, 2014 оны тавдугаар сард харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, Газрын  тосны газрын дарга асан Д.Амарсайханыг “Петрочайна Дачин Тамсаг” компанийхантай нийлж мөнгө угаасан хэрэгт сэжиглэн, шалгаж байх үед тэрээр нас барсан. Уг нь түүний бие муу байгаа гэдгийг талийгаач өөрөө ч, өмгөөлөгч нь ч, ар гэрийнхэн нь ч хэлж байсан юм билээ. Гэвч талийгаач хорих ангид эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар амьсгал хураасан харамсалтай явдал болж байв.  

Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид бас нэг хүн нас барлаа. Уг нь талийгаач Л.Бямбааг авлигын томоохон хэрэгт хамжигчаар оролцсон байж болох нөхцөл байдал илэрсэн учраас АТГ-аас цагдан хорьсон. Гэвч талийгаач хорих ангид амиа хорлсон байдалтай олджээ. Үнэндээ сая тохиолдсон энэ явдал ч өмнө нь тохиолдож байсан тэр явдал ч ШШГЕГ-ын удрдлагуудтай шууд холбоотой. Учир нь хууль хяналтынхан ямар нэг хэрэгт сэжигтнээр татагдан шалгаж байгаа хүнээ тодорхой хамгаалалтад байлгахын тулд түр саатуулдаг. Хамгаалалт гэдэг нь тухайн сэжигтэн шалгуулж байх үедээ өөр ямар нэг хууль бус үйлдэл хийж магадгүй нөхцөл байдал бий болж мэдэх учраас түүнээс нь сэргийлж таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Гэтэл хуулийн дагуу тодорхой эрхээ хасуулж нэг ёсондоо төрийн хамгаалалт дор хоригдож байсан хүн харамсалтайгаар амиа алдлаа. Бас талийгаач хуульч хүн байсан. Салхитын мөнгөний орд гэх томоохон дуулиантай холбоотой асуудлын цаад но-г мэдэж байсан байж болох гэдэг утгаараа түүний амиа хорлолт маш олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Нөгөө талаас энэ үйл явдлаас манай хорих ангийн нөхцөл байдал сул, үүнийг дагаад тэнд хоригдож байгаа хүмүүс төрийн хамгаалалтад бүрэн орж чаддаггүй, цаашлаад амьд явах баталгаагүй болсон байна гэдэг үнэхээр харамсалтай. Иймээс энэ байгууллагыг удирдаж байгаа хүмүүст ч хариуцлагын асуудал давхар хөндөгдөх ёстой.

Үнэндээ сүүлийн үед ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяртай холбоотой таагүй мэдээлэл их гарах болсон. Энэ нь мань хүн ажилчдаасаа хувцасны мөнгө гэж сар бүр хурааж, түүнийгээ ХААН банкинд хадгуулдаг гэсэн мэдээллийг хамт олон нь хэлж “Бид цэргийн хүмүүс, тушаалаар байдаг учраас энэ талаар тодорхой ярих боломжгүй” гэж байлаа. Гэтэл тэрбээр хэдхэн хоногийн өмнө дахин хамт олноо бухимдуулсан нь ажилчиддаа тоглолтын тасалбар шахсан гэх явдал. Ингэхдээ тэрбээр ирэх сарын 2-ны өдөр “UB palace”-д болох яруу найрагч бүсгүйн 25000 төгрөгийн өртөгтэй тоглолтын тасалбарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа байгууллагуудын ажилчдад хүчээр шахаж, албан хаагчдын цалин дээрээс 25000 төгрөг хураахаар болсныг салбарынхныхан нь хэлж бухимдаж байлаа. Харамсалтай нь эрхэм даргыг хамт олондоо ийнхүү тоглолтын тасалбар шахаж, ажилчдынхаа цалин дээрээс хувцасны мөнгөний хуримтлал гэж ХААН банкинд хадгалуулж байх зуур хорих ангид авлигын маш том сүлжээний “архив” байж мэдэх хүн амиа хорлочихлоо. Үнэхээр харамсалтай. 

Иймээс л энэ явдалд ямар тайлбар өгөх вэ Ц.Амгаланбаяр дарга аа гэж асуумаар байна. Бас ХЗДХ-ийн сайдад "Энэ байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэдэг нь өнөөдрийн дуулианыг намдаах гэж дарга нарыг нь халаад олон нийтийг мартсаны дараа дахин албан тушаалд тавих явуургүй арга биш юм шүү. Иймээс ажлаа мэддэг, чаддаг, шинийг хийдэг санаачилдаг, хэн нэгэн улстөрч, намын халаасанд ороогүй хүмүүсээр салбартаа шинэчлэл хийгээрэй" гэдгийг сануулах байна. Эс тэгвэл таван жилийн өмнө хорих ангид хүн нас барсан харамсалтай хэрэг, сая хүн нас барсан харамсалтай хэрэг давтагдсаар байж мэдэх юм шүү. 

Ц.Амгаланбаяр даргын ажилчиддаа шахсан тоглолтын тасалбар