АТГ: Салхитын мөнгөний орд тойрсон авлигын хэрэгтэй холбоотойгоор талийгаач шүүгчийг сэжигтнээр тогтоон саатуулсан

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр хоёрдугаар сард хийсэн ажлын талаар мэдээллийг өглөө. Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга эрхэлсэн комиссар З.Баасанням, Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

Өнөөдрийн хурлын тухайд анхаарал татсан асуудал нь АТГ-т шалгуулж байсан шүүгч асан Б Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа амиа хорлосон эмгэнэлтэй явдал болсон. Иймээс авлигын хэргийн хамсаатан байж болзошгүй гэх асуудлаар шалгуулж байгаад амиа хорлосон байж болзошгүй хэргийн талаар сэтгүүлчид тодруулсан.

Энэ асуудалд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачийг сэжигтнээр тогтоон, 48 цагийн хугацаатай саатуулсан байсан. Хээл хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт шалгаж байсан. Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, баримтууд хураасан. Тухайн хүнийг сэжигтнээр баривчлан 461 дүгээр ангид саатуулан шалгах явцад ийм харамсалтай явдал болсон. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж байгаа учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд 48 цагийг хэтрүүлсэн асуудал байхгүй. Цаг хугацаагаар хянагдсан хуулийн дагуу явсан" гэсэн юм. 

Улмаар дээрх мэдээллүүдийг өгсний дараа  Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Талийгаач шүүгчийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?

-Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Тус хэлтсээс Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани болон ашиглаж байсан ашиглагч нарын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагын хууль сахиулагчид тухайн маргааныг шалгаж байх явцад ихээхэн мөнгөн хөрөнгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй үндэслэл тогтоогдоод энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48 цагийн хугацаагаар баривчилсан байсан. Мөрдөн шалгах байгууллагаас талийгаачийн гэр, ажилд нь нэгжлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хурааж авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас сэжигтнээр баривчлаад 48 цагийн хугацаа нь дууссаны дараа авахаар очиход ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөх байх.

-Талийгаачийг саатуулаад хэр хугацаа өнгөрсөн байсан бэ?

-Талийгаачийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө баривчилсан. 48 цаг саатуулах хугацаа дуусаагүй байхад хэрэг явдал гарсан. Талийгаач амиа хорлосон уу эсвэл гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Манайхаас нас барсан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн талаар мэдээлэл өгөөч?

-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Энэ хүмүүсийн албан үүргийг түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Үргэлжлүүлэн шалгана.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яг үндэслэлээр шалгаж гэрчийн мэдүүлэг авсан бэ?

-Ерөнхийлөгчийн Прокурорын байгууллагад өгсөн материалтай холбогдуулан Таван толгойн хэрэгт нэгтгэн шалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.