ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдоод байсан шүүгдэгч Л.Бямбаа амиа хорложээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь өөрийнхөө хувьцаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн бөгөөд тэрбээр авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулж байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгуулж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан аж. Мөн талийгаачийн хүү нь шүүгчээр ажилладаг гэх мэдээлэл байна.
Талийгаачийн хувьд хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон.2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа "Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байсан ажээ.
Ажилласан байдал:
- 1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,
- 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,
- 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,
- 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,
- 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,
- 1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,
- 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- Одоо МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд гэрээт багш,
- Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрч
- "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ