Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд Засгийн газраас шалгалт хийнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Тэрбээр Засгийн газраас Хөгжлийн банкинд хийх хяналт шалгалтын удирдамжийг танилцуулсан бөгөөд шалгалтыг 30 хоногийн дотор хийх, үр дүнг нь 14 хоногийн дотор танилцуулах үүргийг өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодод гаргасан бонд, батлан даалтын эргэн төлөлтийн байдал, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, хяналт шалгалт, зээлийн эргэн төлөлтийн төвшин, Хөгжлийн банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл, Хөгжлийн банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэх талаар, харилцах данснаас зарцуулсан мөнгөний баримтын бүрдэл, хууль эрх зүйн үндэслэл, зарцуулалт, үр дүн, тайлан гаргалт, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, хөрөнгө оруулалтын үр өгөөж гэх мэт чиглэлээр шалгалт хийнэ. Монголбанк ажлын хэсэг гараад Хөгжлийн банкинд шалгалт хийхээр очсон боловч Хөгжлийн банкнаас бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн. Тиймээс Засгийн газраас шалгалт хийх ёстой гэж үзсэн. Ажлын хэсэг бусад ажлаасаа нэлээдгүй хугацаанд чөлөөлөгдөж, энэ ажлаа хийнэ. Чингис, Самурай бондын эргэн төлөлт ямар байгаа, энэ зээлийг олгоход улс төрийн нөлөө орсон эсэх гэх мэт асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хөгжлийн банкны ТУЗ-өөс өгч байгаа мэдээллээр зарим чанаргүй зээл хугацаа сунгах санал тавьсан" гэсэн.