Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас Зайсанд байрлах KFC түргэн хоолны сүлжээ газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам энэ талаар мэдээлэхдээ “Манай газраас агентлагийн даргын өгсөн үүргийн дагуу хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэдийн хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж ажилласан. Халдвар гарснаас хойш 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 44 хүний 24 нь хүүхэд бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 14 хүний 11 хүүхэд, гурав нь том хүн байна. Мөн хоёрдугаар сарын 18-ны өдөр KFC Зайсан дахь салбараар үйлчлүүлж хоолны хордлого авсан хоёр хэрэглэгчээс манайд хандан “Хохирлыг маань барагдуулж өгөөч” хэмээн гомдол гаргасан. Манай байгууллагын зүгээс “Таван богд фүүдс” компани иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаатай танилцаж, тайлбар авахаар дуудаад байна. Өнөөдөр тус компанийн удирдах албан тушаалтнууд ирж тайлбар өгнө” гэв.
Дашрамд мэдээлэхэд энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийхдээ эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, тандалтаар дээрх өвчний клиник шинж тэмдэг, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр хоол үйлдвэрлэлийн хэсгийн ажилтнаас авсан нян тээгч илрүүлэх шинжилгээний дүнгээр цусан суулга халдварт өвчний нян илэрч, хоол хүнсээр дамжсан хоолны хордлогот халдварт болсон гэж дүгнэсэн. Мөн дээрх хоёр ажилтнаас илэрсэн нянгаас дахин нян тээгч байсан уу, цочмог хэлбэрээр өвчилсөн өвчтөн байсан уу гэдгийг шалгаж тогтооно. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажиллагсад зургаан сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. Шинж тэмдэг илрээгүй ч шулуун гэдэсний арчдаст нь цусан суулга халдварт өвчний нян илэрсэн. Цаашдаа нян тээгч үү, шинээр өвчилсөн үү гэдгийг тогтооно хэмээн мэдээлж байсан юм. Гэвч одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Харин "Таван богд фүүдс" ХХК хордсон иргэдээс уучлалт гуйсан мэдэгдэл гаргасан юм.