"Оюутолгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-ноос тус компани ажилтнуудын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл цалинг олгохгүй байгаа хэмээн дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тус компанийн ҮЭХ-ны дарга Ц.Дэлгэрхүүгийн хэлснээр "Оюутолгой" компани нь АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр 2017 оны зургаадугаар сарын 24-нд Өмнөговь аймагт байрлах уул уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй ажилчдын ажлын байранд дахь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэсэн ажээ. Тус институтээр нийтдээ 90 ажлын байрны 329 ажилтны хөдөлмөрийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэжээ. Уг үнэлгээний тайланг үндэслэн "Оюутолгой" компани 200 гаруй ажилтныхаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл буюу үндсэн цалингийн 13 хувийг 2017 оны зургаадугаар сараас хойш олгохгүй байгаа аж. Иймээс ҮЭХ-ныхон тус компанийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж, тайлбар авах гэсэн ч Монгол Улсын хууль, тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарласан ажээ. Иймд ҮЭХ-ноос хөдөлмөрийн маргаан үүсгэж, хөдөлмөр зуучлалын хуралд дуудсан ч "Оюутолгой" компанийн төлөөлөл оролцоогүй байна. Улмаар зуучлагч томилсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. бөгөөд эл асуудалтай холбоотойгоор нэг ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээллийг өглөө.