ЗТХЯ: Хувиараа таксинд явж байсан иргэдийг 100.000 төгрөгөөр торгох ажлыг зогсоолоо

Засгийн газрын Хэвлэлийн албанаас дөнгөж сая  "Хувиараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлсэнийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Учир нь Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран, удирдамжийн хүрээнд хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байсан юм. Улмаар  Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцож байсан бөгөөд өчигдрийн байдлаар зургаан иргэнийг тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгосон юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм.