Д.Урианхай: Анд Б.Лхагвасүрэнд СҮҮЛЧИЙН ХУНДАГА...

Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай
Анд Б.Лхагвасүрэнд

(реквием)


Гэрийн тоонон дээгүүр 
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!.. 
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас 
Ам жишилж байгаа шиг 
Хороож барагдахгүй,-
Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн 
Амсараа халин мэлтгэнэх,-
Сүүлчийн хундага!..

II 
Гал залгисан мэт түлэх
Сүүлчийн хундага!
Газраа үүрсэн мэт ядраах
Сүүлчийн хундага!
Уухад ч гачлантай гашуун,
Болиход ч гачлантай гашуун,
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгаа отголохынхоо янар хундагалуулж
“Цугтаа ууж байна!” гэж “бясалгасан”,-
Цус шиг нь буцламгай,
Цөс шиг нь омогшимтгой,
Сүүлчийн хундага!

III
Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдав ч
Хацар шир – шир зүсэх нь ч,
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь ч,
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс – няс мөргөм тамлах нь ч 
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд 
Босоо төрж,
Бодлын цагаан арслан болж үсрэн
Монголоо доргион хүрхэрсэн,
“Агуу” хэмээхэд дэндүү наанадах,
Алдарын титэмүүд нь ч дэндүү цөөдөх,
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээ
Хүний гараар бус Бурхадын мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагацахад
Үлэмжийн баян Дэлхий
Юутай хоосон!..

IV
Зэлний хоёр унага шиг налалцаж,
Зэрэгцээ хоёр хайрхан шг ханхайж,
Тэрэгний буулга шиг эртний, 
Тэнгэрийн хэл шиг энгийн, нууцлаг,
Амгалангийн орон – Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа, чи бидэн!
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ ч,
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн 
Галбараасан байлаа, чи минь!..
Ард зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь, миний найзаа,
Мөнх бус орчлонд мөнх ч 
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам 
Од, мичид шиг тодрох нь 
Олон давтагдахгүй түүх биз ээ!..

V
Очих газар чинь ойрхон, - Тэнгэр ч,
Орох үүд чинь дэлгээтэй, - Диваажин ч,
Битгий тэнд их удаарай,
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо,
Билүү чулуу нь зөөлхөн “Өнжүүл”-дээ,
Хурдан буцаад ирээрэй,
Хурмастад даатгаж, уйлж гуйяа, найз нь!..

2019.02.12-15
Алтан тэвшийн хөндий