KFC: Бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байсан тул бүх салбарыг хаахаар болжээ

Зайсан дахь “KFC” сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэн ХӨСҮТ-д хандаж эмчилгээ хийлгэсэн. Гэвч хордсон иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар л гэхэд ХӨСҮТ-д 40 гаруй иргэн хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Гэтэл энэ дуулиан намжаагүй байхад Төв номын сангийн ойролцоох “KFC”-ийн салбараар үйлчлүүлсэн гэр бүлийн таван хүн хордсон талаар мөн яригдаж байна.

Эдгээр хүмүүс ойр ойрхон цусархаг гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах гэсэн эмнэл зүйн шинжтэй байгаа аж. Хохирогчдын өгсөн мэдээллээр тэднээс цусан суулга өвчин үүсгэдэг нян илэрсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Цусан суулгаар үүсгэгдсэн нянгаар халдварласан хүн эмчилгээгээ дутуу хийлгэвэл “Эрүүл нян тээгч” болох эрсдэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, өөрөө өвдөхгүй хирнээ бусдыг өвчлүүлээд явдаг. Эдгээр хүмүүс эмнэлгээс гарсан хойноо гурван сарын турш эмчийн хяналтад байж сар бүр шинжилгээ өгөх ёстой аж.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авсан шинжилгээний хариу хэрхэн гарсан талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралд танилцуулжээ. НМХГ-аас "Зайсангийн KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар хийж бичүүлсэн байсан. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактеритай байжээ. Өнөөдрөөс бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бүх салбарууд нь хаана " гэх мэдээллийг өгчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 15.00 цагаас өгөх юм байна.